Тэр гартаа буу атгаад, өөртөө итгэлтэйгээр алхаж байлаа. Халаасанд нь ганцхан ширхэг сум байгаа. Гэхдээ энэ бол хангалттай. Хэдийгээр мөнгө нь 2 сум авч хүрсэн хэдий ч, нэгийг нь тэр буугаар яаж бууддагийг үзэх гэсэндээ золиосонд гаргачихсан. Бууг нэг өдрийн хугацаатай түрээслэн авсан ч, эзэнд нь буцааж өгөх талаар огт бодсонгүй. Эзэн нь өөрөө олж чадвал авдаг л юм байгаа биз. Угаас, энд үлдэж байгаа бүхэн түүнд одоо ямар ч хамаа байхгүй.

Тэр алхсаар, хүнгүй, хог шороондоо дарагдсан нэгэн гудамж руу орж ирлээ. Энэ л яг зөв газар. Түүний амьдрал хог новш байсан. Тиймээс хог новшин дундаа л дуусах ёстой. Сумаа гаргаж буундаа хийв. Эргэн тойрноо харлаа. Энэ бүхнийг тэр ахин олж харахгүй гэхээс зүрх нь хүчтэй цохилно. Инээмсэглэл.

Гэнэт хажууд нь нэг нохой хүрч ирээд хэвтчихэв. Хэн нэгнийг, бүр нохойг ч хүртэл цусаараа будах хүсэл байсангүй. Чулуу аван нохойг хөөлөө. Нөгөөх нь хөлөө чирэн босож ядна. Хойд хоёр хөл нь хоёулаа шархалсан бололтой. Алин дээр нь гишгэж явахаа мэдэхгүй хөөрхий минь, сүүлдээ бүр бөгсөө чирэн чадан ядан урагш хэд алхаад, хүч нь дутсан бололтой, лаг хийн унаад өгөв. Газар хэсэг хэвтэж байгаад, эргэн түүн рүү нэг л хачин харцаар харлаа. Тэр энэ харцыг тийм ч удаан тэсвэрлэж чадсангүй. Халаасаа ухаж үзлээ. Хэдхэн халтар төгрөг байна. "Наанаасаа битгий хөдлөөрэй" гэж тэр нохойд хандаж хэлээд, босож явлаа. Угаасаа нохой хөдлөе гэхнээ хүч нь хүрэхгүй байсан биз. Байсан бүх мөнгөөрөө жижигхэн хиам авчраад, нохойд өгөв. Нохой ч түүнийг нь ум хумгүй залгилж гарлаа. " Ганц ч болтугай буян хийлээ" гэх бодол түүний толгойд орж ирнэ. Уг нь түүнд мухар сүсэг байдаггүй л юмсан. "Эндээс" явах болохоороо хүмүүс өөрчлөгддөг юм болов уу эсвэл?

Хэсэг бодолхийлж байгаад гэнэт сэхээ орон харвал нохой яваагүй, харин ч түүний хөлийн дэргэд ирээд түүнийг өнөөх л сонин харцаараа ширтээд хэвтэж байлаа. "Чамд ч бас хэцүү байна уу?" гэж нохойноос асуув. Хариулт нь түүний харцнаас тодорхой байлаа. Тиймээ, тэр гуйгаад байна. Сонголт. Цаг үргэлжийн хараал идсэн сонголтууд. Буун дуу тасхийв.

Тэр үхсэн нохойг хэсэг сонингоор бүтээсэн. Нохойн харцанд талархал дүүрэн харагдсан. Түүнд сум үлдээгүй. Ахиж авах мөнгө ч байхгүй. Бас бууг буцааж өгөх ёстой. Ахин түрээсэлж автал нэлээдгүй хугацаанд мөнгө хуримтлуулах хэрэгтэй болно. Амьдрал үргэлжилсээр л ..,

3 comments:

Агиймаа О Бүргэд / Аврора.О said...

Бусдын төлөө өөрийн амьдралыг зольжээ...

Агиймаа О Бүргэд / Аврора.О said...

Сайхан сэтгэлтэй юм

Агиймаа О Бүргэд / Аврора.О said...
This comment has been removed by the author.