Би яаж төрснөө санадаггүй. Ер нь өнгөрөн одсон бүхнийг. Заримдаа, надад өнгөрсөн үе гэж байгаагүй ч юм шиг бодогддог. Гэхдээ байсан нь мэдээж. Тэгээд тэр нь одоогийнхоос огт өөр байсан гэж боддог. Тийм ч байсан байгаасай гэж хүсдэг. Гэхдээ, өөр гэдэг нь яг ямар байсан байгаасай гэж хүсдэгээ мэддэггүй. Одоогийнхоос илүү жаргал, бас илүү зовлон гэж байхгүй. Дутуу ч гэж байхгүй. Жаргал, зовлон яг л нэг хэмжээнд. Байнга. Харин түүнийг яаж, ямар нөхцөлд хүлээн авч байгаагаас л шалтгаалдаг байх. Ямартай ч би одоо тас харанхуй, давчуухан, бүгчим тийм л хонгилд байдаг. Гарах гарц байгаа эсэхийг би мэдэхгүй. Тийм байж яагаад урагшаа /эсвэл хойшоо ч юмуу/ алхаад байдгаа ойлгодоггүй. Ер нь би өөрийгөө ойлгохоо болиод хэдэн жил өнгөрч байгаагаа ч мартчихсан. Сүүлдээ, энэ бол би биш юм байна ч гэж бодож байсан. Тийм үед би алхахаа больдог. Хэн гээчийн зовлогыг тээчихээд, хаа хүрэх гээд бэдрээд буйгаа тунгаан зогсдог. Хэсэг хугацааны дараа ахиад л алхаж эхэлдэг. Учир нь, би бодоод бодоод юуг ч олж чаддаггүй. Яагаад гэвэл надад бодол байхгүй. Төсөөлөл, мөрөөдөл, хийсвэрлэл аль аль нь байхгүй. Хэнийх нь мэдэгдэхгүй биеийг хаа хүргэх гэж яваа нь угтаа хамаагүй болдог. Тэгээд л би алхдаг. Тэнд юу ч харагддаггүй. Хааяа хааяахан хэсэг хүмүүсийг би олж хардаг. Тэд мөрөн дээрээ авс үүрээд, толгой гудайн хажуугаар минь зөрдөг. Тэдний төрхийг сүүмийн гэрэлтэх зулын гэрэлд би олж хардаг. Гэнэт гарч ирж нүд сохлох шахдаг учраас би тэрхүү зулын гэрэлд дургүй. Бас хүмүүсийг харсандаа уур хүрдэг. Тэд цаг үргэлж хүнд агаарт даруулсан юм шиг бөгтийн, байдгаараа биеэ хураан алхаж байдаг. Магадгүй би тэднийг дандаа авс үүрэн явах үед нь л гэрэлд хардаг болоод тэр байж магадгүй. Гэхдээ л тэд цаг ямагт тийм байдаг. Аз жаргал нь зэрэгцэн алхаж байхад хүртэл. Шуналтнууд. Хүмүүсийн тухай цорын ганц тодорхойлолт. Харанхуйд миний хажуугаар олон зүйлс өнгөрдөг. Магадгүй хүмүүс, амьтад, бас бус зүйлс байдаг байх. Тэд надад шүргэхэд би дургүй. Тиймээс би нэлээн дээр үеэс өөрийгөө тойруулан бүрхүүл хийсэн. Эзэн тодорхойгүй биеийг гамнасандаа бус, ганцаардлыг маань тэр шүргэгчид үгүй хийчих гээд байдгаас. Агуй, хонгил, за юу ч юм энэ газар харин бүрхүүлийг маань үл тоон надад халддаг. Гэхдээ би дургүйцдэггүй. Учир нь, тэр миний үсийг туг тугаар нь зулгаан, гарыг минь шалбалж, хөлийн минь арьсыг хуулан авсныхаа хариуд үүгээр бэдрэхэд минь хэрэг болох балга ус, үмх махыг өгдгөөс тэр. Надаас авсан зүйлээрээ тэр хэрхдэгийг би мэдэхгүй. Бас намайг тарчлаасандаа хэр хэмжээний таашаалыг авдагийг ч мэдэхгүй. Мэдэх шаардлага ч байхгүй л дээ. Заримдаа би унтдаг. Ядарсандаа бус, залхсандаа ч бус, зүгээр л өөр ертөнцийг зүүдлэхийн тулд. Надад төсөөлөл байдаггүй гэж дээр хэлсэн байхаа. Тиймээс би түүнийг зүүдээрээ л орлуулдаг. Төсөөлөлгүй байж яаж тэрхүү зүйлсийг зүүдэлдгээ би мэдэхгүй. Надаас ер нь ямар ч хариулт бүү хүлээ. Би юу ч мэддэггүй, мэдье ч гэж бодож байгаагүй. Би дандаа нэг л зүйлийг зүүдэлдэг. Тас харанхуй, гэхдээ энэ хонгил биш, олон давхар байшин байдаг. Би бүх хүчээрээ гүйсээр байж арайхийн тэр байшингаас гарах хаалгыг олдог. Тэгээд хаалга нээмэгц тэр байшингаас өөр юу ч үгүй тал газар харагддаг. Харагдаж байна гэдэг мэдээж гэрэлтэй байна гэсэн үг. Тиймээ, тэнд хурц нарны гэрэл тусаж байдаг. Харин би эргээд харанхуй байшиндаа ордог. Ингэх л байсан юм бол яах гэж тэгж үйлээ үзэн гүйгээд байснаа ойлгодоггүй. Магадгүй би тэнд гэрэл биш, өөр зүйл байна гэж найдаж байсан байх. Мэдэхгүй юм даа, тэр зүүдний зохиол болохоос минийх биш. Эргэн харанхуй байшиндаа орж хаалга хаамагц тэр чимээндээ цочин сэрдэг. Тэгээд, эргээд өөрийн харанхуй хонгилдоо байгаагаа мэдэрмэгцээ баярладаг. Алхахаа үргэлжлүүлнэ. Юуны төлөө? Мэдэхгүй. Мэдэж байгаа ганц зүйл нь, лав л гэрлийн төлөө биш.

2 comments:

REDCOURSE said...

ААААЁООООО



ХЯТАД УУЛГА АЛДАЛТ БАЙНАУ У ХЭХЭХ УГААСАА ТИЙН ХЯТАД ЭДР ГЭЭД






БИ БҮҮР ЧАМ ШИГ ИНГЭЖ БОДОЖ Ч ЧАДХАА БАЙЧИХААД, БҮҮРНАДАД БАЙГАА ҮГҮЙГ НЬ ЧӨТГӨР Л МЭДЭХ ТЭР СҮНС ГЭЭЧИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ГЭЭД БЯСАЛГАЛД СУУЖ БАЙГАА ШД #ААМАР

ollie said...

хаха, хятад уулга алдалт уу :р

байгаа үгүй нь мэдэгдэхгүй юмыг хөгжүүлж яах гэж байгаан :р