Шалан дээрхи дусал нулимсны толбо

Шаналанг минь илэрхийлэх нь шившиг.

амьдраагүй, зүгээр л нэг "амьд" байгаа биет. үхэхээсээ өмнө ганц өдөр ч болтугай "амьдарч" үзэхсэн ..,

Чимээгүй болоод

Чихийг минь амраагаад өгөөч.

Тархи цуцаж байна

Тарчлаант хашгираанаас чинь болж.

Гашуудлын аяз

Хөгжилтэйеэ чихнээ хангинахад

Гунигт инээмсэглэл

Хөгжилтэйеэ уруулнаа тодорно.

Чамайг л ирэхийг хүлээн

Чих тавин хаалга ширтэнэ.

Зовж шаналах минь хамаагүй ээ

Зөвхөн чи л ирж байвал.

Хэзээ нэгтээ чи заавал ирнэ

Харин гэхдээ хурдлаасай.

Ганцхан энэ л итгэлээр тэжээгдэн

Ганцаардмал хорвоод тэсэн байна.

Чамайг ирэхийн тэр цагт

Чангаар тэврээд нулимс унагана.

Бүхий л амьдрал туршийн минь

Баярын ганц нулимс тэр байна.

Yүрд гэж байдаггүйгээс хойш

Yхэл минь чи ирж л таараа.

Цусаараа зүрх урлаад

Цамцан дээрээ хадлаа.

Бүгд хараг гэсэндээ

Бөх гэгч нь тогтоолоо.

Хэн одоо намайг

Хөндий амьтан гэж зүрхлэхэв.

Хөөрхийлэлтэй сэтгэл энэлэн шаналсаар ертөнцөөс одохуй

Хөндийрч хоосорсон биеэ ширтэн хэсэг зогсоод

Хэрхэн гунихаа ойлгохгүй байж ядсандаа

Ханан дээр нулимс зуран өөрийгөө аргацаана.

Хорвоо хэчнээн хямдханг

Хүмүүс хэчнээн өрөвдөлтэйг

Хорин долоон жилд ойлгоогүйгээ

Хоёрхон өдөрт ойлгох.

Хүсэл замхран одов,

Хорвоотой хутгалдах ч,

Хүмүүстэй харьцах ч ..,

Зүүд

хүмүүс бүгдээрээ нэг хєлєг дээр амьдардаг. wall E дээр гардаг шиг. тэгээ тэнд нь 2 тєрлийн хүмүүс байдаг. анх ирэхэд нь шалгаад 2 хуваасын. нэг хэсэг нь жирийн л хүмүүс. нєгєє хэсэг нь хальт мутантархуу. гэхдээ энд ирж шалгуулахаасаа ємнє тэд нар нь єєрсдийгєє мутант гэж мэдээгүй байсан. нэг багажаар шалгаад, мутант гэдгийг нь илрүүлэнгүүт мутант шинж тэмдэг нь гарч ирдэг. мань анх шалгуулахдаа жирийн хүн байсын. гэхдээ шалгуулж байснаа бол зүүдлээгүй, зүгээр тэгсэн гэж мэдээд байгаан. за тэгсэн чинь маниус дэлхий рүүгээ буцах болвоо. хєлєг нь аймар доошлоол, ханан дээр нэг багаж байрлуулчихсан. маниус хир доошилж байгааг заадаг. хаха, огторгуйд газар бий болгочихсон ш д би. манай хєлєг огторгуйд газрын гадаргаас тэдэн км доош унаж байна гээл :р нєгєєх нь тоо нь доошилж байснаа, 0 болоод, тэгснээ сүүлдээ хасах руу ороод яваад єгсєн. за энэ ч яахав. тэгсэн маниусыг дэлхий рүү буцахаас ємнє ахиал шалгах юм болов оо. энэ хєлєг дээр байх хугацаандаа хэн нэгэн нь мутант болж хувирсан байж магадгүй гээл. гэхдээ мутантууд нь болон жирийн хүмүүс нь ямар ч ялгаагүй хамт л амьдардаг. за тэгээл шалгуулах юм болвоо. нисэх буудал дээр металл илрүүлэгч билүү, нэг тийм арк шиг юмаар хүмүүсийг гаргадаг даа. яг тийм юм єчнєєнийг тавьчихсан. тэрүүгээр орж шалгуулна. болоогүй ээ, тэгэхдээ бас зүгээр гаргачихгүй. хүмүүсээс асуулт асууна. худлаа хариулах юм бол тэнд нь нэг дохио дуугардаг. гэхдээ худлаа ярьлаа гээд дэлхий рүү явуулахгүй биш л дээ. зүгээр л тухайн хүн худалч уу үгүй юу гэдгийг хүмүүст мэдүүлж байгаан. би ч хараал зогсож байлаа. тэгсэн тэнд нэг мутант залуу байнаа. нуруун дээрээ мангар том 2 цагаан далавчтай. тэгээл тэрүүгээр нэг нисээл. мань хараал бараг дурлаатахваа. тэгснээ єєрєє єєртєє, би чинь яаж байнаа, надаа чинь нєхєр байгаа ш д гээл нєгєє залуугаас арай гэж харцаа салгаал, хажуудаа байсан нэг залууг нуруугаар нь тэврээд зогсчихын. тэр нь л миний нєхєр бололтой. тэгсэн тэр нь манай том ах байхын (бузар эм гсн, лол). тэгсэн нєгєє далавчтай залуу чинь нєгєє шалгалтын аркууд дундуур ямар ч саадгүй бүгдийг нь дамжаал гүйгээд гарчихын. тэгсэн хүмүүс шүтээл. хэр баргийн хүн саадгүйгээр тэр аркаар гарч чаддаггүйн байна л даа. бодуул тэр залуу нь майр гэгээрцэн гар юм шиг байгаан. тэгснээ над дээр хүрч ирээл юм яриваа. байхгүй ээ, байхгүй. мань дурлаад наасан. гэхдээ сонин, царайг нь санахгүй байгаан байж яаж дурласын бүү мэд. тэгээл нєгєє залууг чинь, намайг аваад нисээч, би нисэж үзмээр байна гэвээ. тэгсэн нисэхээсээ ємнє нєгєєх чинь надаа нэг дугтуйтай захиа єгєєд. тэнд нь бодуул нэг тийм хайр майрын л захиа байгаа бололтой. хаха, зүүдэндээ бас бүтэлгүй дурлахыг хүсэхгүй байгаа байхгүй юу нєгєєх чинь, лол. тэгээл намайг нэг гартаа тэврээл нисвээ. би нєгєє захиаг нь гартаа тас атгачихсан. нисэж яваад унагачихвий гэж санаа зовоол. ёооё, тэгээл ниссэн чинь мангар гоё. дээрээс хамаг юм мангар тод харагдаал. би тэгээл хэлж байнаа, єндрєєс юмнууд мангар жижигхэн харагддаг гэж бодож байсан ш д. яг л миний цуглуулдаг пийвний бєглєє шиг харагдахын байх гэсэн чинь мангар тод харагддын байна гээл. хаха, зүүдэндээ хүртэл нєгєє пийвээ ярьсаар л. тэгээл нисэж яваал цагаа харсан чинь цаг 17:97 болж байдын. (1 цаг 100 минуттай байгаад ерєєсєє гайхахгүй байгаан) би сандраал. нєгєє шалгууртаа 18 цагаас ємнє орохгүй бол болохгүй гээл. тэгээл эргэж нисээл, би шалгуулах гээл очвоо. тэгсэн чинь, цаг давчуу байгаа болохоор арк шиг юмаар биш, гарт таарсан, хуруугаа байрлуулах 5 хонхорхойтой юманд гараа хийгээд шалгуул гээд. цаг нь давчдаад, мангар олон хүн шаваад. мань дундуур нь дайрч чаддаггүй. тэгээл арай гэж нэг тийм юм олоол хуруугаа хийх гэсэн чинь шалгаж байсан хүн нь, чиний хуруу нарийхан юм байна. наатах чинь бүдүүн хуруутай хүнийх байна гээд авчихын. мань хальт догдлоостой. єєрийгєє далавчтай болчихож магадгүй гэж горьдоод байгаа байхгүй юу. тэгээ зогсож байсан чинь гадаа машины дохиолол дуугараад сэрчдийн хүүр гэж. гүрийгээл, биеэ ч хєдєлгєхгүй, нүдээ ч нээхгүй, эргэж унтах гээл хэвтээл байлаа. ашгүй эргэж унтаад, нєгєє зүүдэндээ орвоо. би сандраал. яанаа хурдлахгүй бол би сэрэхнээ гээл. тэгээл яг нэг юм олж аваал, хуруугаа хийгээл .., тэгсэн гадаа хүүхдүүд орилолдоод, эргэж унтах ямар ч боломжгүйгээр сэрчихсэн.

гомдолтой л байсан. нэгд, би єєрийгєє мутант болж уу үгүй юу гэдгээ мэдэж чадаагүй. хоёрт, далавчтай залуугийн єгсєн захиаг уншиж амжаагүй байсан ш д :(

гэхдээ дундуур нь єєр зєндєє юм болоол байсан. манай нэг найзын эгч нь аягүй сонин мутант болцон. хаха, модон мутант гэхиймүү хаашаан. унтаал сэрэнгүүт нь биеийг нь бүрхээд мод ургачихдаг. тэгээд тэрийг нь хуулж авч байж дотроос нь она-г гаргаж ирдэг, хаха. гэх мэтийн хачин юмнууд зєндєє л болсон л доо ууг нь.

Yзэг, гар хоёр

Yржилд орон

Шүлэг төрүүлэв.

Эх баригч цаас

Энэ амьдралд дургүй учир

Шатаж үхэн

Амиа егүүтгэхдээ

Шүлгийг ч бас

Авч одов.

Шаналсан үзэг

Хамаг бэхээ гоожуулан

Хатаж үхэв.

Гунисан гар

Хуруудаа тасдан

Ертөнцөөс халив.

Эндэхийн уйлаан орилоон дунд

Эргэж гүйцсэн толгойгоо тэврэн суухад

Навчсын жаргалтай хөхрөлдөөн

Нөгөө ертөнцөөс сонсогдон тарчлаана ..,

Аравдугаар сарын тэр нэгэн өдөр орсон

Анхны цаснаар төрсөн шүлэг би.

Утгыг минь гэвч хэн ч тайлж чадахгүй

Учир нь би орчуулагдаагүй.

би энэ шоронгийн өрөөнд ганцаараа байсын. нэлээн удаан. эндээс оргох тухай бодож байсан. яаж гэдгээ ч хүртэл хэд хэдэн хувилбараар бодоод олчихсон. гэсэн ч оргож чадахгүй байсан. магад, төлөвлөгөөгөө биелүүлэхэд ганцаараа хүчин мөхөсдөөд байсан ч байж болохын. нэг өдөр она миний өрөөнд орж ирсийн. бас хоригдол. анх тэрийг орж ирэхэд нь өрөөгөөр дүүрэн улаан өнгө нялгадаад л явчих шиг санагдсан. цус ч юмуу, эрч хүч ч юмуу, тэрний танхай зан ч тэгж харагдсан юмуу, мэдэхгүй. юутай ч улаан өнгө л байсын. миний өрөө бол мэдээж шороон саарал өнгөтэй. бид хамтдаа эндээс оргох тухай их ярьдаг болсон. төлөвлөгөө бас л биелж чадахгүй байсаар л. заримдаа она намайг оргуулаад, өөрөө үлдэх хүртэл төлөвлөгөө зохиодог байсан. би зөвшөөрч чадахгүй. өдөр хоногууд өнгөрсөөр л. хоёулаа хамт оргох төлөвлөгөөнүүд өчнөөнөөрөө зохиогдож байсан ч биеллээ олохгүй. гэсэн ч тэр нэгэн өдөр ирж л таараа гэж бодож байснаар болж, тэр өдөр ирсэн. ингээд бид хоёр хамтдаа оргохоор боллоо. яг оргохын өмнө она надад нэг юм хэлсэн нь: "намайг анх орж ирэхэд чиний өрөө ув улаан байсан" ..,

