зүрх дуулна ... ганцаардал эхний бадаг, гуниг удаах бадаг, уйтгар дахилт нь ... ганцаардаагүй, гуниглаагүй, уйтгарлаагүй зүрхнээс гарах дуун ... магадгүй урд хожид хэзээ ч байгаагүй жаргалтай зүрх ... гэсэн ч дуу нь энэ ... ганц өдөр ч болтугай мансуураагүй, өөрөөрөө байсан зүрхний дуу ... магадгүй өөрөөрөө байна гэдэг нь худлаа ч байж болох, магадгүй тэр мансуурсан зүрх жинхэнэ өөрөө ч байж магад ... юутай ч байгаа л зүрх нь энэ ... зүгээр л, жаргалын дуу мэддэггүй болоод, жаргалтай зүрх юу дуулдагийг сураагүй болоод л тэр ... жаргасан ч, гунисан ч аль ч тохиолдолд мэддэг ганцыгаа л дуулах ... товчдоо мэдрэмжгүй, эсвэл хөндий, эсвэл хоосон, эсвэл эсвэл эсвэл ... зүгээр л гунигийн дуу аялсан зүрх ... баярласан зүрх заавал хөгжилтэй дуу аялах ёстой гэж хэн хэлээв? эсвэл гунисан нэгэн заавал харанхуйн тухай дуулна гэж бас хэн нь айлдаав? цаг үргэлж, аль ч тохиолдолд, зөвхөн ганц л байдалтай, ганц л мэдрэмжтэй ...
- чи яагаад хvмvvс рүү эгцэлж хардаггүй юм бэ?
- би хардаг
- гэхдээ олонхи руу нь чи хардаггүй. жижиг, том нүднээсээ болоод уу?
- би духан дээрээ нүдтэй байсан ч хамаагүй
- тэгээд яагаад?
- тэр "олонхи" турьгүй санагдаад
- нүд рүү эгцэлж харахад хүч ямар хамаатай юм бэ?
- тэнд байгаа гунигийг даахад
хvн энэ амьдралыг туулж өнгөрvvлсэн ч /vхсэн ч/ амьдрал дуусдаггvй, арай өөр орчинд, арай өөр маягаар vргэлжилдэг /хойд нас, ахин төрөлт/ гэх ... тэгэхээр амьдрал нь vе давдаг тоглоом ч юмуу? тэгвэл би яг одоо байгаа энэ "амьдрал" гэдэг vеийг алгасмаар байна ... дараагийн vе нь ямар ч байх бай, энэнээс долоон дор ч бай /тийм байх нь юу л бол. энэ л хамгийн новшийн vе нь гэж мэджийнэ, мэдэрчийнэ/ би нэг том харайгаал энэ тэнэг vеэс салмаар байна ... анх намайг энд авчрахдаа хэн ч, юуг ч надаас асуугаагvй ... "чи амьдрал гээч шалбаагт нулимсанд халтартсан нvvртэйгээр, нусны алчуур хайхаар бvх насаа vрэхийн тулд ирэхийг хvсэж байна уу?" гэж хэн ч асуугаагvй ... болоогvй, vvнийхээ дараа vvрэг, хариуцлага энэ тэр гэсэн миний огт гуйгаагvй зvйлсийг бас л өөрсдийн дураар "бэлэглэсэн" ... тэгээд эцэст нь хаяад явах эрхийг минь хязгаарлаад байхын ... "миний амьдрал" гэж хий хоосон цээжээ дэлдэхээс vнэндээ энд "миний" гэх зvйл юу ч байхгvй ... бvгд "тvvнийх", "тvvний мэдлийнх" ... "тэр" гээч нь хэн ч, юу ч юм чөтгөр бvv мэд ... зvгээр л явмаар. надад ямар ч ачаа тээш хэрэггvй. угаасаа энэ утгагvй шалбаагнаас аваад байх ч зvйл байхгvй. ирэх, авах сонголт өгөөгvй байж далдраад өгөх эрхийг нь өгчихөж чаддаггvй нарийндаа хатсан новшийн ... ! маргаашийг чөтгөр аваг, нөгөөдрийг ч, тэрний маргааш, тэрний маргаашийг ч ... өнөөдөр өчигдрийн маргааш, тэхээр өнөөдрийг ч бас ... ер нь "vлдсэн" бvх өдөр хоногуудыг чөтгөр нь аваад хараалтайгаа холиод идэг ... идээсэй билээ ... би халбагадаад өгье
