Хийсээд дорхноо сарничих

Хямдхан бодлуудын цуваа

Хүсэл минь болдог.

Тарчлаан биеэ шаналгах

Тайвуу өвдөлтүүдийн ээлжлэл

Таашаал минь болдог.

Дурсамж үгүй мартагдах

Дуниартсан үдшүүдийн дараалал

Дурлал минь болдог.

Аргацааж ядан өнгөрөөх

Арчаагүй өдрүүдийн нийлбэр

Амьдрал минь болдог.

Хувиршгүй хүйтэн ирээдүй

Хүлээж цөхөөд одоход

Хаачихаа мэдэхгүй би

Хөзрөөр мэргэ хийнэ.

Ганцаардалтай тааралдахад

Хачирхалтай байсан

Ганцаардалтай найзлахад

Хөгжилтэй байсан.

Ганцаардалд олзлогдоход

Таатай байсан

Ганцаардалд эзэмдүүлэхэд

Таашаалтай байсан.

Ганцаардал гомдооход

Гунигтай байсан

Ганцаардал одоход

Гарцаагүй үхнэ би.

Ядам хуруундаа дөнгөтэй гаранд

Яагаад ч юм тэврүүлэхийг хүснэ

Тэврүүлж хэвтэхдээ бүхнийг умартан

Тэнэгшээр мөрөөдөлдөө умбан баясна.

Ядам хуруундаа дөнгөтэй гар

Яаран гэр рүүгээ гарч одохуй

Тэвчиж чадалгүй нулимс асгаруулан

Тэнхэл алдран өвдөг сөхөрнө.

Ядам хуруундаа дөнгөтэй гарны

Ялдамхан сайханд хэт шунаад

Тэсэж дийлэлгүй зүрх гашуудсаар

Тэнгэр рүү халин одвой.