тамхиа асаан сорохуй дор уушгинд утаа орохгүй байгаа нь мэдрэгдэн, гартаа барьсан тамхиа ширтэн зогсох. уугихгүй, гал дүрэлзэхгүй, тэгсэн атлаа хорогдоод байх. яг л над шиг ...
Цаг хугацаа залхсандаа
Цардмал зам дээр тархиа бяцлан унатал,
Ганцаардал минь тийм урт.
Амьдрал шаналсаар байгаад
Алгандаа зүрхээ хага базтал,
Гуниг минь тийм том.
намайг төрөхөд, дэлхийд ирсний бэлэг болгож юу авах вэ гэхэд нь, тийм олон хүмүүс дунд байх юм чинь хэзээ ч ганцаардлыг үзэж чадахгүй юм шиг санагдаад, ганцаардлыг сонгосон. харин тэгтэл, хэн ч ганцаардлыг авдаггүй болохоор, түүнийг дагалдуулан гунигийг надад үнэгүй өгөхийм гэж би яаж мэдэх билээ дээ.
Өнөөх л бүрэнхий маргаашийг
Өнөөдрөөс ямар ч ялгаагүйг мэдэх хэрнээ
Өөрийгөө тарчлаан байж тийш зүтгэх нь
Өөрийнхөө төлөө л биш.
хийснэ ... сэтгэл ... дураараа ... эрх чөлөө ... сүүдэр ... хань ... хоёр ширхэг ... хамтдаа ... хөтлөлцөн ... баяр ... жаргал ... хос зүрх ... хайр ... хана ... зааглалт ... эрх чөлөөнд халдагч ... үл ойлголцол ... салаа зам ... бухимдал ... нулимс ... эвлэрэл ... нурсан хана ... жаргал ... түр зуурын ... өнгөрсөн ... давтагдашгүй ... хөндлөнгийн хүн ... маргаан ... согтуурал ... тайтгарал ... хуурамч ... үзэн ядалт ... жинхэнэ ... өвдөлт ... цус ... хараалын үгс ... хутга ... таашаал ... сэргэлт ... гашуун өвдөлт ... сэтгэлд ... хөвөрсөн ... эргэн нэхэгдэшгүй ... амьдрал ... нас явалт ... харалган ... хараа нээгдэх ... хожимдсон ... гэмшил ... өнгөрсөн ... дурдатгал ... дурсамж ... өөдөөс хүйтнээр үлээх ... ахин өндийх ... шинэ эхлэл ... хуучин ... дандаа ... үргэлж ... адил ... өөрчлөгдөшгүй ... ганц хувь ... хувь заяа ... төөрөг ... зөрчигдөшгүй ... үл дийлэх ... хүчин мөхөсдөх ... сөхрөн унах ... шалбарсан бие ... үл мэдрэгдэх ... хатуужсан ... эвэршсэн ... тэвчээр суусан ... бахархал ... гашуун инээмсэглэл ... мушийлт ... нүүр ... баг ... хувирамтгай ... хуурамч ... үнэн ... ганцаардал ... зожгирол ... харанхуй ... бодлууд ... тунгаалт ... ойлголт ... өөрөө ... утгагүйдэл ... амьдрал ... дөжрөлт ... хүсэл ... зогсоох ... итгэл ... зориг ... үлдэгсэд ... нулимс ... зүрх үхэх ... ахин бодол ... ахин харанхуй ... зориг эргэн ирэх ... итгэл дагаж ирэх .. шийдэх ... шийдэмгий ... зогсоолт ... барилга ... өндөр ... үл хүсэх ... хутга ... эргэлзээ ... буу ... хуучин ... сум ... нэг ширхэг ... толгой ... гох ... чадал ... эргэлзээ ... зориг ... инээмсэглэл ... жинхэнэ ... жаргалтай ... баруун гар ... долоовор хуруу ... пан ... таашаал ... тайтгарал ... тайвширал ...