Намайг гомдоосонд нь биш. Намайг чадсанд нь ч биш. Эсвэл харамссандаа ч биш. Зүгээр л, энэ муу амьдралын өмнө өөрийнхөө сул доройг мэдэрсэндээ, бас намайг өөрөө өөрийгөө ингэж мэдрэх хэмжээнд хүргэсэнд нь амьдралд бачууран, бас шаралхсандаа хэдэн дусал нулимс унагасан. Толгойгоо өндөрт өргөн, бардмаар нулимсаа урсган байхад минь шооч амьдрал намайг тавлан инээхэд нь, энэ чамаас болоогүй, урдаас салхилах салхинаас болж нүд минь хорссоноос гарч байгаа нулимс гэж хэлэхэд тэнэгшээр амьдрал хэлсэнд минь итгээд, өөрөөс нь илүүг чадсан салхийг занан гар зангидсан. Хэдийгээр би түүнийг хуурч чадсан ч өөрийгөө бол үгүй. Би өөрөө хямдхан хүн. Тэгэхээр, надаас гарах тэр хэдхэн шорвог дусалд юуных нь үнэ цэнэ байхав дээ. Ямар ч хэрэггүй, үнэд хүрэхгүй зүйл байж яах гээд ар араасаа цувраад байгаа юм бэ гэж би нулимсаа загнасан. Харин тэр гомдохдоо, ахин гарахыг хүссэн. Гомдомхой нулимсныхаа үглэхийг үл хэрэгсэн би орхин одсон. Би "утга учир" гэдэг юмаа төрөхдөө л гээчихсэн. Тиймээс миний амьдралын утга учир гээч нь тэрхүү гээгдсэн "учир утга"-г олоход байгаа ч юм шиг. Харин тэр нь надад огтхон ч хэрэг болохгүйг сая л мэдрэх шив. Түүнийг нь оллоо гээд би яахав??? "Амьдралаа, би чамд хайртай" хэмээн цээж дүүрэн, ам бардам хэлэх нэгэнд атаархах сэтгэл төрөвч, бас тэрхүү хайраасаа хэзээ нэгэн цагт салах болоход төрөх харууслыг би мэдрэхгүй гэхээс бяцхан гунигт инээмсэглэл нүүрэн дээр бүжнэ.
... ахиад л өнөөх утга учиргvй, ашиг тус, алдаа харуусалгvй тэнэглэлvvд ... хичнээн ч дахин давтсан тvvнээс хашрана гэж байхгvй ... магадгvй харамсал төрдөггvй болоод, эсвэл ямар нэгэн алдаа биш зvгээр л нэг тэнэглэл болохоор нь давтаад байдаг ч юм шиг ... гэхдээ энэ тэнэглэлvvдийн хаа нэгтээ би биш ч өөр хэн нэгэн шаналж, басхvv гомдсондоо vзэн ядаж суудаг л байх ... гэсэн ч тэр нь би л биш юм чинь гэх аминч бодол толгойд орж ирнэ ... ... ганцхан надад л тархи байдаг, зөвхөн би л бодож чаддаг гэж сэтгээд байдгийн болуу ... vvр цайтал, сар гартал юуг ч юм, эсвэл бvр юу ч бишийг бодсоор л ... бодсоор л ... хэзээ ч, хэнд ч хэрэг болохгvй байх магадлал асар өндөртэй зvйлсийн тухай бодсоор л ... хэтэрхий олон бодлуудаасаа залхах ч, бас тvvнгvй бол бусад бvхий л зvйлсээс залхах ... тиймдээ ч эргээд л бодол дээрээ ирнэ ... тиймээс ч ер нь бvрэн төгс ганцаардлыг хvсдэг ч тийм байж чадаагvйм шиг ... миний дотор хэтэрхий том орон зайг эзлэх болсон бодлууд маань надаас