Чамд зориулан

Бичсэн шүлгүүд минь

Хайрын үггүй.

Чиний төлөө

Цохилдог зүрх минь

Жаргалын дуугүй.

Чиний дэргэд

Унагасан нулимс минь

Үнэ цэнэгүй.

Чамд хэлэх

Гурван үг минь

Сэтгэл хөдлөлгүй.

өнгөрсөнд үлдсэн гэж бодож байсан зүйлс цаг үргэлж л дэргэд минь явсаар байж. хажууд байсаар байгааг нь яагаад анзаараагүйгээ гайхах юм. өнгөрсөнд л үлдсэн гэж өөртөө бат итгүүлснээс болж тийм харалган байсан юм болов уу. бас, тэр яагаад өнгөрсөндөө үлдэлгүй, дагаад явсаар байсныг гайхах. би одоо цагт амьдарч байгаа. тэнд өнгөрсний зүйлс хутгалдаад эхлэвэл цаг хугацаа гээч утгаа алдмаар. тэгтэл, бүх зүйл ном ёсоороо үргэлжилсээр л. эсвэл, өнгөрсөн гэдгийг би буруу утгаар ойлгоод байдаг юм болов уу? юутай ч, миний мэдэх өнгөрсөн бол, одоо цагтай хамт хөтлөлцөөд яваад байж болохгүй. хэрвээ тэгэхийн бол, би өөрийгөө аль цаг үед амьдраад байгаагаа ойлгохоо болино. өнгөрсөн рүү эргээд шумбачихав уу, эсвэл, өнгөрсөн их хүчирхэг болохоороо миний одоо цагийг үгүй хийчихэв үү? юутай ч түүнтэй орооцолдоотохов. хүсэхгүй байна. өнгөрсний хүзүүнд чулуу дүүжлээд тэнд нь, тэр ёроолд нь үлдээмээр байна. гэтэл энэ хүсэл минь хэзээ ч биелэхгүй бололтой. учир нь, чулуу зүүх хүзүү өнгөрсөнд алга.