Амьдрал минь эхлэхэд
"Амьдрах" минь төгссөн.
Аз жаргал хэмээгч
Амнаас гарах үг төдий.
Тосч авсан өлгий минь
Төмрөөр хийгдсэн.
Тэр төмөр нь харин
Том том өргөстэй.
Хувь тавилан минь
Хийсэн одсон.
Хийсэн одохдоо тэр
Хэнийг ч надтай үлдээгээгүй.
Үхэл минь надаас
Үнэндээ нүүр буруулаад.
Үүрд ирэхгүй гэх
Үнэмшимгүй тангарга тавьсан.
Өнгөрснийг сануулах
Өнгөгүй зургууд
Нүднээ жирэлзэхүй,
Өөрийн буйг
Өнөөдөрт бус
Намтартаа харав.
Би тэнд үхчихэж,
Бодол минь ч тэнд үлдэж.
Оршин үзэгдэх
Одоо цаг минь
Ондоо нэгний
Төсөөлөл л байх.
Хүсэл минь намайг боомилохыг хүсэхэд
Хүзүүгээ би дуртайяа тавьж өгдөг.
Харин тэр хүрч зүрхлэлгүй
Хамаг чадлаараа надаас холддог.
Хөөрхийлэлтэй хүслээ заримдаа өрөвдөн
Хааяа хуруугаа гохон дээр тавьдаг.
Харин тэр айсандаа зугтаж,
Хачин чангаар хөхөрсөөр би үлддэг.
Амьдралын минь өдөр бүр
Шинэхэн шархтайгаар эхэлж,
Амьсгал жигдрэх үдэш бүр
Шуугиан чимээгүй төгсөж,
Хэнтэй ч үг солиогүй,
Хэнтэй ч харц тулгараагүй
Хоосон өдрөө зурвасхан санаж
Хар дарсан зүүдэндээ уусна.
Алсын хаа нэгтээ орших ирээдүй минь
Алган дээр минь зурагдаж үлдсэнгүй.
Бүдгэрэн тэртээд хаягдсан өнгөрсөн минь
Буурал нэмэн үсэнд минь үлдсэнгүй.
Өнгөрсөн ч үгүй, ирээдүй ч үгүй
Өнөөдөрт би хоригдон үлдлээ.

Хэн хүний

Гарын аясаар

Хэлбэр дүрсээ

Өөрчилж дийлэлгүй

Хэврэгхэн сэтгэл минь

Хэмхрэн унахуйд

Өнөөх хүмүүс

Өрөвдөлгүй мишээх нь

Өөрийн минь туулах

Хувь зохиол.