Хүлцэнгүйгээр далавчаа буулган, хөл доороо чирээд, бядан алхах миний дүр төрх. Надад далавч байх хэдий ч хэзээ ч нисэх оролдлого хийж байсангүй. Оролдлого хийгээгүй ч нисэж чадах байснаа мэднэ. Бас хэзээ ч нисэхгүйгээ мэднэ. Үүргээ үгүйсгүүлсэн хоёр далавч мөрөн дээр минь ачаа нэмэн санжиганана. Дэвэлт хийж байгаагүйн улмаас турьгүй, өнгө зүсээ алдсан далавчаа өөрөөсөө салган, хэн нэгэн нисэхийг хүсэгчид өгмөөр санагдах авч тэд надаас үл салах. Газар шүргэх тэдэн дээр гишгэн өнгөрөгсөд цөөнгүй. Өвдөлт мэдрэгдэнэ. Гэвч түүнийг үл хайхрах. Угаас ямарваа өвдөлтгүйгээр амьд явж болно гэсэн бодол алс тэртээх өнгөрсөнд үрэгдсэн. Угтаа, чи өвдөж л байгаа бол амьдарч байна гэсэнтэй утга нэг. Харин гуниг минь дэвэхийг хүснэ. Намайг даахуйц хангалттай том болсон тэрээр хаа нэгтээ, байгаа эсэх нь үл мэдэгдэх тэрхүү зүгт дүүлэхийг хүснэ. Гэвч, гунигаар далавч хийж болдог болов уу? Тийм бол, гунигтаа сохроор итгээд, хаана буй, ямарыг нь үл мэдэх тэрхүү газар руу нь одохсон. Бодлыг минь мэдэрсэн хоёр далавч минь гуниг болж төрөөгүйдээ харамсан үглэхийг нэгэнтээ би сонссон. Гэвч тэднийг тайтгаруулах болоод санаа тавих хүсэл төрөөгүй. Угаас тэд надад заяах ёсгүй байсан. Хэний алдаа юм, мэдэхгүй. Магад, тэрхүү хоёр далавч урьд хэзээ нэгтээ үүргээ биелүүлээгүйгээс шийтгэл болон надад заяагдсан байж болох. Мэдэхгүй.

0 comments: