Цонхон дээр суусан ялаа гсн =P
Бүсгүй цонхоо том гэгч нь нээгээд, тавцан дээр нь суун тамхи татна. Гадаа нам гүм. Гудамжин дахь амьдралын чимээ энд сонсогддоггүй. Түүнээс нь л болж бүсгүй энэ байрыг авсан. Цонхоор ширтэн, "түүнийгээ" дурсан суухад нь нам гүм орчин хамгаас хэрэгтэй. Өнгөрсний тухай дурсан суухад нулимс нь өөрийн эрхгүй урсана. Өнгөрсөн рүү бодол санаагаараа зочлох болгонд шүү. Шалтгаан нь мэдээж тэнд "тэр" байдаг учраас. "Түүний" тухай бодлууд хэзээ ч нулимсгүйгээр дуусдаггүй. Бүсгүй нулимсаа арчаад чангаар санаа алдлаа. "Би түүнийг ахиад харж чадах болов уу?" гэсэн өнөөх л ганц асуулт. Гэнэт гудамжинд хэн нэгний хөлийн чимээ гарахад, бүсгүй өөрийн бодолд садаа болсон хүнийг харахыг хүссэнгүйдээ хөшгөө чанга гэгч нь татлаа. Эсвэл магадгүй, өөрийн нулимсанд халтартсан нүүрийг хэн нэгэнд харуулахыг хүсээгүй байж болно. Дуусаж байгаа тамхиа хөшигний завсраар гадагш чулуудлаа. Залуу шингэх дөхөж байгаа нарыг ширтэн гудамжаар алхана. Өдрийн яг энэ үед л "түүний" тухай бодлууд хүчтэй төрдөг нь гайхалтай. Нар жаргахад өөрт нь гуниг төрдөг ч байж болох. Гунигийг дагаад "түүний" дүр сэтгэлд нь орж ирдэг ч байж болох. Учир нь, өдийг хүртэл залуу "түүн" шиг гунигтай, магадгүй, гуниг төрүүлдэг хүнтэй учирч үзээгүй. Гэхдээ л "тэр" гайхалтай хүн байсан. Гуниг нь ч тийм болгодог байсан юм билүү, хэн мэдлээ. Нар өдөр бүр л жаргадаг. Тэгэхээр залуугийн толгойд өдөр бүр л "тэр" орж ирдэг гэсэн үг. Толгойд нь орж ирсэн бодол ямагт "Би түүнийг ахиад харж чадах болов уу?" гэсэн гунигтай асуултаар төгсдөг. Залуу бодолд дарагдан, хаашаа алхаж байгаагаа ч анзаарсангүй. Гэнэтхэн хажууханд нь байх нэг давхрын цонхонд хөшиг хүчтэй хаагдах чимээнээр бодлоосоо салав. Төд удалгүй хөшигний завсраар нэг жижигхэн цагаан гар цухуйн тамхины иш шидээд алга болов. Өнөөдөр тэдний биесээ хайн төөрөлдсөний 9 дэх жилийн ой.

Зүүд

Манай 10 жилийн ангийн нэг залуу хулгануудын хаан ч юмуу, босс болчихож. Гэхдээ тэр хулганууд нь, хулгана толгойтой л болохоос бие нь бол хүнийх. Тэгээ яагаад ч юм өнөө залуу чинь надтай дайсагнаад, хулганан хүмүүсээрээ намайг дарамтлуулаад байхын. Тэхээр нь би тэрийг алах гээд, амь нь хаа байдгийг олж мэдэв. Амь нь нэг сумны хоосон хонгионд байхын. Тэр нь гэхдээ гарын шууны хэмжээтэй том хонгио. Тэр хонгиог л эвдэлвэл мань гар үхэхиймүү даа. Тэгсэн би хулхидуулснаа мэдэв. Яаж мэдсийн мэдкү. Амь нь тэнд байдаггүйг л лав олж мэдэв. Тэгээ ахиад хайсаар байгаад, амь нь нэг шилэн зүүлт ч юмуу, тоглоом ч юмуу, нэг тийм юманд байдгийг олж мэдсэн. Өнөөхийг нь ч олоод авсан. Бас, маний амь ч тэрэн шиг шилэн зүүлтэнд байдгийг олж мэдсэн. Тэгээд өөрийн болон тэрний амьтай 2 шилэн зүүлтийг халааслаад өнөөх дээр чинь очсон. Тэрийг ална, чадку бол өөрийгөө ална гэж бодоод байгаам. Өнөөх чинь баахан хулганан хүмүүсээрээ хүрээлүүлчихсэн сууж байнаа. Би эхлээд ярилцаад учраа