Чиний хойноос

Чимээгүйхэн унагасан нулимсан дуслуудаа

Жиндүү хаврын

Жавартай салхинд хөлдөөгөөд

Мөсөн зүрх хийн

Маш их хайртай гэж дээр нь сийллээ.

Цаг хугацааг ухраан

Цуурсан сэтгэлээ бүтэн болгоод

Эргэлзэх зүйлгүйгээр

Эргээд энэ амьдралаа сонгов.

Бэлхүүсээр татах голон амьдралаас

Сэлэх хүсэлгүйдээ дайжин одоод,

Шилбээр шүргэх горхин ганцаардлыг

Сэтгэл хангалуунаар гуниглан туучна

Хөндий цээжиндээ гараа зөрүүлэн

Хаврын шуурган дундуур алхана,

Хэн ч алга.

Залхуутай гэгч нь хөлөө зөөн

Зуны цэцэгс дундуур алхана,

Хэн ч алга.

Навчис туучин, шүлэг уншин

Намрын шаргал замаар алхана,

Хэн ч алга.

Өөрийнхөө мөрийг шинжин

Өвлийн цасан дундуур алхана,

Хэн ч алга.

Yнэндээ энд хайх газар үлдсэнгүй

Yхэгсдийн орныг зорин очлоо,

Сайн уу, сэтгэл минь!

Тамхиа татан

Тагтан дээр зогсоно.

Золгүй заяагаа

Зүхээд ханачихсан

Хайхрамжгүй харцаар

Хүмүүсийг ширтэнэ.

Зовлонгоо үүрээд

Зүдрэн алхах тэднийг

Дээрээс харсан ч

Дарамт нь мэдрэгдэнэ.

Тэднийх шиг

Тэвчээр надад алга,

Тамхи дуусахад

Тагтан дээр хэн ч үгүй.

Хайртай гээд

Халуунаар тэврэхэд нь

Хайргүй гэж

Хүйтэн зүрх нь цохилно.

Санасан гээд

Санаа алдахад нь

Санаагүй гэж

Сэтгэл нь бухимдана.

Хагацахгүй гээд

Худлаа уйлахад нь

Хагацахсан гэж

Хөл нь яаравчилна.

хэн нэгний төлөө ихээр санаа зовох. тэгсэн хэрнээ үүнийгээ тэр хүндээ хэлж чадахгүй байх. яагаад ч юм би дандаа л тэгдэг. тийм ч болоод хүмүүст хөндий хүйтнээрээ дуудуулдаг. үнэндээ, сэтгэл дотроо бол, тарчлан үсээ үгтээн зулгааж л байдаг. яагаад санаа тавьж байгаагаа, санаа зовж байгаагаа хэлэхийг хүсдэггүйгээ ойлгодоггүй. зүгээр л, ямар ч шалтгаангүйгээр өөрийгөө нуугаад, далд үлдээх гээд байдагтай холбоотой юм болов уу? яг одоо ч бас хэн нэгэн намайг, новшийн хүйтэн сэтгэлтэн гэж бодож байгаа. харин би энд, яаж байгаа бол гэж хий шаналаад л. гэхдээ тэр талаараа ганц ч үг цухуйлгаагүй. мэдэхгүй, би ер нь хорвоо дээрх хамгийн тэнэг хүн байх. өөрөө өөрийгөө ядаж тал хувиар ч ойлгочихож чаддаггүй. үнсний савны хэмжээтэй ертөнц минь дээ гэж.

Алдаж ханадаггүй итгэлээ халааслаад

Алдуурч оддоггүй гунигаа тэврээд

Хэзээд хамт ганцаардлаа хөтлөөд

Хаашаа ч явдаггүй уйтгараа цүнхлээд

Yгүйрсэн навчсаа санах өнчин модны доор

Yхлээ хүлээн хань болж тамхилж сууна би.

Гуниг гэдэг чинь би юм

Гамгүйхэн түлхэн өөрөөсөө холдуул намайг

Гундааж орхино амьдралыг чинь.

Уйтгар гэдэг чинь би юм

Уучлал эрэлгүй өөрөөсөө холдуул намайг

Уруудуулж орхино амьдралыг чинь.

Шаналал гэдэг чинь би юм

Шунах зүйлгүй өөрөөсөө холдуул намайг

Шууруулж орхино амьдралыг чинь.

Нулимс гэдэг чинь би юм

Нуугдаж үлдээд өөрөөсөө холдуул намайг

Нурааж орхино амьдралыг чинь.

Ганцаардал гэдэг чинь би юм ...