Yзэг, гар хоёр

Yржилд орон

Шүлэг төрүүлэв.

Эх баригч цаас

Энэ амьдралд дургүй учир

Шатаж үхэн

Амиа егүүтгэхдээ

Шүлгийг ч бас

Авч одов.

Шаналсан үзэг

Хамаг бэхээ гоожуулан

Хатаж үхэв.

Гунисан гар

Хуруудаа тасдан

Ертөнцөөс халив.

Эндэхийн уйлаан орилоон дунд

Эргэж гүйцсэн толгойгоо тэврэн суухад

Навчсын жаргалтай хөхрөлдөөн

Нөгөө ертөнцөөс сонсогдон тарчлаана ..,

Аравдугаар сарын тэр нэгэн өдөр орсон

Анхны цаснаар төрсөн шүлэг би.

Утгыг минь гэвч хэн ч тайлж чадахгүй

Учир нь би орчуулагдаагүй.

би энэ шоронгийн өрөөнд ганцаараа байсын. нэлээн удаан. эндээс оргох тухай бодож байсан. яаж гэдгээ ч хүртэл хэд хэдэн хувилбараар бодоод олчихсон. гэсэн ч оргож чадахгүй байсан. магад, төлөвлөгөөгөө биелүүлэхэд ганцаараа хүчин мөхөсдөөд байсан ч байж болохын. нэг өдөр она миний өрөөнд орж ирсийн. бас хоригдол. анх тэрийг орж ирэхэд нь өрөөгөөр дүүрэн улаан өнгө нялгадаад л явчих шиг санагдсан. цус ч юмуу, эрч хүч ч юмуу, тэрний танхай зан ч тэгж харагдсан юмуу, мэдэхгүй. юутай ч улаан өнгө л байсын. миний өрөө бол мэдээж шороон саарал өнгөтэй. бид хамтдаа эндээс оргох тухай их ярьдаг болсон. төлөвлөгөө бас л биелж чадахгүй байсаар л. заримдаа она намайг оргуулаад, өөрөө үлдэх хүртэл төлөвлөгөө зохиодог байсан. би зөвшөөрч чадахгүй. өдөр хоногууд өнгөрсөөр л. хоёулаа хамт оргох төлөвлөгөөнүүд өчнөөнөөрөө зохиогдож байсан ч биеллээ олохгүй. гэсэн ч тэр нэгэн өдөр ирж л таараа гэж бодож байснаар болж, тэр өдөр ирсэн. ингээд бид хоёр хамтдаа оргохоор боллоо. яг оргохын өмнө она надад нэг юм хэлсэн нь: "намайг анх орж ирэхэд чиний өрөө ув улаан байсан" ..,