Ар араасаа цуврах маргаашуудыг

Ахин үзэхгүй өдрийг догдлон хүлээсэндээ

Ганцаардлаар гинжлэгдсэн өнөөдрүүдийг

Ганихрал үгүйгээр өнгөрүүлсээр.

Хүлээсэн өдөр зорин иртэл

Хэр удаан би энэ багийг зүүх бол?

Амьдралыг би зовлон гэж үздэггүй

Учир нь би, жаргалыг амсаагүй.

Амьдралыг би үзэн яддаггүй

Учир нь би, хайрыг мэдрээгүй.

Амьдралыг би там гэж боддоггүй

Учир нь би, диваажинд байгаагүй.

Харин түүнийг, саарлаар дүрсэлдэг.

Хүрээлэн буй минь, хөшингө саарал.

Саарал зам дээр

Цагаан цаснууд

Машины дугуйн дор

Амь тавьцгаана.

Саарал шороон дээр

Шаргал навчис

Хүний хөлийн дор

Амь тавьцгаана

Саарал амьдрал дунд

Амь тавигсдын чарлаан дунд

Яаж би

Гуниггүйхэн амьдрахав дээ.

Гунигийнхаа тоогоор
Навч тасаллаа,
Модод нүцгэрчихэв.

Гадаа нар шарж байхад

Бие минь ууршиж байдаг.

Гадаа бороо орж байхад

Нүд минь нойтон байдаг.

Гадаа навчис хаялж байхад

Сэтгэл эмтрэн үйрч байдаг.

Гадаа цас хаялж байхад

Тархинд минь шуурга дэгдэж байдаг.

Ганцаардлаас, ганцаардлын зүг алхсаар

Зүрх минь үхэв.

Гунигаас, гунигийн зүг харайсаар

Сэтгэл минь үхэв.

Гишгэх газар үлдсэнгүй,

Yгүйрэх мэдрэмж ч мөн....

Хэн ч хүлээгээгүй гэртээ ирээд

Хэн ч ирэхгүйг нь мэдэх хэр нь

Хөлийн чимээ чагнана.