Бүсгүй эмнэлэгээс гарлаа. Энэ түүний амиа хорлох гэж оролдсон 3 дахь удаагийн бүтэлгүй оролдлого. Хэчнээн хичээж байвч яагаад бүтэлгүйтээд байгаагийн учрыг тэр өөрөө мэдэж байлаа. Энэ бүхэн “түүнээс” л болж байгаа юм. “Түүнийг” ахин ганц удаа ч болов харж чадалгүйгээр энэ хорвоогоос явж чадахгүйгээ тэр мэднэ. Гэвч харамсалтай нь “түүнийг” хаанаас олж харж чадахаа тэр мэдэхгүй байлаа. Үүндээ бухимдан тэр “явахыг” хүснэ. “Түүний” царайг харах нь байтугай “түүнээс” сураг сонсолгүй хэдийнэ 7 жил өнгөрч. Гэсэн ч “явах” хүслийн хажуугаар найдвар давхар оршсоор л. “Түүнийхээ л царайг харчихвал чи эндээс чөлөөлөгдөнө” гэж тэр амандаа үглэсээр эмнэлэгийн шатаар бууж явлаа.

Залуу хөлсний алуурчин болжээ. Өөрөө өөрийгөө энэ амьдралаас зайлуулж чадахгүйгээс хойш, өрөөлийг ч болтугай зайлуулъя гэсэн бодлын үүднээс. Залуугийн толгойд байнга л “түүний” дүрс эргэлдэнэ. Тэр “түүний” хаана байгааг мэдэхгүй. Гэсэн ч, зөн совингоороо “түүнийг” амьд байгаа гэдгийг мэдэрдэг байлаа. Энэ мэдрэмж нь оршсоор байгаа цагт тэр өөрийгөө үгүй хийж чадахгүйгээ бас мэднэ. “Түүнийг” хайн, хуучин амьдардаг байсан гэрийнх нь үүдийг бүтэн сар сахин суусан ч “түүнийгээ” олж харж чадаагүй. Тэгэхээр тэр нүүсэн байж таараа. Харин чухам хаашаа??? Амьдралынх нь сүүлийн ганц хүсэл “түүнийгээ” л ганц удаа харах. Тэгээд л тэр эндээс үүрд зайлан одох болно.

Ээлжит даалгавараа авсан залуу өөрийн байг гудамнаа ониллоо. Ажилдаа хэт анхаарсан тэрээр, өөрийг нь ажиж буй хос нүдийг анзаарсангүй.

Үхэх аргаа хайн явсан бүсгүй, гудамжинд нэгэн залуу, хэн нэгнийг бууны дурангаар хараалан буйг олж харлаа. “Энэ л миний үхэх боломж” гэж бодсон тэрээр, бууны дуранд өртсөн хүнийг чиглэн хар хурдаараа гүйлээ.

Буун дуу тасхийв.

Цээжээр нь цус олгойдон гарч буйг мэдэрсэн бүсгүй арайхийн нүдээ нээхэд, түүний олон жилийн хүлээлт болсон “ тэр” нь буу атган зогсож харагдав. Гэхдээ “түүнийх” нь царайд харуусал, харамсал огт харагдсангүй. Харин ч магадгүй, тайтгарал илэрч байх шиг. Бүсгүйд ч харуусал төрсөнгүй. “Чи минь л намайг аварлаа” гэж хэлэхийг хүссэн хэдий ч амнаас нь үг бус, цус л гарлаа. Бүсгүй тайвнаар нүдээ аних зуураа, ахин буун дуу гарахыг сонслоо. Энэ түүний, амьдралаас сонссон сүүлийн чимээ байлаа. Залуугийн хувьд ч бас.

2 comments:

Агиймаа О Бүргэд / Аврора.О said...

Хэн хэнийх нь санаа амраад амар сайхандаа жаргасан байна шд. I love happy endings :D

ollie said...

:D