Залуу үхэхээр нэгэнтээ зориг шулуудав. Түүнгүйгээр тэр амьдраад ч яах билээ. Угаас амьдаръя гээд ч чадахгүйгээ тэр өөрөө мэдэж байгаа. Гэхдээ түүнд буруу байхгүй. Буруутгах эзэн энд алга. Магадгүй амьдралыг буруутгаж болох юм. Хэн нэгнийг буруутгалаа гээд цаг хугацаа эргэхгүйгээс хойш энэ ямар ч хэрэггүй.

Залуу эргэн тойрноо харлаа. Яг одоо л үхэх хэрэгтэй. Шийдвэрээ тэр дор нь гүйцэтгэхгүй бол ахуй гээч аймшигт уусан замхарсаар энэ бодол нь устах аюултай. Яг одоо, яг энд өөрийгөө үгүй хийчих боломж юу байна? Галт тэрэг. Тиймээ. Энэ л зөв сонголт. Бас найдвартай. Залуугийн хүслийг биелүүлэхийг яарсан мэт холоос галт тэрэг ирж байгаа харагдлаа. Залуу зам дээр галт тэргийг амдан өвдөг дээрээ суулаа. Амьдралынхаа төгсгөлд түүнийхээ дүрийг төсөөлсөөр дуусах болно. Түүний царай, түүний инээмсэглэл, түүний ичингүйрэл. Бүгдийг сэтгэлдээ харлаа. Залуу инээмсэглэв. Галт тэрэг ч ойртлоо.Баяртай гэж амандаа аяархан шивнэв. Зүрх нь хүчтэй цохилно. Галт тэрэг тулан ирлээ.

Гэнэт хэн нэгний хүчтэй гар түүнийг замаас зайлуулан түлхэн унагаж, хачин чимээ чихнээ сонсдон, залуугийн нүүрэнд ямар нэгэн нойтон зүйл наалдав. Галт тэрэг чахран зогсож байгаа дуулдана. Залуу хэдэн хором нүдээ нээлгүй газар хэвтлээ. Толгойд нь ганц л бодол орж ирнэ. Би үхсэнгүй. Хэсэг хэвтээд тэрээр нүдээ нээлээ. Хамгийн түрүүнд харагдсан зүйл бол, хумсыг нь будаж янзлаагүй ч эмэгтэй хүнийх гэдэг нь мэдэгдэх бугуйгаараа тасарсан гар байлаа. Эргэн тойронд нь цус улаарна. Залуу нүүрэндээ гараа хүргэн харвал нүүр нь бас цусанд будагджээ. Галт тэрэг хэдийн зогсон, хэн нэгэн тэндээс хашгирсаар бууж ирж байна.

Залуу гэртээ гараараа толгойгоо тэврэн харанхуйд бодолд дарагдан сууна. Өөрийнх нь амийг авраад, өөрөө үхчихсэн тэр бүсгүй хэн байв? Түүний оронд үхэл яагаад тэр бүсгүйг сонгочихов? Тэр бүсгүйн хэн байсан тухай залуу заавал олж мэдэхээр шийдлээ. Тэгээд тэр эрлээ тэр дор нь эхлүүлэв.

Хэсэг хугацааны дараа. Залуу өмнөө баахан цаас овоолон, тэднийгээ ширтэн чимээгүй сууна. Цаасан дунд нэгэн бүсгүйн гэрэл зураг харагдана. Залуу тэр зураг руу харж зүрхэлсэнгүй. Учир нь, өөрөөс нь илүү өрөвдөлтэй амьдралтай нэгэн энэ амьдрал дунд байж болно гэж тэр өмнө нь бодож байгаагүйгээс тэр. Хэзээ ч уулзаж, ярилцаж, харж байгаагүй тэр бүсгүйд залуу хэдийнэ дурлажээ. Өөрийг нь орхин одсон бүсгүйн тухай, өөрийг нь үхэлд хүргэх гэж байсан тэр бүсгүйн тухай бодол залуугийн толгойноос ор мөргүй арчигдан алга болж. Хуурмагхан хорвоо. Харин яг одоо ширтэж чадалгүй халган суугаа энэ бүсгүйн зураг бол жинхэнэ үнэн. Залуу энэ бүсгүйн араас харамсаж чадсангүй. Бас харамсахгүй байж чадсангүй. Үхсэн нь түүнд хэрэгтэй байсан ч, бас тэр амьд байж байсан бол гэх эргэлзээт бодлууд төрнө. Залуу ахиад шийдвэр гаргалаа. Тэр энэ бүсгүйн төлөө үхэн үхтлээ үргэлжлүүлэн амьдрахаар шийдэв. Тэр хэн байв?

Надтай таарснаа хараан зүхэн

Намайг үзэн ядаж байна гэв үү

Ялгаа алга даа,

Ямар ч мэдрэмж надад төрөхгүй.

Өөрт минь зориулан шүлэг тэрлэн

Өрчинь өвдөн уйлж байна гэв үү

Ялгаа алга даа,

Ямар ч мэдрэмж надад төрөхгүй.

Дүрийг минь мартахгүй шаналан

Дарс шимэн сууж байна гэв үү

Ялгаа алга даа,

Ямар ч мэдрэмж надад төрөхгүй.

Орхисныг минь санан бачимдан

Ондоо нэгэнтэй зугаалж байна гэв үү

Ялгаа алга даа,

Ямар ч мэдрэмж надад төрөхгүй.

Уйлдаг уу гэжүү?

Yгүй.

Унан тусан хөхөрдөг юм.

Шаналдаг уу гэжүү?

Yгүй.

Шавайгаа ханатал баясдаг юм.

Уйтгарладаг уу гэжүү?

Yгүй.

Ухаанаа алдтал цэнгэдэг юм.

Ганцаарддаг уу гэжүү?

Yгүй.

Гишгэх газаргүй бужигналддаг юм.

Тэгээд яадаг юм гэжүү?

Тийм ..,