нүүрэн дээр ахин нэг гунигийн зураас нэмэгдэх. энэ янзаараа явсаар ахул намайг талийгч болох тэр үед нүүр гэгчийн оронд "гуниг" гэдэг үгсийг үрчлээгээр шивсэн арьс л үлдэх байх даа. нулимс цэлэлзсэн нүд минь аль хэдийн өнгө цогоо алдаж. хэзээ нэгтээ тэндээс оч гялалзан байсан бол одоо удаахан эгцэлж харж тэсэхийн аргагүй сөнөсөн нэгэн од л харлана. бурууг хаанаас хайх вэ? өнгө гэрлийг минь хулгайлсан этгээдийг хэн гэж таних вэ? би биш гэдгээ л мэднэ. харин ч тэрхүү гялалзан байх одыг тэр чигт нь хадгалах гэж хичээж байсан минь үнэн. зүгээр л өөрөө хайлаад одчихно гэж байхгүй байлтай. эсвэл угаас нүдэнд минь удаанаар оршин байх од байгаагүй. тэрхүү түр зуурын гялбаа нь хоромхон харваад өнгөрсөн, минийх байх тавилангүй байсан од байсан юм болов уу? хэрвээ тийм бол хэн, яах гэж түүнийг над руу илгээгээ вэ? илгээсэн эзнийг нь олчихвол аваад явсаныг нь ч бас олчихож болмоор юмуу? магад өгсөн эзэн нь л буцаагаад авсан байх гэж таамаглах. би үгүйлээгүй. би тэр одыг үгүйлээгүй. эргээд нүдэнд минь гялалзаасай ч гэж хүсэхгүй. зүгээр л бусад, нүдийг минь ширтэх тэр бусад л нүдийг минь харсан даруйдаа гунигийн тухай амандаа шулганахыг нь сонсож тэсэхгүй нь. нэг бол сохор, эсвэл хэлгүй нэгэнтэй л таарч байхсан гэх хийсвэр бодол тархинд эргэлдэнэ. яагаад хүн гунигтай байж болохгүй гэж? яагаад инээдэггүй хүн байж болохгүй гэж? бусдад ямар ч гэм хор, явдал чирэгдэл тарилгүй зүгээр л гунигаа тээгээд явж байхад яагаад хажуугаар дуугай өнгөрч чаддаггүй юм бэ? хүний гунигаар, ганцаардлаар наад гэсэндээ хүнд хэл заяагаагүй байлтай.
Санаа алдахуй. Шалтгаан байхгүй. Ер санаа алдалтаас өөр юу ч байхгүй. Хэн ч үгүй, юу ч үгүй. Мэдээж бүтэшгүй мөрөөдөл. Гэхдээ бүтээж бас болмоор. Итгэл алдрах. Яах гэж итгэдэг байснаа бодоод олоогүй. Магадгүй шалтгаан нь итгэлийг алдахын тулд итгэдэг байсан байж болох. Миний хувьд хэн ч биш болох, харин намайг бусдын хувьд хэн ч биш болгох. Тийм л хэрэгтэй үйлдэл байсын байх даа гэж найдахаас өөр яалтай. Мэдээж надад биш, түүнд өөрт нь. Надад хэрэгтэй зүйл байхгүй. Хэрэггүй зүйл ч байхгүй. Надад юу ч байхгүй. Гэхдээ юуг ч хүсэхгүй. Юу ч үгүй тул алдахаас айх зүйлгүй. Байсан ч алдахаас айх байсан нь юу л бол. Ингээд бодохоор надад мэдрэмж байхгүй. Эсвэл зүрх байхгүй. Бишээ байгаан байна. Тэдний хэлснээр чулуугаар хийсэн, хүйтэн, хатуувтар эд цээжинд маань байдаг юм байна. Тэр цохилдог. Бас л мэдээж, миний төлөө биш. Энэ биеийг хэрэглэж дуусгаад эзэнд нь өгөх ёстой. Тэр хүртэл биеийг нь хадгалж байгаа этгээд бол зүрх. Тэхээр энэ минийх биш, тэр бие түрээслүүлэгч этгээдийн биеэ гамнах гэж надад суулгасан зүйл байх нь. Тийм ч болоод түүгээр дамжсан ямар нэгэн мэдрэмж надад байдаггүйн байна. Ойлгов. Ухаарал. Хожимдсон, эртэдсэн, хэзээ ч үгүй. Хэнд ч найдах хэрэггүй. Чи ч бас хэн нэгэн. Тэхээр өөртөө ч бас. Сохор, дүлий, хэлгүй, ганцаар амьдрах хүсэл. Угтаа мөхөл. Мөхлийг мөрөөдөгч. Эсвэл би хэзээ ч байгаагүй гэж итгэх итгэл. Хэрвээ тийм байсан бол юу ч мөхөхгүй. Байгаагүй зүйл яаж алга болохов дээ. Сайхан бодол. Одоо үүндээ итгэ. Яах гэж? Итгэлийг дараа алдах гэж үү? Тэгвэл зүгээр л орхи.