хамааралгvй, тусдаа нэгэн болж хувирсан шиг ... тэгээд л би ганцаардлыг хайдаг ч олж чадаагvйдээ гомдон, ганцаардлыг олж чадаагvйн хамгийн том шалтгаан болсон бодлынхоо мөрийг тvшин гуниглана ... гэхдээ би тvvнийг vзэн яддаггvй ... ... би ээжийгээ баярлуулж, боловсрол олж авч, ажил хийж, хэн нэгэнтэй хамтран амьдрал зохиож, хvн шиг амьдрахын тулд төрсөн гэж өөртөө итгvvлэхийг оролддог ч ... /гэхдээ тэр" хvн шиг" амьдрал гэдэг нь юу болохыг одоо ч ойлгоогvй байгаа хэдий ч/ ... бодол минь надад "чи ердөө vхэхийн тулд л төрсөн" гэж бvхий л биеэр минь нэг шивнэнэ ... итгэхийг хvсэхгvй ч тэр шивнээ аажим аажмаар хашгираан болон хувирч, тэр чигээрээ би тvvнд уусаад байх шиг ... тэгсэн хирнээ энэ уусалт маань надад таалагдаад ч байх шиг ...
Нарийхан зам ... Би ганцаараа л ... Зам дээр таарах хэн нэгийг хараад сэтгэл минь догдолсондоо бүхий л бие минь салганан чичирдэг байсан одоо нэгэнт үгүй болжээ. Хэн ч байсан нэгэнтээ л надтай тэр замаар зэрэгцэн алхаж чадахгүй гэдгийг аль эрт ойлгосноос тэр мэдрэмж үгүй болж. Хамт алхах сонирхол минь ч устаж ... Ганцаардалдаа дасч эхлээ юм болов уу даа ... Төрснөөсөө хойш амталж ирсэн амтанд дасахаас ч яах билээ ... ... Ингэж л явах ёстойгоо ойлгоогүй тэртээх хэдэн жилд ганцаардлаасаа дайжих гэсэндээ царай алдан тэнүүчилж явсан цаг үеэ дурсахуйяа өрөвдөлтэй ... Хэтэрхий нарийхан зам дээрээ хэн нэгэнтэй ханьсах гэсэндээ хичнээнийг нь ч замын хажуу руу алдаж, өөртөө л гуниг нэмээв дээ ... ... Хэт нарийхан замтайдаа гомдож тунирхсандаа бурханг занаж байсан ч юуг ч өөрчилж чадахгүйгээ ойлгон, харин ч хэн нэгэн хүмүүнийг өөрийн замдаа оруулснаарх зовлонг мэдрэхгүйдээ баясах сэтгэл төрөх болж ... Харин хэн нэгний нэмэх байсан баяр баяслын тухайд өчүүхэн ч харамсал төрөхгvй байгаа нь ганцаардалд минь баяр хөөр зохихгүй, тэд хоорондоо авцалдахгүйд байсын болуу даа ... ... Нарийхан замд минь хааяахан л хэн нэгэн зогсч таардаг ... Эхэн үедээ тэдэнтэй цөөн ч болов хормыг хамт өнгөрөөх гэсэндээ өөрийн болон өрөөлийн цагийг баран зогсдог байж ... Харин одоо замаасаа унчихалгүй хурдхан зөрөөд, эргэж ч харалгүй замаа хөөхийг хүсэмжилнэ. Угаас би эргэж харах дургүй ... Тэртээ холоос миний санахыг хүсээгүй бvхэн ханхалдаг учир би эргэж харах дургүй ... ... Нарийхан, гунигтай, ганцаардмал, манан дундах саарал зам минь нэг л өдөр төгсгөлдөө хүрнэ ... Харин ... харин тэр цагт би замынхаа төгсгөл дээр зогсоод, мартах шахсан инээсэглэлийг төрхөндөө тодруулах болно. Магадгүй тэр цагт манан арилж, би шувууд жиргэхийг сонсон, цэлмэсэн тэнгэр рүү хараад байхгүй бурханд баярлалаа гэж хэлэх ч юм билүү ...