нүүрэн дээр ахин нэг гунигийн зураас нэмэгдэх. энэ янзаараа явсаар ахул намайг талийгч болох тэр үед нүүр гэгчийн оронд "гуниг" гэдэг үгсийг үрчлээгээр шивсэн арьс л үлдэх байх даа. нулимс цэлэлзсэн нүд минь аль хэдийн өнгө цогоо алдаж. хэзээ нэгтээ тэндээс оч гялалзан байсан бол одоо удаахан эгцэлж харж тэсэхийн аргагүй сөнөсөн нэгэн од л харлана. бурууг хаанаас хайх вэ? өнгө гэрлийг минь хулгайлсан этгээдийг хэн гэж таних вэ? би биш гэдгээ л мэднэ. харин ч тэрхүү гялалзан байх одыг тэр чигт нь хадгалах гэж хичээж байсан минь үнэн. зүгээр л өөрөө хайлаад одчихно гэж байхгүй байлтай. эсвэл угаас нүдэнд минь удаанаар оршин байх од байгаагүй. тэрхүү түр зуурын гялбаа нь хоромхон харваад өнгөрсөн, минийх байх тавилангүй байсан од байсан юм болов уу? хэрвээ тийм бол хэн, яах гэж түүнийг над руу илгээгээ вэ? илгээсэн эзнийг нь олчихвол аваад явсаныг нь ч бас олчихож болмоор юмуу? магад өгсөн эзэн нь л буцаагаад авсан байх гэж таамаглах. би үгүйлээгүй. би тэр одыг үгүйлээгүй. эргээд нүдэнд минь гялалзаасай ч гэж хүсэхгүй. зүгээр л бусад, нүдийг минь ширтэх тэр бусад л нүдийг минь харсан даруйдаа гунигийн тухай амандаа шулганахыг нь сонсож тэсэхгүй нь. нэг бол сохор, эсвэл хэлгүй нэгэнтэй л таарч байхсан гэх хийсвэр бодол тархинд эргэлдэнэ. яагаад хүн гунигтай байж болохгүй гэж? яагаад инээдэггүй хүн байж болохгүй гэж? бусдад ямар ч гэм хор, явдал чирэгдэл тарилгүй зүгээр л гунигаа тээгээд явж байхад яагаад хажуугаар дуугай өнгөрч чаддаггүй юм бэ? хүний гунигаар, ганцаардлаар наад гэсэндээ хүнд хэл заяагаагүй байлтай.

0 comments: