Тас хар хэрээ

Түнэр харанхуй шөнөөр

Хөшигний завсраар

Хүзүүгээ сунгаад:

-Бодол чинь харлачихаж,

Бүр надаас илүү! гэж

Гаслант хоолойгоор

Гуаглаад буцахдаа

Ширхэг өдөө

Шилэн завсар үлдээснийг

Үүрээр би олоод

Үзэгнийхээ оронд хэрэглэн,

"Хэрээ цагаан" гэж

Хэвгүйхэн таталлаа.

Залуугийн хувьд хүүхнүүд хэзээ ч сэтгэлд нь чухал орон зайг эзэлж байсангүй. Түүний хувьд хүүхнүүд хэмээгдэгсэд ердөө л гар хангалга хийж гараа ядраахгүйн тулд оршин байдаг тоглоомууд байлаа. Ээлжит нэгэн тоглоом. Харин тэр тоглоом нь харамсалтай нь өөрийгөө тоглоом гэж бодоогүй тоглоом байлаа. Хүүхэн түүнд үнэн сэтгэлээсээ дурлачихав. Залуу ээлжит тоглоомоо орхив. Харин тоглоом нь үүнийг хүлээн зөвшөөрч чадсангүй. Шаралхсан хүүхэн түүнээс хариугаа авахыг хүсэв. Өшөө авалт нь хэтэрхий энгийн. Залуугийн хувьд. Хүүхэн залуугийн сайн найзтай нь учир ургуулав. Хүүхний хувьд энэ том хонзон байж болох ч тэр залуугаа сайн мэдсэнгүй. Тоглож сурсан залууд энэ ямар ч мэдрэмж төрүүлсэнгүй. Харин түүний найзад энэ мэдрэмж төрүүлэв. Найз нь бүсгүйд дурлачихав. Хонзонгоо авах гэсэн бүсгүй бүтэлгүйтсэнээ мэдээд өнөөх найзыг нь орхив. Харин найз нь үүнийг тэсвэрлэсэнгүй. Өөрийг нь юу ч биш болгож хаясан бүсгүйн амийг хороогоод, үүндээ шаналан өөрийгөө бас хороов. Насан эцэслэсэн хоёрын тэнэг үйлдлийг шоолон инээсээр өнөөх залуу хэнийх нь ч оршуулганд ирсэнгүй.

Тавиланг хуурч

Танхайраад,

Түүндээ баясан

Тачигнан хөхөртөл

Хорссон заяа

Хүрз барин

Хүсээгүй өнгөрсөнг

Хүрздэн авчраад,

Ялсан баатрын

Ялгуусан дүрээр

Өөдөөс ширтэн

Өширхөн мушийв.

Ядарч байна,

Цаг хугацаагаа дуусгах гэж

Цагаа барьцаанд тавьлаа.

Цөхөрч байна,

Маргаашийг дургүйхэн харах гэж

Мөнгөн гинжээ зарлаа.

Залхаж байна,

Хүсээгүй ирээдүйг хүртэх гэж

Хамаг бүхнээ золилоо.

Баярлаж байна,

Хойшдын төлөө зориулах

Хугархай харандаа ч үлдээгүйд.

Асар том

Асуултын тэмдэг,

Амьдрал.

Хажууд дагах

Хямдхан үхэл,

Хариулт.

Ядам хуруун дахь гархиа сугалаад

Явлаа би чамаас, үүрд.

Үлдээсэн бэлзэг минь хэн нэгний

Үнэт хуруунд нь таарвал

Намайг мартсаны тэмдэг болгож

Насан туршид нь зүүлгээрэй.

Үхсэн сэтгэлийн минь сүнс

Өрөөгөөр холхин тэнүүчлээд,

Үгүйрсэн бүхний төлөө

Өөрийг минь буруутган бувтнахад

Тэвчээр алдарсан би

Тамхиа дуусгалгүй унтраагаад,

Гэм буруугаа үүрэхээр

Гэрэлт хорвоог орхив.

Намраас намарт

Миний сэтгэлийн шувууд

Буцах нутаггүйгээс

Бүгд амь тавьцгаадаг.

Нулимсаар нэрсэн дарсанд согтуурхсан сэтгэл

Надад өөрийн "сэтгэлээ" удтал уудлахад

Хэзээ ч түүнийг ойлгож байгаагүйгээ мэдэрсэндээ

Хуурай аньсага зовсхийн хулмалзав.

Аяга дүүрэн хорыг

Амтархан залгилахдаа

Халихыг хүссэнсэн.

Амьдрал харин надад

Атаархан хорссондоо

Хоронд дасгачихаж.

Хаа нэгтэйгээс өөрийн үнэн дүр төрхийг олж харах. Зөрүүд, зожиг, ганцаардмал, өвчнөө дарахын тулд алив нэгэн зүйлд донтогч. Өөрийн дүр төрхийг олж харсан хэдий ч өөрийгөө бус олж харсан дүр төрхөө өрөвдөх. Харин тэр дүр төрх минь намайг харсан бол намайг өрөвдөх байх байсан байх даа. Ганцаардал туйлдаа хүрэхэд, хэдэн настай, хэн байх нь хамаагүй, эцсийн тулах цэг ээж рүүгээ ярих. Өөрийгөө толинд харсан ч энэ дүр төрхийг үнэнээр нь харж чадахгүй л байх байсан болов уу.

Зүсэлт өвдөлт үүсгэнэ. Нэг өвдөлт нөгөөгөө сарниулна.

Мянга мянган харцанд жигүүрээ хяргуулсан

Миний зовлонт, хараат амьдрал.

Хэлээгүй, хэлэх ч үгүй үгс

Хэзээ ч үнсэхгүй үнсэлтийн хамт

Борооны ганц дусалд цөм багтаад

Бүлээн уруул дээр чинь хүчтэйхэн унахад

Цочсондоо чи уруулаа хазлан

Цаг хугацаа руу эргэн харна.

Жаргаж үзэв үү энд?

Жаргал гэдэг юу сан билээ?

Зовж үзэв үү энд?

Зовлон гэдэг юу сан билээ?

Мөхсөн мэдрэмжүүдийн ачаар

Мэдэрч үзсэнгүй юуг ч.

Алийг нь ч мэдэрч чадаагүйдээ

Амаа барин харууссангүй.

Зовоож бас жаргаагаагүй

Зол заяандаа талархав.

Тэр гартаа буу атгаад, өөртөө итгэлтэйгээр алхаж байлаа. Халаасанд нь ганцхан ширхэг сум байгаа. Гэхдээ энэ бол хангалттай. Хэдийгээр мөнгө нь 2 сум авч хүрсэн хэдий ч, нэгийг нь тэр буугаар яаж бууддагийг үзэх гэсэндээ золиосонд гаргачихсан. Бууг нэг өдрийн хугацаатай түрээслэн авсан ч, эзэнд нь буцааж өгөх талаар огт бодсонгүй. Эзэн нь өөрөө олж чадвал авдаг л юм байгаа биз. Угаас, энд үлдэж байгаа бүхэн түүнд одоо ямар ч хамаа байхгүй.

Тэр алхсаар, хүнгүй, хог шороондоо дарагдсан нэгэн гудамж руу орж ирлээ. Энэ л яг зөв газар. Түүний амьдрал хог новш байсан. Тиймээс хог новшин дундаа л дуусах ёстой. Сумаа гаргаж буундаа хийв. Эргэн тойрноо харлаа. Энэ бүхнийг тэр ахин олж харахгүй гэхээс зүрх нь хүчтэй цохилно. Инээмсэглэл.

Гэнэт хажууд нь нэг нохой хүрч ирээд хэвтчихэв. Хэн нэгнийг, бүр нохойг ч хүртэл цусаараа будах хүсэл байсангүй. Чулуу аван нохойг хөөлөө. Нөгөөх нь хөлөө чирэн босож ядна. Хойд хоёр хөл нь хоёулаа шархалсан бололтой. Алин дээр нь гишгэж явахаа мэдэхгүй хөөрхий минь, сүүлдээ бүр бөгсөө чирэн чадан ядан урагш хэд алхаад, хүч нь дутсан бололтой, лаг хийн унаад өгөв. Газар хэсэг хэвтэж байгаад, эргэн түүн рүү нэг л хачин харцаар харлаа. Тэр энэ харцыг тийм ч удаан тэсвэрлэж чадсангүй. Халаасаа ухаж үзлээ. Хэдхэн халтар төгрөг байна. "Наанаасаа битгий хөдлөөрэй" гэж тэр нохойд хандаж хэлээд, босож явлаа. Угаасаа нохой хөдлөе гэхнээ хүч нь хүрэхгүй байсан биз. Байсан бүх мөнгөөрөө жижигхэн хиам авчраад, нохойд өгөв. Нохой ч түүнийг нь ум хумгүй залгилж гарлаа. " Ганц ч болтугай буян хийлээ" гэх бодол түүний толгойд орж ирнэ. Уг нь түүнд мухар сүсэг байдаггүй л юмсан. "Эндээс" явах болохоороо хүмүүс өөрчлөгддөг юм болов уу эсвэл?

Хэсэг бодолхийлж байгаад гэнэт сэхээ орон харвал нохой яваагүй, харин ч түүний хөлийн дэргэд ирээд түүнийг өнөөх л сонин харцаараа ширтээд хэвтэж байлаа. "Чамд ч бас хэцүү байна уу?" гэж нохойноос асуув. Хариулт нь түүний харцнаас тодорхой байлаа. Тиймээ, тэр гуйгаад байна. Сонголт. Цаг үргэлжийн хараал идсэн сонголтууд. Буун дуу тасхийв.

Тэр үхсэн нохойг хэсэг сонингоор бүтээсэн. Нохойн харцанд талархал дүүрэн харагдсан. Түүнд сум үлдээгүй. Ахиж авах мөнгө ч байхгүй. Бас бууг буцааж өгөх ёстой. Ахин түрээсэлж автал нэлээдгүй хугацаанд мөнгө хуримтлуулах хэрэгтэй болно. Амьдрал үргэлжилсээр л ..,


Чамд бичсэн
Хаяггүй захидлаа шатаалаа.
Yнс нь хийсэн хийссээр
Хэзээ нэгтээ өвөр дээр чинь
Зөөлөн буух тэр цагт
Бичигдсэн үгсийг нь
Чи тайлан уншиж чадна.

Харанхуйн дунд ганцаар сууна,

Хахир амьдрал дотроос олсон

Хэсэгхэн таашаал минь энэ л буюу

Зэрэглээнд хууртаж ханахгүй итгэл

Зайлаад надаас одохгүй нь гаслантай.

Yхэх өдрийг минь ирэн иртэл

Yргэлж надтай зууралдах нь зовлонтой.

Орхиод намайг амраагаад өгөөч

Ондоо хүсэл надад алга.

Бүтэлгүйтэл бүрийн чинь дараа

Бачууралд идэгдсээр би дуусах нь.

Алга боллоо гэхэд чинь

Анзаарч би харуусахгүй ээ.

Дороо дэвхцэн баярлан хөөрч

Догдлон сэтгэл минь ч хөгжихгүй.

Яваад л өг надаас.

Хийсээд дорхноо сарничих

Хямдхан бодлуудын цуваа

Хүсэл минь болдог.

Тарчлаан биеэ шаналгах

Тайвуу өвдөлтүүдийн ээлжлэл

Таашаал минь болдог.

Дурсамж үгүй мартагдах

Дуниартсан үдшүүдийн дараалал

Дурлал минь болдог.

Аргацааж ядан өнгөрөөх

Арчаагүй өдрүүдийн нийлбэр

Амьдрал минь болдог.

Хувиршгүй хүйтэн ирээдүй

Хүлээж цөхөөд одоход

Хаачихаа мэдэхгүй би

Хөзрөөр мэргэ хийнэ.

Ганцаардалтай тааралдахад

Хачирхалтай байсан

Ганцаардалтай найзлахад

Хөгжилтэй байсан.

Ганцаардалд олзлогдоход

Таатай байсан

Ганцаардалд эзэмдүүлэхэд

Таашаалтай байсан.

Ганцаардал гомдооход

Гунигтай байсан

Ганцаардал одоход

Гарцаагүй үхнэ би.

Ядам хуруундаа дөнгөтэй гаранд

Яагаад ч юм тэврүүлэхийг хүснэ

Тэврүүлж хэвтэхдээ бүхнийг умартан

Тэнэгшээр мөрөөдөлдөө умбан баясна.

Ядам хуруундаа дөнгөтэй гар

Яаран гэр рүүгээ гарч одохуй

Тэвчиж чадалгүй нулимс асгаруулан

Тэнхэл алдран өвдөг сөхөрнө.

Ядам хуруундаа дөнгөтэй гарны

Ялдамхан сайханд хэт шунаад

Тэсэж дийлэлгүй зүрх гашуудсаар

Тэнгэр рүү халин одвой.

Залуу үхэхээр нэгэнтээ зориг шулуудав. Түүнгүйгээр тэр амьдраад ч яах билээ. Угаас амьдаръя гээд ч чадахгүйгээ тэр өөрөө мэдэж байгаа. Гэхдээ түүнд буруу байхгүй. Буруутгах эзэн энд алга. Магадгүй амьдралыг буруутгаж болох юм. Хэн нэгнийг буруутгалаа гээд цаг хугацаа эргэхгүйгээс хойш энэ ямар ч хэрэггүй.

Залуу эргэн тойрноо харлаа. Яг одоо л үхэх хэрэгтэй. Шийдвэрээ тэр дор нь гүйцэтгэхгүй бол ахуй гээч аймшигт уусан замхарсаар энэ бодол нь устах аюултай. Яг одоо, яг энд өөрийгөө үгүй хийчих боломж юу байна? Галт тэрэг. Тиймээ. Энэ л зөв сонголт. Бас найдвартай. Залуугийн хүслийг биелүүлэхийг яарсан мэт холоос галт тэрэг ирж байгаа харагдлаа. Залуу зам дээр галт тэргийг амдан өвдөг дээрээ суулаа. Амьдралынхаа төгсгөлд түүнийхээ дүрийг төсөөлсөөр дуусах болно. Түүний царай, түүний инээмсэглэл, түүний ичингүйрэл. Бүгдийг сэтгэлдээ харлаа. Залуу инээмсэглэв. Галт тэрэг ч ойртлоо.Баяртай гэж амандаа аяархан шивнэв. Зүрх нь хүчтэй цохилно. Галт тэрэг тулан ирлээ.

Гэнэт хэн нэгний хүчтэй гар түүнийг замаас зайлуулан түлхэн унагаж, хачин чимээ чихнээ сонсдон, залуугийн нүүрэнд ямар нэгэн нойтон зүйл наалдав. Галт тэрэг чахран зогсож байгаа дуулдана. Залуу хэдэн хором нүдээ нээлгүй газар хэвтлээ. Толгойд нь ганц л бодол орж ирнэ. Би үхсэнгүй. Хэсэг хэвтээд тэрээр нүдээ нээлээ. Хамгийн түрүүнд харагдсан зүйл бол, хумсыг нь будаж янзлаагүй ч эмэгтэй хүнийх гэдэг нь мэдэгдэх бугуйгаараа тасарсан гар байлаа. Эргэн тойронд нь цус улаарна. Залуу нүүрэндээ гараа хүргэн харвал нүүр нь бас цусанд будагджээ. Галт тэрэг хэдийн зогсон, хэн нэгэн тэндээс хашгирсаар бууж ирж байна.

Залуу гэртээ гараараа толгойгоо тэврэн харанхуйд бодолд дарагдан сууна. Өөрийнх нь амийг авраад, өөрөө үхчихсэн тэр бүсгүй хэн байв? Түүний оронд үхэл яагаад тэр бүсгүйг сонгочихов? Тэр бүсгүйн хэн байсан тухай залуу заавал олж мэдэхээр шийдлээ. Тэгээд тэр эрлээ тэр дор нь эхлүүлэв.

Хэсэг хугацааны дараа. Залуу өмнөө баахан цаас овоолон, тэднийгээ ширтэн чимээгүй сууна. Цаасан дунд нэгэн бүсгүйн гэрэл зураг харагдана. Залуу тэр зураг руу харж зүрхэлсэнгүй. Учир нь, өөрөөс нь илүү өрөвдөлтэй амьдралтай нэгэн энэ амьдрал дунд байж болно гэж тэр өмнө нь бодож байгаагүйгээс тэр. Хэзээ ч уулзаж, ярилцаж, харж байгаагүй тэр бүсгүйд залуу хэдийнэ дурлажээ. Өөрийг нь орхин одсон бүсгүйн тухай, өөрийг нь үхэлд хүргэх гэж байсан тэр бүсгүйн тухай бодол залуугийн толгойноос ор мөргүй арчигдан алга болж. Хуурмагхан хорвоо. Харин яг одоо ширтэж чадалгүй халган суугаа энэ бүсгүйн зураг бол жинхэнэ үнэн. Залуу энэ бүсгүйн араас харамсаж чадсангүй. Бас харамсахгүй байж чадсангүй. Үхсэн нь түүнд хэрэгтэй байсан ч, бас тэр амьд байж байсан бол гэх эргэлзээт бодлууд төрнө. Залуу ахиад шийдвэр гаргалаа. Тэр энэ бүсгүйн төлөө үхэн үхтлээ үргэлжлүүлэн амьдрахаар шийдэв. Тэр хэн байв?

Надтай таарснаа хараан зүхэн

Намайг үзэн ядаж байна гэв үү

Ялгаа алга даа,

Ямар ч мэдрэмж надад төрөхгүй.

Өөрт минь зориулан шүлэг тэрлэн

Өрчинь өвдөн уйлж байна гэв үү

Ялгаа алга даа,

Ямар ч мэдрэмж надад төрөхгүй.

Дүрийг минь мартахгүй шаналан

Дарс шимэн сууж байна гэв үү

Ялгаа алга даа,

Ямар ч мэдрэмж надад төрөхгүй.

Орхисныг минь санан бачимдан

Ондоо нэгэнтэй зугаалж байна гэв үү

Ялгаа алга даа,

Ямар ч мэдрэмж надад төрөхгүй.

Уйлдаг уу гэжүү?

Yгүй.

Унан тусан хөхөрдөг юм.

Шаналдаг уу гэжүү?

Yгүй.

Шавайгаа ханатал баясдаг юм.

Уйтгарладаг уу гэжүү?

Yгүй.

Ухаанаа алдтал цэнгэдэг юм.

Ганцаарддаг уу гэжүү?

Yгүй.

Гишгэх газаргүй бужигналддаг юм.

Тэгээд яадаг юм гэжүү?

Тийм ..,

Шөнө болоосой

Шөнө л болоосой.

Амь тавьсан мэт

Харанхуй цонхнуудыг ширтэн

Амьдрал төгссөн гэх

Хуурмагийг өөртөө итгүүлж

Бодол ч үгүй

Биеэ хумиад

Зүүд хэмээгдэх

Зэрэглээт ертөнцөөр аялмаар.

Энэ бол амьдрал биш

Энэ л бодолдоо баясмаар.

Тэгээд

Хэн ч намайг бүү сэрээгээсэй

Хэзээ ч би сэрэхгүй байхсан.

Гарыг чинь ширтээд

Ширтээд л, ширтээд л, ширтээд л.

Нүдийг чинь хараад

Хараад л, хараад л, хараад л.

Тэврүүлж хэвтмээр дотно гар

Түлхэж орхимоор танихгүй гар.

Ганцаардалд ханьсах зөөлөн харц

Гөлгөнөн дальдчимаар мэдэхгүй харц.

Аль аль нь тэнд.

Залуугийн нүдэнд нулимс цийлэгнэнэ. Охин өөдөөс нь бүлтийн харж зогсоно. Залуу охин руу тонгойлоо. Охин нүдээ анив. Залуу толгойгоо зүүн тийш нь хазайлган, нүдээ аниад, охины уруул дээр үнсэх яг тэр үед хацрыг нь даган нулимс урслаа. Охин үүнийг харсангүй. Залуу анх удаа түүнээсээ өөр охины уруул дээр үнсэж байгаа нь энэ. Охин өлмийгөө өргөжээ.