хийснэ ... сэтгэл ... дураараа ... эрх чөлөө ... сүүдэр ... хань ... хоёр ширхэг ... хамтдаа ... хөтлөлцөн ... баяр ... жаргал ... хос зүрх ... хайр ... хана ... зааглалт ... эрх чөлөөнд халдагч ... үл ойлголцол ... салаа зам ... бухимдал ... нулимс ... эвлэрэл ... нурсан хана ... жаргал ... түр зуурын ... өнгөрсөн ... давтагдашгүй ... хөндлөнгийн хүн ... маргаан ... согтуурал ... тайтгарал ... хуурамч ... үзэн ядалт ... жинхэнэ ... өвдөлт ... цус ... хараалын үгс ... хутга ... таашаал ... сэргэлт ... гашуун өвдөлт ... сэтгэлд ... хөвөрсөн ... эргэн нэхэгдэшгүй ... амьдрал ... нас явалт ... харалган ... хараа нээгдэх ... хожимдсон ... гэмшил ... өнгөрсөн ... дурдатгал ... дурсамж ... өөдөөс хүйтнээр үлээх ... ахин өндийх ... шинэ эхлэл ... хуучин ... дандаа ... үргэлж ... адил ... өөрчлөгдөшгүй ... ганц хувь ... хувь заяа ... төөрөг ... зөрчигдөшгүй ... үл дийлэх ... хүчин мөхөсдөх ... сөхрөн унах ... шалбарсан бие ... үл мэдрэгдэх ... хатуужсан ... эвэршсэн ... тэвчээр суусан ... бахархал ... гашуун инээмсэглэл ... мушийлт ... нүүр ... баг ... хувирамтгай ... хуурамч ... үнэн ... ганцаардал ... зожгирол ... харанхуй ... бодлууд ... тунгаалт ... ойлголт ... өөрөө ... утгагүйдэл ... амьдрал ... дөжрөлт ... хүсэл ... зогсоох ... итгэл ... зориг ... үлдэгсэд ... нулимс ... зүрх үхэх ... ахин бодол ... ахин харанхуй ... зориг эргэн ирэх ... итгэл дагаж ирэх .. шийдэх ... шийдэмгий ... зогсоолт ... барилга ... өндөр ... үл хүсэх ... хутга ... эргэлзээ ... буу ... хуучин ... сум ... нэг ширхэг ... толгой ... гох ... чадал ... эргэлзээ ... зориг ... инээмсэглэл ... жинхэнэ ... жаргалтай ... баруун гар ... долоовор хуруу ... пан ... таашаал ... тайтгарал ... тайвширал ...
нүүрэн дээр ахин нэг гунигийн зураас нэмэгдэх. энэ янзаараа явсаар ахул намайг талийгч болох тэр үед нүүр гэгчийн оронд "гуниг" гэдэг үгсийг үрчлээгээр шивсэн арьс л үлдэх байх даа. нулимс цэлэлзсэн нүд минь аль хэдийн өнгө цогоо алдаж. хэзээ нэгтээ тэндээс оч гялалзан байсан бол одоо удаахан эгцэлж харж тэсэхийн аргагүй сөнөсөн нэгэн од л харлана. бурууг хаанаас хайх вэ? өнгө гэрлийг минь хулгайлсан этгээдийг хэн гэж таних вэ? би биш гэдгээ л мэднэ. харин ч тэрхүү гялалзан байх одыг тэр чигт нь хадгалах гэж хичээж байсан минь үнэн. зүгээр л өөрөө хайлаад одчихно гэж байхгүй байлтай. эсвэл угаас нүдэнд минь удаанаар оршин байх од байгаагүй. тэрхүү түр зуурын гялбаа нь хоромхон харваад өнгөрсөн, минийх байх тавилангүй байсан од байсан юм болов уу? хэрвээ тийм бол хэн, яах гэж түүнийг над руу илгээгээ вэ? илгээсэн эзнийг нь олчихвол аваад явсаныг нь ч бас олчихож болмоор юмуу? магад өгсөн эзэн нь л буцаагаад авсан байх гэж таамаглах. би үгүйлээгүй. би тэр одыг үгүйлээгүй. эргээд нүдэнд минь гялалзаасай ч гэж хүсэхгүй. зүгээр л бусад, нүдийг минь ширтэх тэр бусад л нүдийг минь харсан даруйдаа гунигийн тухай амандаа шулганахыг нь сонсож тэсэхгүй нь. нэг бол сохор, эсвэл хэлгүй нэгэнтэй л таарч байхсан гэх хийсвэр бодол тархинд эргэлдэнэ. яагаад хүн гунигтай байж болохгүй гэж? яагаад инээдэггүй хүн байж болохгүй гэж? бусдад ямар ч гэм хор, явдал чирэгдэл тарилгүй зүгээр л гунигаа тээгээд явж байхад яагаад хажуугаар дуугай өнгөрч чаддаггүй юм бэ? хүний гунигаар, ганцаардлаар наад гэсэндээ хүнд хэл заяагаагүй байлтай.