Хүлцэнгүйгээр далавчаа буулган, хөл доороо чирээд, бядан алхах миний дүр төрх. Надад далавч байх хэдий ч хэзээ ч нисэх оролдлого хийж байсангүй. Оролдлого хийгээгүй ч нисэж чадах байснаа мэднэ. Бас хэзээ ч нисэхгүйгээ мэднэ. Үүргээ үгүйсгүүлсэн хоёр далавч мөрөн дээр минь ачаа нэмэн санжиганана. Дэвэлт хийж байгаагүйн улмаас турьгүй, өнгө зүсээ алдсан далавчаа өөрөөсөө салган, хэн нэгэн нисэхийг хүсэгчид өгмөөр санагдах авч тэд надаас үл салах. Газар шүргэх тэдэн дээр гишгэн өнгөрөгсөд цөөнгүй. Өвдөлт мэдрэгдэнэ. Гэвч түүнийг үл хайхрах. Угаас ямарваа өвдөлтгүйгээр амьд явж болно гэсэн бодол алс тэртээх өнгөрсөнд үрэгдсэн. Угтаа, чи өвдөж л байгаа бол амьдарч байна гэсэнтэй утга нэг. Харин гуниг минь дэвэхийг хүснэ. Намайг даахуйц хангалттай том болсон тэрээр хаа нэгтээ, байгаа эсэх нь үл мэдэгдэх тэрхүү зүгт дүүлэхийг хүснэ. Гэвч, гунигаар далавч хийж болдог болов уу? Тийм бол, гунигтаа сохроор итгээд, хаана буй, ямарыг нь үл мэдэх тэрхүү газар руу нь одохсон. Бодлыг минь мэдэрсэн хоёр далавч минь гуниг болж төрөөгүйдээ харамсан үглэхийг нэгэнтээ би сонссон. Гэвч тэднийг тайтгаруулах болоод санаа тавих хүсэл төрөөгүй. Угаас тэд надад заяах ёсгүй байсан. Хэний алдаа юм, мэдэхгүй. Магад, тэрхүү хоёр далавч урьд хэзээ нэгтээ үүргээ биелүүлээгүйгээс шийтгэл болон надад заяагдсан байж болох. Мэдэхгүй.
"миний" гэх тодотголтой, амьдрал хэмээх ганц хүний зайтай харанхуй модон байшин. тэнд би л багтана. тэр байтугай тавилга ч үл багтах. тийм болохоор өөр хэн нэгэн орж ирэхээр санаархавч үл чадах. тэнд цонх үгүй, хаалга үгүй, бас ширхэг лаа ч байхгүй. байшинг ямар ч завсаргүй барьсан болохоор гаднаас нар, сар, чийдэнгийн ямар нэгэн гэрэл шургалах нь үгүй. хааяахан, жилдээ тоотойхон хэдэн удаа тэндэхийн гуниг гэдэг үүлнээс нулимс хэмээх бороо дусалдаг. тэр бороог хэдий ихээр үгүйлдэг ч гунигийн хуурай үүлс байнга дуслаар дутагдаж байдгаас тэр бүр хүсэл маань биеллээ олж чаддаггүй. үүнээс ч цөөн удаа гунигийн үүлс үл ялиг сиймхий гарган нүүдэллэдэг. тэрхүү үүлсийн сиймхийгээр наран бус, харин сайхан сэтгэл цухалзаад өнгөрнө. гэвч үүлс эргээд бүрхэхдээ амархан. хөлөө тэврэн, харанхуй буланд атийн суух би бээр номоо гараараа тэмтчин унших гэж сэтгэл мэдрэлээ тарчлаан байх.
