Ядам хуруун дахь гархиа сугалаад

Явлаа би чамаас, үүрд.

Үлдээсэн бэлзэг минь хэн нэгний

Үнэт хуруунд нь таарвал

Намайг мартсаны тэмдэг болгож

Насан туршид нь зүүлгээрэй.

Үхсэн сэтгэлийн минь сүнс

Өрөөгөөр холхин тэнүүчлээд,

Үгүйрсэн бүхний төлөө

Өөрийг минь буруутган бувтнахад

Тэвчээр алдарсан би

Тамхиа дуусгалгүй унтраагаад,

Гэм буруугаа үүрэхээр

Гэрэлт хорвоог орхив.