Санаа алдахуй. Шалтгаан байхгүй. Ер санаа алдалтаас өөр юу ч байхгүй. Хэн ч үгүй, юу ч үгүй. Мэдээж бүтэшгүй мөрөөдөл. Гэхдээ бүтээж бас болмоор. Итгэл алдрах. Яах гэж итгэдэг байснаа бодоод олоогүй. Магадгүй шалтгаан нь итгэлийг алдахын тулд итгэдэг байсан байж болох. Миний хувьд хэн ч биш болох, харин намайг бусдын хувьд хэн ч биш болгох. Тийм л хэрэгтэй үйлдэл байсын байх даа гэж найдахаас өөр яалтай. Мэдээж надад биш, түүнд өөрт нь. Надад хэрэгтэй зүйл байхгүй. Хэрэггүй зүйл ч байхгүй. Надад юу ч байхгүй. Гэхдээ юуг ч хүсэхгүй. Юу ч үгүй тул алдахаас айх зүйлгүй. Байсан ч алдахаас айх байсан нь юу л бол. Ингээд бодохоор надад мэдрэмж байхгүй. Эсвэл зүрх байхгүй. Бишээ байгаан байна. Тэдний хэлснээр чулуугаар хийсэн, хүйтэн, хатуувтар эд цээжинд маань байдаг юм байна. Тэр цохилдог. Бас л мэдээж, миний төлөө биш. Энэ биеийг хэрэглэж дуусгаад эзэнд нь өгөх ёстой. Тэр хүртэл биеийг нь хадгалж байгаа этгээд бол зүрх. Тэхээр энэ минийх биш, тэр бие түрээслүүлэгч этгээдийн биеэ гамнах гэж надад суулгасан зүйл байх нь. Тийм ч болоод түүгээр дамжсан ямар нэгэн мэдрэмж надад байдаггүйн байна. Ойлгов. Ухаарал. Хожимдсон, эртэдсэн, хэзээ ч үгүй. Хэнд ч найдах хэрэггүй. Чи ч бас хэн нэгэн. Тэхээр өөртөө ч бас. Сохор, дүлий, хэлгүй, ганцаар амьдрах хүсэл. Угтаа мөхөл. Мөхлийг мөрөөдөгч. Эсвэл би хэзээ ч байгаагүй гэж итгэх итгэл. Хэрвээ тийм байсан бол юу ч мөхөхгүй. Байгаагүй зүйл яаж алга болохов дээ. Сайхан бодол. Одоо үүндээ итгэ. Яах гэж? Итгэлийг дараа алдах гэж үү? Тэгвэл зүгээр л орхи.
Хүлцэнгүйгээр далавчаа буулган, хөл доороо чирээд, бядан алхах миний дүр төрх. Надад далавч байх хэдий ч хэзээ ч нисэх оролдлого хийж байсангүй. Оролдлого хийгээгүй ч нисэж чадах байснаа мэднэ. Бас хэзээ ч нисэхгүйгээ мэднэ. Үүргээ үгүйсгүүлсэн хоёр далавч мөрөн дээр минь ачаа нэмэн санжиганана. Дэвэлт хийж байгаагүйн улмаас турьгүй, өнгө зүсээ алдсан далавчаа өөрөөсөө салган, хэн нэгэн нисэхийг хүсэгчид өгмөөр санагдах авч тэд надаас үл салах. Газар шүргэх тэдэн дээр гишгэн өнгөрөгсөд цөөнгүй. Өвдөлт мэдрэгдэнэ. Гэвч түүнийг үл хайхрах. Угаас ямарваа өвдөлтгүйгээр амьд явж болно гэсэн бодол алс тэртээх өнгөрсөнд үрэгдсэн. Угтаа, чи өвдөж л байгаа бол амьдарч байна гэсэнтэй утга нэг. Харин гуниг минь дэвэхийг хүснэ. Намайг даахуйц хангалттай том болсон тэрээр хаа нэгтээ, байгаа эсэх нь үл мэдэгдэх тэрхүү зүгт дүүлэхийг хүснэ. Гэвч, гунигаар далавч хийж болдог болов уу? Тийм бол, гунигтаа сохроор итгээд, хаана буй, ямарыг нь үл мэдэх тэрхүү газар руу нь одохсон. Бодлыг минь мэдэрсэн хоёр далавч минь гуниг болж төрөөгүйдээ харамсан үглэхийг нэгэнтээ би сонссон. Гэвч тэднийг тайтгаруулах болоод санаа тавих хүсэл төрөөгүй. Угаас тэд надад заяах ёсгүй байсан. Хэний алдаа юм, мэдэхгүй. Магад, тэрхүү хоёр далавч урьд хэзээ нэгтээ үүргээ биелүүлээгүйгээс шийтгэл болон надад заяагдсан байж болох. Мэдэхгүй.