чихэвчээ зүү. mp дээрээсээ намуухан, бас бодолд садаа болохооргүй дууг сонго. Харанга-Амьдрал. дууг нь хамгийн чанга дээр нь тавь. сонсож дуусаад өөртөө зориулан ганц сайхан үг хэлчих. "Чи ч новш юм даа." нэг тамхи асаа. утааг нь асаж байгаа лаа руу үлээ. галын дөл найгана. яг л үүн шиг. амнаас минь гарах өмхий үг бүр хэн нэгний сэтгэлийг ганхуулж байдаг. дуусаж байгаа тамхиа өөрийгөө гэж төсөөл. хорлонтой инээмсэглэл нүүрэндээ тодруулаад, тамхиа үнсний саванд нухчин дарж унтраа. тэгээд лаагаа үлээчихээд, хүслийнхээ хэдэн хувьд ч болтугай дөхөн очихын тулд орондоо ор. гэвч чи тэгсэнгүй. ахин нэг дуу сонслоо. Харанга-Өнгөрсөн үе. бүтэлгүй хайгч. ахин нэг тамхи асаа. харин энэ удаад тамхиа өөрийнхөө хөсрий хүслийг гэж бод. тэр чинь хоосон утаа болон замхраад дуусаж байна. өөртөө зориулах дараагийн сайхан үг. "Хохь нь, азгүй амьтан минь." баярлалаа. ийм өөртөө таларх loser минь!

Нам гүм нь

Тайтгарал бус

Тарчлаан.

Хүсэл мөрөөдөл нь

Баясал бус

Бачуурал.

Дүнсгэр уйтгар нь

Аядуу бус

Аймшигтай.

Гунигт бодол нь

Намуухан бус

Нүргээнтэй.

Чимээгүй мишээл нь

Хөгжилтэй бус

Хорсолтой.

Цийлгэр харц нь

Дулаахан бус

Даажинтай.

Гөлгөр төрх нь

Сонирхолтой бус

Сэжигтэй.

Гүн харанхуйд

Ганцаар шаналах

Гунигт нэгэн.

Гашуун нулимсаа

Гэмгүйхэн урсгаад

Гараараа шудрана.

Гаслант хорвоог

Гөлийн ширтэх

Гэрэлгүй харц.

Гэгээн бүхнээ

Гинжлүүлж хориулсан

Гэсгээгдсэн амь.

Гашуудлын ая

Гиншин аялах

Гомдонгуй хоолой.

Гоочлох амьдралыг

Гүйцээн дуусгахыг

Горьдсон сэтгэл.

Гансрал түгээн

Гамгүй цохилох

Ганцаардмал зүрх.

Гонсгор бодолдоо

Гиюүрэн дарагдах

Гундмал тархи.

Харанхуй цонх

Хараагүй нүд шиг.

Хувирамхай сэтгэл

Хаврын улирал шиг.

Хүний хүн

Хайрт хань шиг.

Хүсэл мөрөөдөл

Хий хоосон шиг.

Хайр сэтгэл

Хийсвэр төсөөлөл шиг.

Хагацал бүхэн

Хяслант хүлээлт шиг.

Хаягдсан навчис

Хөөрхийлэлтэй амьдрал шиг.

Хүн бүхэн

Хийсэх хамхуул шиг.

Хуанлийн хуудас

Хөврөх утас шиг.

Хямдхан амьдрал

Хүний хөрөнгө шиг.

Хонх дуугарах

Хөгжмийн эгшиг шиг.

Хийрхсэн ганцаардал

Хаан эзэн шиг.

Хувцасны шүүгээ

Хуучирсан дурлал шиг.

Хүмүүний амьдрал

Хаягдмал там шиг.

