Санаа алдахуй. Шалтгаан байхгүй. Ер санаа алдалтаас өөр юу ч байхгүй. Хэн ч үгүй, юу ч үгүй. Мэдээж бүтэшгүй мөрөөдөл. Гэхдээ бүтээж бас болмоор. Итгэл алдрах. Яах гэж итгэдэг байснаа бодоод олоогүй. Магадгүй шалтгаан нь итгэлийг алдахын тулд итгэдэг байсан байж болох. Миний хувьд хэн ч биш болох, харин намайг бусдын хувьд хэн ч биш болгох. Тийм л хэрэгтэй үйлдэл байсын байх даа гэж найдахаас өөр яалтай. Мэдээж надад биш, түүнд өөрт нь. Надад хэрэгтэй зүйл байхгүй. Хэрэггүй зүйл ч байхгүй. Надад юу ч байхгүй. Гэхдээ юуг ч хүсэхгүй. Юу ч үгүй тул алдахаас айх зүйлгүй. Байсан ч алдахаас айх байсан нь юу л бол. Ингээд бодохоор надад мэдрэмж байхгүй. Эсвэл зүрх байхгүй. Бишээ байгаан байна. Тэдний хэлснээр чулуугаар хийсэн, хүйтэн, хатуувтар эд цээжинд маань байдаг юм байна. Тэр цохилдог. Бас л мэдээж, миний төлөө биш. Энэ биеийг хэрэглэж дуусгаад эзэнд нь өгөх ёстой. Тэр хүртэл биеийг нь хадгалж байгаа этгээд бол зүрх. Тэхээр энэ минийх биш, тэр бие түрээслүүлэгч этгээдийн биеэ гамнах гэж надад суулгасан зүйл байх нь. Тийм ч болоод түүгээр дамжсан ямар нэгэн мэдрэмж надад байдаггүйн байна. Ойлгов. Ухаарал. Хожимдсон, эртэдсэн, хэзээ ч үгүй. Хэнд ч найдах хэрэггүй. Чи ч бас хэн нэгэн. Тэхээр өөртөө ч бас. Сохор, дүлий, хэлгүй, ганцаар амьдрах хүсэл. Угтаа мөхөл. Мөхлийг мөрөөдөгч. Эсвэл би хэзээ ч байгаагүй гэж итгэх итгэл. Хэрвээ тийм байсан бол юу ч мөхөхгүй. Байгаагүй зүйл яаж алга болохов дээ. Сайхан бодол. Одоо үүндээ итгэ. Яах гэж? Итгэлийг дараа алдах гэж үү? Тэгвэл зүгээр л орхи.

0 comments: