Шөнө болоосой

Шөнө л болоосой.

Амь тавьсан мэт

Харанхуй цонхнуудыг ширтэн

Амьдрал төгссөн гэх

Хуурмагийг өөртөө итгүүлж

Бодол ч үгүй

Биеэ хумиад

Зүүд хэмээгдэх

Зэрэглээт ертөнцөөр аялмаар.

Энэ бол амьдрал биш

Энэ л бодолдоо баясмаар.

Тэгээд

Хэн ч намайг бүү сэрээгээсэй

Хэзээ ч би сэрэхгүй байхсан.

Гарыг чинь ширтээд

Ширтээд л, ширтээд л, ширтээд л.

Нүдийг чинь хараад

Хараад л, хараад л, хараад л.

Тэврүүлж хэвтмээр дотно гар

Түлхэж орхимоор танихгүй гар.

Ганцаардалд ханьсах зөөлөн харц

Гөлгөнөн дальдчимаар мэдэхгүй харц.

Аль аль нь тэнд.

Залуугийн нүдэнд нулимс цийлэгнэнэ. Охин өөдөөс нь бүлтийн харж зогсоно. Залуу охин руу тонгойлоо. Охин нүдээ анив. Залуу толгойгоо зүүн тийш нь хазайлган, нүдээ аниад, охины уруул дээр үнсэх яг тэр үед хацрыг нь даган нулимс урслаа. Охин үүнийг харсангүй. Залуу анх удаа түүнээсээ өөр охины уруул дээр үнсэж байгаа нь энэ. Охин өлмийгөө өргөжээ.