Хийсэн бүхэн

Хорт үйлдэл шиг.

Хэлсэн үгс

Хараалын тарни шиг.

Хөлсний дусал

Хөдөлмөрлөөгүйн гавъяа шиг.

Хорссон ходоод

Хогийн сав шиг.

Хийсэх утаа

Хүсэл мөрөөдөл шиг.

Ханын цаас

Хоригдолын хашаа шиг.

Харц бүхэн

Харъгис шийтгэл шиг.

Хийсэх үснүүд

Хийсэн нүгэл шиг.

Хүний амь

Хэврэгхэн цэцэг шиг.

Хорвоо өөрөө

Хуурамч жүжиг шиг.

Харин би

Хайрцагласан новш шиг.

Хавирга нүдэх

Хөрсөн зүрхээ

Хүйтэн гараараа

Хага базаад,

Минийх хэмээгдэх

Мэдэхгүй амьдралыг

Хөнөөж л байвал

Хаачсан ч яахав.

Сэтгэл дэх хорсол

Харцаар илэрч,

Хөмхийгөө зуун

Хүйтнээр ширтэнэ.

Yзэн ядалт

Зүрх хөндүүрлүүлж,

Хоолойгоор гагцхүү

Хараалын үгс л урсмой.

миний гуниг алга болчихож. би нэг л өөр байгаад байгаагаа мэдээд байсын. гэхдээ яг яагаад байгаагаа ойлгохгүй байсан чинь, өглөө таксинд сууж явахдаа л гэнэт олж мэдлээ. яагаад би гуниггүй болчихов? бүүр юунд ч гунихаа байчихаж. тэгээд, урьд нь юу бодож гуниад байдаг байснаа мэдэхгүй байгаа нь хамгийн тэнэг хэрэг. гуниггүй боллоо гээд жаргалтай болсон юм байхгүй л дээ. зүгээр л гуниг ч үгүй, жаргал ч үгүй хөндий хоосон болчихож. санаа алдаад л гуниад суухдаа, гуниг минь намайг орхиод явах тэр өдөр, хаягдаж хоцорсондоо би гуних болов уу? гэсэн утгагүй асуултыг өөртөө тавьж байсан. яаж ч гунихав дээ, гуниггүй болчихсон юм чинь. таалагдахгүй байнаа. нэг л хөндий, юу ч үгүй, хөлдүү толгой болчихсон юм шиг. юунд ч санаашрахгүй, юунд ч шаналахгүй, юуг ч үгүйлэхгүй. хоосорлоо хоосорлоо гэхэд ийм хоосон болмооргүй байна ш д. сэтгэл догдлол нь дагаад уусан замхарсан. ер нь гуниг гээч чинь дан ганцаараа биш юм байна. гуниг байж байж өөр бусад мэдрэмжүүд бий болдог юм байна. гунигаа санагалзахуй!

Хуанлийд үлдсэн

Хэдхэн хуудас

Хэрхэн намайг догдлуулж буйг

Хэн ч үл анзаарна.

Хайрлачихаж болмоор сэтгэл

Yнсчихэж болмоор уруул

Түшчихэж болмоор гар,

Гэсэн ч би яасан ч үгүй.

Өрөвдөм нэгний төлөө

Өөрийгөө бүү золь.

Ууршин хатах шавхайн төлөө

Унаж шарлах шарилжны төлөө

Хэнд ч эргэн дурсагдахгүй

Хэн ч бишийн

Хямдхан хүслийн төлөө чи

Хүн төрхөө бүү алд!

Маргааш би үхвэл яахав?

Магад, "тэнд" намайг шүүвэл яахав?

Өөрийг нь үгүйсгэж байсны төлөө

Өширхөж намайг зовоох юм болов уу?

Эсвэл "бурхан" юм болохоороо

Энэрч намайг өршөөх юм болов уу?

Уурлуулж байсан хүмүүсийн төлөө,

Уйлуулж байсан хүмүүсийн төлөө

Улаан галд намайг шатаах юм болов уу?