Би яаж төрснөө санадаггүй. Ер нь өнгөрөн одсон бүхнийг. Заримдаа, надад өнгөрсөн үе гэж байгаагүй ч юм шиг бодогддог. Гэхдээ байсан нь мэдээж. Тэгээд тэр нь одоогийнхоос огт өөр байсан гэж боддог. Тийм ч байсан байгаасай гэж хүсдэг. Гэхдээ, өөр гэдэг нь яг ямар байсан байгаасай гэж хүсдэгээ мэддэггүй. Одоогийнхоос илүү жаргал, бас илүү зовлон гэж байхгүй. Дутуу ч гэж байхгүй. Жаргал, зовлон яг л нэг хэмжээнд. Байнга. Харин түүнийг яаж, ямар нөхцөлд хүлээн авч байгаагаас л шалтгаалдаг байх. Ямартай ч би одоо тас харанхуй, давчуухан, бүгчим тийм л хонгилд байдаг. Гарах гарц байгаа эсэхийг би мэдэхгүй. Тийм байж яагаад урагшаа /эсвэл хойшоо ч юмуу/ алхаад байдгаа ойлгодоггүй. Ер нь би өөрийгөө ойлгохоо болиод хэдэн жил өнгөрч байгаагаа ч мартчихсан. Сүүлдээ, энэ бол би биш юм байна ч гэж бодож байсан. Тийм үед би алхахаа больдог. Хэн гээчийн зовлогыг тээчихээд, хаа хүрэх гээд бэдрээд буйгаа тунгаан зогсдог. Хэсэг хугацааны дараа ахиад л алхаж эхэлдэг. Учир нь, би бодоод бодоод юуг ч олж чаддаггүй. Яагаад гэвэл надад бодол байхгүй. Төсөөлөл, мөрөөдөл, хийсвэрлэл аль аль нь байхгүй. Хэнийх нь мэдэгдэхгүй биеийг хаа хүргэх гэж яваа нь угтаа хамаагүй болдог. Тэгээд л би алхдаг. Тэнд юу ч харагддаггүй. Хааяа хааяахан хэсэг хүмүүсийг би олж хардаг. Тэд мөрөн дээрээ авс үүрээд, толгой гудайн хажуугаар минь зөрдөг. Тэдний төрхийг сүүмийн гэрэлтэх зулын гэрэлд би олж хардаг. Гэнэт гарч ирж нүд сохлох шахдаг учраас би тэрхүү зулын гэрэлд дургүй. Бас хүмүүсийг харсандаа уур хүрдэг. Тэд цаг үргэлж хүнд агаарт даруулсан юм шиг бөгтийн, байдгаараа биеэ хураан алхаж байдаг. Магадгүй би тэднийг дандаа авс үүрэн явах үед нь л гэрэлд хардаг болоод тэр байж магадгүй. Гэхдээ л тэд цаг ямагт тийм байдаг. Аз жаргал нь зэрэгцэн алхаж байхад хүртэл. Шуналтнууд. Хүмүүсийн тухай цорын ганц тодорхойлолт. Харанхуйд миний хажуугаар олон зүйлс өнгөрдөг. Магадгүй хүмүүс, амьтад, бас бус зүйлс байдаг байх. Тэд надад шүргэхэд би дургүй. Тиймээс би нэлээн дээр үеэс өөрийгөө тойруулан бүрхүүл хийсэн. Эзэн тодорхойгүй биеийг гамнасандаа бус, ганцаардлыг маань тэр шүргэгчид үгүй хийчих гээд байдгаас. Агуй, хонгил, за юу ч юм энэ газар харин бүрхүүлийг маань үл тоон надад халддаг. Гэхдээ би дургүйцдэггүй. Учир нь, тэр миний үсийг туг тугаар нь зулгаан, гарыг минь шалбалж, хөлийн минь арьсыг хуулан авсныхаа хариуд үүгээр бэдрэхэд минь хэрэг болох балга ус, үмх махыг өгдгөөс тэр. Надаас авсан зүйлээрээ тэр хэрхдэгийг би мэдэхгүй. Бас намайг тарчлаасандаа хэр хэмжээний таашаалыг авдагийг ч мэдэхгүй. Мэдэх шаардлага ч байхгүй л дээ. Заримдаа би унтдаг. Ядарсандаа бус, залхсандаа ч бус, зүгээр л өөр ертөнцийг зүүдлэхийн тулд. Надад төсөөлөл байдаггүй гэж дээр хэлсэн байхаа. Тиймээс би түүнийг зүүдээрээ л орлуулдаг. Төсөөлөлгүй байж яаж тэрхүү зүйлсийг