Нарийхан зам ... Би ганцаараа л ... Зам дээр таарах хэн нэгийг хараад сэтгэл минь догдолсондоо бүхий л бие минь салганан чичирдэг байсан одоо нэгэнт үгүй болжээ. Хэн ч байсан нэгэнтээ л надтай тэр замаар зэрэгцэн алхаж чадахгүй гэдгийг аль эрт ойлгосноос тэр мэдрэмж үгүй болж. Хамт алхах сонирхол минь ч устаж ... Ганцаардалдаа дасч эхлээ юм болов уу даа ... Төрснөөсөө хойш амталж ирсэн амтанд дасахаас ч яах билээ ... ... Ингэж л явах ёстойгоо ойлгоогүй тэртээх хэдэн жилд ганцаардлаасаа дайжих гэсэндээ царай алдан тэнүүчилж явсан цаг үеэ дурсахуйяа өрөвдөлтэй ... Хэтэрхий нарийхан зам дээрээ хэн нэгэнтэй ханьсах гэсэндээ хичнээнийг нь ч замын хажуу руу алдаж, өөртөө л гуниг нэмээв дээ ... ... Хэт нарийхан замтайдаа гомдож тунирхсандаа бурханг занаж байсан ч юуг ч өөрчилж чадахгүйгээ ойлгон, харин ч хэн нэгэн хүмүүнийг өөрийн замдаа оруулснаарх зовлонг мэдрэхгүйдээ баясах сэтгэл төрөх болж ... Харин хэн нэгний нэмэх байсан баяр баяслын тухайд өчүүхэн ч харамсал төрөхгvй байгаа нь ганцаардалд минь баяр хөөр зохихгүй, тэд хоорондоо авцалдахгүйд байсын болуу даа ... ... Нарийхан замд минь хааяахан л хэн нэгэн зогсч таардаг ... Эхэн үедээ тэдэнтэй цөөн ч болов хормыг хамт өнгөрөөх гэсэндээ өөрийн болон өрөөлийн цагийг баран зогсдог байж ... Харин одоо замаасаа унчихалгүй хурдхан зөрөөд, эргэж ч харалгүй замаа хөөхийг хүсэмжилнэ. Угаас би эргэж харах дургүй ... Тэртээ холоос миний санахыг хүсээгүй бvхэн ханхалдаг учир би эргэж харах дургүй ... ... Нарийхан, гунигтай, ганцаардмал, манан дундах саарал зам минь нэг л өдөр төгсгөлдөө хүрнэ ... Харин ... харин тэр цагт би замынхаа төгсгөл дээр зогсоод, мартах шахсан инээсэглэлийг төрхөндөө тодруулах болно. Магадгүй тэр цагт манан арилж, би шувууд жиргэхийг сонсон, цэлмэсэн тэнгэр рүү хараад байхгүй бурханд баярлалаа гэж хэлэх ч юм билүү ...