хэнд ч, юуг ч өгч чадахгүйгээ мэдрэх ямар байдгийг хэчнээн хүн мэддэг, мэдэрдэг бол? хайрлаж байгаа хүмүүс чинь, хайрыг чинь ойлгож чадахгүй байх ямар хөгийн болохыг хэчнээн хүн ойлгож чаддаг бол? хайрлахаас илүүтэй, хайрлуулах нь хэчнээн зовлон дагуулдагийг хэний зүрх мэдэж сэдэрдэг бол? ингээд л бодохоор, чи энэ "амьдрал" гээч хорвоод цор ганцаар. хэн ч чамайг ойлгохгүй, хэн ч чамайг мэдрэхгүй, хэн ч чамд итгэхгүй. чи хэн нэгэнд бүхий л зүрх сэтгэлээ нээлээ гэж бодсон ч чи ганцаар. учир нь энд, "хос" гэсэн ойлголт байдаггүй. харин зөвхөн, "цор ганц" гэсэн ухагдахуун л энд байдаг.

Борооны охинд

Бороонд л сэтгэлээ илчилдэг

Бяцхан охиныг би танина.

Бодлоо дэвтээн суухдаа

Дусал бүрийг нь нандигнан

Дурсамжиндаа үлдээхийг хүсдэг.

Хүйтэн дуслууд түүний

Халуун сэтгэлд дулаацан,

Хариу талархал болгон

Ганцаардлын нулимсыг нь нууцалдаг.

Бороонд л сэтгэлээ илчилдэг

Бяцхан охин.

би бороонд, цасанд, саранд, одонд, салхинд, унаж байгаа навчинд дуртай. яагаад дуртайгаа мэдэхгүй. гэхдээ яагаад ч юм, тэднээс ямархан нэгнийг мэдрээд байгаа юм шиг санагддаг. юуг мэдэрдгээ бас л мэдэхгүй. магадгүй гунигийг ч юмуу, эсвэл тайтгарлыг ч юмуу, бүр эсвэл, ганцаардлыг ч юмуу. надад өөрийнхөө тухай мэдэх зүйлс угаасаа хомс. энэ миний танихгүй бие. энэ миний танихгүй амьдрал. надад хэзээ ч байгаагүй амьдралын зорилго гээч нь, магадгүй энэ үл таних биетийг танихад оршиж байж ч болох. гэвч би хэзээ ч тэр зорилгодоо хүрэхийг, түүнийг биелүүлэхийг хүсэхгүйгээ мэднэ. би өөрийгөө мэдлээ, танилаа гээд яах ч юм билээ. магадгүй, миний хүсээгүй тэндээс гараад ирэх ч юм билүү. өөрийгөө хайж, өөрөө өөртэйгээ хөөцөлдөн амьдарсаар л дуусах хугацаагаа би "миний амьдрал" гэж нэрлэдэг юм болов уу. хэт эмзэг, хэт мэдрэмтийгээ ямартай ч мэддэг. бас тийм байхыгаа үзэн яддаг. өөрийнхөө үзэн яддаг зүйлийг хэн л илүү ихээр танихыг оролдохыг хүсэхэв. угаас тодорхой. би гутранги бодлоо, ирээдүйгүй маргаашуудаа, цуврах нулимсаа бүгдийг нь үзэн яддаг. үзэн ядах тэр л мөчдөө, "би яагаад чулуу байгаагүй юм бэ" гэж харуусан гасалдаг. гэвч, тэр л гаслан маань намайг тэжээн амьдруулсаар байгаа ч юм шиг. "мэдэхгүй" нь дэндүү ихэдсэн миний гэх амьдрал дунд "мэдэгдэж" буй ганц зүйл нь, би "ингэж" оршин баймааргүй байна. хэдий ингэж хүсэж байвч, эндээс өөрийгөө таслах утас нь харамсалтай нь, миний гарт алга даа.

Бүсгүй эмнэлэгээс гарлаа. Энэ түүний амиа хорлох гэж оролдсон 3 дахь удаагийн бүтэлгүй оролдлого. Хэчнээн хичээж байвч яагаад бүтэлгүйтээд байгаагийн учрыг тэр өөрөө мэдэж байлаа. Энэ бүхэн “түүнээс” л болж байгаа юм. “Түүнийг” ахин ганц удаа ч болов харж чадалгүйгээр энэ хорвоогоос явж чадахгүйгээ тэр мэднэ. Гэвч харамсалтай нь “түүнийг” хаанаас олж харж чадахаа тэр мэдэхгүй байлаа. Үүндээ бухимдан тэр “явахыг” хүснэ. “Түүний” царайг харах нь байтугай “түүнээс” сураг сонсолгүй хэдийнэ 7 жил өнгөрч. Гэсэн ч “явах” хүслийн хажуугаар найдвар давхар оршсоор л. “Түүнийхээ л царайг харчихвал чи эндээс чөлөөлөгдөнө” гэж тэр амандаа үглэсээр эмнэлэгийн шатаар бууж явлаа.

Залуу хөлсний алуурчин болжээ. Өөрөө өөрийгөө энэ амьдралаас зайлуулж чадахгүйгээс хойш, өрөөлийг ч болтугай зайлуулъя гэсэн бодлын үүднээс. Залуугийн толгойд байнга л “түүний” дүрс эргэлдэнэ. Тэр “түүний” хаана байгааг мэдэхгүй. Гэсэн ч, зөн совингоороо “түүнийг” амьд байгаа гэдгийг мэдэрдэг байлаа. Энэ мэдрэмж нь оршсоор байгаа цагт тэр өөрийгөө үгүй хийж чадахгүйгээ бас мэднэ. “Түүнийг” хайн, хуучин амьдардаг байсан гэрийнх нь үүдийг бүтэн сар сахин суусан ч “түүнийгээ” олж харж чадаагүй. Тэгэхээр тэр нүүсэн байж таараа. Харин чухам хаашаа??? Амьдралынх нь сүүлийн ганц хүсэл “түүнийгээ” л ганц удаа харах. Тэгээд л тэр эндээс үүрд зайлан одох болно.

Ээлжит даалгавараа авсан залуу өөрийн байг гудамнаа ониллоо. Ажилдаа хэт анхаарсан тэрээр, өөрийг нь ажиж буй хос нүдийг анзаарсангүй.

Үхэх аргаа хайн явсан бүсгүй, гудамжинд нэгэн залуу, хэн нэгнийг бууны дурангаар хараалан буйг олж харлаа. “Энэ л миний үхэх боломж” гэж бодсон тэрээр, бууны дуранд өртсөн хүнийг чиглэн хар хурдаараа гүйлээ.

Буун дуу тасхийв.

Цээжээр нь цус олгойдон гарч буйг мэдэрсэн бүсгүй арайхийн нүдээ нээхэд, түүний олон жилийн хүлээлт болсон “ тэр” нь буу атган зогсож харагдав. Гэхдээ “түүнийх” нь царайд харуусал, харамсал огт харагдсангүй. Харин ч магадгүй, тайтгарал илэрч байх шиг. Бүсгүйд ч харуусал төрсөнгүй. “Чи минь л намайг аварлаа” гэж хэлэхийг хүссэн хэдий ч амнаас нь үг бус, цус л гарлаа. Бүсгүй тайвнаар нүдээ аних зуураа, ахин буун дуу гарахыг сонслоо. Энэ түүний, амьдралаас сонссон сүүлийн чимээ байлаа. Залуугийн хувьд ч бас.