зүүдэлдгээ би мэдэхгүй. Надаас ер нь ямар ч хариулт бүү хүлээ. Би юу ч мэддэггүй, мэдье ч гэж бодож байгаагүй. Би дандаа нэг л зүйлийг зүүдэлдэг. Тас харанхуй, гэхдээ энэ хонгил биш, олон давхар байшин байдаг. Би бүх хүчээрээ гүйсээр байж арайхийн тэр байшингаас гарах хаалгыг олдог. Тэгээд хаалга нээмэгц тэр байшингаас өөр юу ч үгүй тал газар харагддаг. Харагдаж байна гэдэг мэдээж гэрэлтэй байна гэсэн үг. Тиймээ, тэнд хурц нарны гэрэл тусаж байдаг. Харин би эргээд харанхуй байшиндаа ордог. Ингэх л байсан юм бол яах гэж тэгж үйлээ үзэн гүйгээд байснаа ойлгодоггүй. Магадгүй би тэнд гэрэл биш, өөр зүйл байна гэж найдаж байсан байх. Мэдэхгүй юм даа, тэр зүүдний зохиол болохоос минийх биш. Эргэн харанхуй байшиндаа орж хаалга хаамагц тэр чимээндээ цочин сэрдэг. Тэгээд, эргээд өөрийн харанхуй хонгилдоо байгаагаа мэдэрмэгцээ баярладаг. Алхахаа үргэлжлүүлнэ. Юуны төлөө? Мэдэхгүй. Мэдэж байгаа ганц зүйл нь, лав л гэрлийн төлөө биш.
Сархад залгилсан
Сохор зураач бийрээ
Сэтгэл дэх ганц өнгөндөө дүрэн
Сонгодог зураг зурах нь
Миний амьдрал.
төрөхөд нь түүнд юм бүхэн байсан ... юм бүхэн гэдэгт хүнд байж болох, байх ёстой тэр бүхэн багтана ... тэгээд тэр анх сургуульд оров ... тэндээс л, нийгэмтэй хутгалдсанаар л тэр өөрт байгаа зүйлсээ аажмаар алдаж эхэлсэн ... тиймээ, тэр урд нь цэцэрлэгт явж байгаагүй, гэртээ ганцаараа бясалгал хийн суудаг байсын ... хүүхэд бясалгал хийдэггүй гэж чи яагаад бодоов? ааваас нь болж гэр бүл гэдэг санаа анх утгаа алдан, түүнийг хаяж одсон ... анхны найзаас нь нөхөрлөл урван одсон ... анхны хайрыг нь дагаад хайр, итгэл, хүсэл замхран одсон ... цаг үргэлж өөөрийг нь дуудан гиншдэгээс гуниг нь уйдан хийсч одсон ... цаг хугацааны хязгаарлалтгүйгээр ашиглагдсанаас болж нулимс нь дууссан ... хүйтэн цаснаар захаа босгон алхах тэрээр хэтэрхий хөнгөн шингэн ч юм шиг, эсвэл алдсан тэрхүү мэдрэмжүүд нь өөрийг нь даан явахад дэм болж байсан ч юмуу гэмээр хүндээр алхана ... хэдий хүйтэн ч тэрээр яарамгүй алхана ... угаас яараад байх зүйл ч түүнд байсангүй ... амьдралын утга учир гээч нь түүнийг хамгийн сүүлд орхисон ... магадгүй, итгэл найдвар гээчийг тэрхүү утга учир өөртөө бас давхар агуулдаг ч байсан юм болов уу ... эсвэл тэр утга учир өөрийн гэсэн тусдаа оршин байх итгэлтэй ч байсын болов уу ... хана даган чимээгүй алхана ... түүний хамгийн үнэнч анд бодол нь л хань болон чичрэсхийн дагана ... бодолгүйгээр амьд явж болно гэсэн бодол хэзээ ч түүний толгойд орж байгаагүй ... тийм ч болоод бодол нь түүнийг хаян одох гэхэд нь хүчээр торгоогоод байсан ч юм шиг ... харин бусад мэдрэмжүүдийг тэрээр уриалгахан нь аргагүй чөлөөлөн явуулсан ... өөрт хэрэггүй гэдгээ мэдсэн юм болов уу даа ... гэнэт сэвхийн бие нь хоосон оргив ... эргэн харлаа ... бодлоороо л ханиа хийг гэсээр сүүдэр нь түүнийг дөнгөж сая орхин одов