Намайг гомдоосонд нь биш. Намайг чадсанд нь ч биш. Эсвэл харамссандаа ч биш. Зүгээр л, энэ муу амьдралын өмнө өөрийнхөө сул доройг мэдэрсэндээ, бас намайг өөрөө өөрийгөө ингэж мэдрэх хэмжээнд хүргэсэнд нь амьдралд бачууран, бас шаралхсандаа хэдэн дусал нулимс унагасан. Толгойгоо өндөрт өргөн, бардмаар нулимсаа урсган байхад минь шооч амьдрал намайг тавлан инээхэд нь, энэ чамаас болоогүй, урдаас салхилах салхинаас болж нүд минь хорссоноос гарч байгаа нулимс гэж хэлэхэд тэнэгшээр амьдрал хэлсэнд минь итгээд, өөрөөс нь илүүг чадсан салхийг занан гар зангидсан. Хэдийгээр би түүнийг хуурч чадсан ч өөрийгөө бол үгүй. Би өөрөө хямдхан хүн. Тэгэхээр, надаас гарах тэр хэдхэн шорвог дусалд юуных нь үнэ цэнэ байхав дээ. Ямар ч хэрэггүй, үнэд хүрэхгүй зүйл байж яах гээд ар араасаа цувраад байгаа юм бэ гэж би нулимсаа загнасан. Харин тэр гомдохдоо, ахин гарахыг хүссэн. Гомдомхой нулимсныхаа үглэхийг үл хэрэгсэн би орхин одсон. Би "утга учир" гэдэг юмаа төрөхдөө л гээчихсэн. Тиймээс миний амьдралын утга учир гээч нь тэрхүү гээгдсэн "учир утга"-г олоход байгаа ч юм шиг. Харин тэр нь надад огтхон ч хэрэг болохгүйг сая л мэдрэх шив. Түүнийг нь оллоо гээд би яахав??? "Амьдралаа, би чамд хайртай" хэмээн цээж дүүрэн, ам бардам хэлэх нэгэнд атаархах сэтгэл төрөвч, бас тэрхүү хайраасаа хэзээ нэгэн цагт салах болоход төрөх харууслыг би мэдрэхгүй гэхээс бяцхан гунигт инээмсэглэл нүүрэн дээр бүжнэ.