олох гэж үзсэн чинь бүтсэнгүй. Тэхээр нь халааснаасаа тэрний болоод өөрийнхөө амьтай шилэн зүүлтийг гаргаж ирээд, 2 гартаа барьж байгаад шал руу хага шидэв. Харамсалтай нь тэр ч, би ч үхсэнгүй. Би ахиал хулхидуулснаа мэдээд майр харамсав. Тэгээ дургүй хүрээд, өнөө хулхидуулсан хонгиогоо бас гаргаад уурандаа шат руу өшиглөлөө. Тэгсэн харин, өнөө хонгио чинь шат руу уруудаад унах тоолонд өнөө залуу чинь сонин болоод байдаг байшд. Амь нь үнэхээр тэр хонгионд байж. Шат руу гүйгээд тэр хонгиог нь ямби болтол нь эвдлэв. Өнөө залуу ч үхэв. Тэгсэн хулганан хүмүүс нь надад баярлаад бөөн юм болов. Тэр залуугийн дарамтан дор их хэцүү байсан бололтой. Тэгээ маниус тэрийг үхсэнийг тэмдэглэж нэг бааранд пийвдэв. Тэгсэн өнөө хулганан хүмүүс нь нэх тэнэг хэлбэртэй, нэх тэнэг цэнхэр өнгөтэй саравчтай малгай гаргаж ирээд надад өмсгөх гээд байхын. Бодуул тэд нарын хаан нь тэрийг өмсдөг болтой. "Би наад тэнэг малгайг чинь өмсөхгүй ээ. Угаасаа би танай хаан болох гэж тэрийг алаагүй. Цөмөөрөө зүгээр л пийвээ ууцгаая" гэж би хэлээд пийвдсээр дууссан :D P.S: би зүүдэндээ баар зүүдэлхээр дандаа л нэг газрыг зүүдэлдийн. Гол нь би тийм газар орж үзээгүй л дээ. Тэхээр миний зүүдний архитектор муу байна гэсэн үг тээ :Р
Уруул минь хагарч,
Нулимсныхаа шорвогийг
шингээж даагаагүй юм болов уу даа.
Хацар минь улайж,
Ганцаардлынхаа жаврыг
бүлээцүүлж чадаагүй юм болов уу даа.
Харц минь сүүмийж,
Сэтгэлийнхээ хөлчүүрхэлийг
зогсоож дийлээгүй юм болов уу даа.
Хумс минь хугарч,
Цөхрөлийнхөө самардалтыг
тэсэж хүчрээгүй юм болов уу даа.
Амьсгал минь тасарна,
Аллагад дуртай
амьдралдаа боомилууснаас тэр болов уу даа.
Дурлаж явсан үеэ
Улаанаар дугуйлаад,
Хайрлаж явсан жилүүдээ
Цагаанаар тодруулаад,
Уйлж явсан өдрүүдээ
Улбараар чагтлаад,
Үхэхийг хүссэн мөчүүдээ
Хараар зураад,
Будсан дурсамжаа
Эргээд харахад
Бүгд яг л адилхан
Сааралтаж харагдах нь
Би
Өнгө ялгадаггүй байж.
Ялгаагүй өнгөтэй
Ялгаагүй мэдрэмжүүд.
Түүнд нэг бүсгүй маш ихээр таалагддаг байлаа. Магадгүй тэр түүнд хайртай ч байж болох. Гэвч, түүний найзууд нь тэр бүсгүйн тухай элдэв муу муухайг ярьж, тэр бүсгүйг ихээр дорд үздэг тул тэр өөрийнхөө сэтгэлийн тухай хэнд ч ярьж чаддаггүй байлаа. Нэг өдөр түүний нэг найз нь өнөө бүсгүйг хүчиндчихэв. Бүсгүйг эзэмдэн байхад хэчнээн таатай байсан тухай хүчирхийлэгч найз нь маасайтал инээн ярьж байхад ч тэр юу ч хэлж чадсангүй. Бас нэг өдөр, бүсгүй жирэмсэн болсныг тэр мэдэв. Тэгээд ч хэнд ч, юу ч хэлсэнгүй. Ахиад бас нэг өдөр, өнөөх хүчирхийлэгч найз нь бүсгүйг өөрөөс нь жирэмсэн болсныг мэдээд гэрлэхээр шийдсэнээ найзууддаа хэлэв. Бүх найзууд нь тэр хоёрын цаашдын амьдралд сайн сайхныг хүсэн хундага тулгав. Тэр бас л чимээгүй байсаар ..,
Үнэний тухай үнэн: Үнэн биднийг өвтгөдөг. Тиймээс бид худлаа ярьдаг. Харин би худлаа ярих дургүй. Бас өвдөхийг хүсэхгүй байна. Тэгээд л үнэнийг ч, худлыг ч, юуг ч ярьдаггүй.