Уучлал би хүсэх ёстой юм болов уу?

Хийсэн "нүгэл" бүхэндээ

Хүлцэнгүйгээр уучлал гуйя гэвч,

Ганц л зүйлд эргэлзээ төрөх нь

Гайхал бурхан гээч нь бий юу?

Зүүдэндээ ч шаналаад л

Зүгээр суухдаа ч гуниад л.

Санаа алдалтын чимээ

Салхинаас ч илүүтэй сонсогдох.

Хэн ч бишийн амьдралаар

Хэдий хүртэл амьдрахаа мэдэхгүйдээ

Хүрэх эцсийг нь үзэлгүйгээр

Харамсах зүйлгүйгээр одоо л дуусгахыг зоригч.

Хүсэл мөрөөдөл гэх үгсийн утгыг

Хэд давтаад ч өөртөө ойлгуулж үл чадах

Хөшингө саарал манан

Харааг нь далдалсан нэгэн.

Ганцаардмал өдөр хоногуудыг

Гамнах зүйлгүй үрж,

Цаг хугацааны үнэ цэнийг

Цөхөрч ядахдаа үгүй хийсэн

Аз жаргалгүй нэгэн гуйлгачин

Аз жаргалыг үл хайгч.

Урсан байх нулимсаа

Унагалгүй тосон цуглуулсаар

Нулимсан нуур үүсгээд

Нэг л өдөр би тэндээ живнэ.

Доош унаж байхдаа

Дэмий өнгөрөөсөн амьдралаа бодохгүй,

Өөрийнхөө гараар үйлдсэн

Өчнөөн алдаандаа харуусахгүй.

Ахин энэ намайг зовоож чадахгүй гэж

Амьдралыг тавлан баясан инээнэ,

Ганцаардлыг минь хэн ч бусниулж чадахгүй

Гүн харанхуй руу чимээгүйхэн одно.

Хүсэл мөрөөдөл чинь би байна,

Харагдаж байвч баригдашгүй.

Хувиран өөрчлөгдөхдөө амархан,

Хийсэн одохдоо ч хурдан.

БИ яагаад БИ юм бэ? БИ яагаад ЧИ байж болохгүй гэж? эсвэл, БИ яагаад ТА НАР байж болохгүй гэж? бас, ТА НАР яагаад БИ байж болдоггүйн? ТА НАР энэ хэвэндээ дуртай юу? дургүй байсан ч өөрчлөхийг хүсдэггүймүү? эсвэл өөрчилж чаддаггүй юмуу? гэхдээ ТА НАР шиг хүн БИ байж чадахгүй л дээ. чадах байсан ч хүсэхгүй. шалтгаан нь ТА НАР бол БИД НАР шиг хүмүүст дургүй. гэхдээ БИД бол ТА НАР-т дургүй биш. шударга бус. ТА НАР асар шударга бус. БИД яахав хувиа хичээгсэд байж болохын.

тэр яахав. БИ гэхдээ БИ баймааргүй байна. гэхдээ бас, ЧИ ч болмооргүй байна. ер нь яагаад заавал ХЭН НЭГЭН байх ёстой гэж? ХЭН Ч БИШ байж болдоггүй юмуу? ХЭН НЭГЭН байж болоод байгаа мөртлөө яагаад ХЭН Ч БИШ байж болодоггүй юм? хайрцганд боогдсон өрөвдмөөр амьтас.

Нулимс урсана

Надад хамааралгүйгээр.

Хэний төлөөг

Хэлж би өөрөө чадахгүй.

Эсвэл юуны төлөө,

Энийг ч бас мэдэхгүй.

Зүгээр л урсана

Зүрх эмтлэн урсана.

Усан дуслуудаар дамжин

Урссаар бие минь замхарна.

Юу ч бишийн төлөө

Юу ч үгүйгээр одох нэгэн.

Yнэ цэнэгүй амьдралыг

Yртэс ч үлдээхгүй үрэх,

Утга учир нь л энэ гэдгийг

Ухаарч мэдрээгүй нэгэн.