Бүсгүй цонхоо том гэгч нь нээгээд, тавцан дээр нь суун тамхи татна. Гадаа нам гүм. Гудамжин дахь амьдралын чимээ энд сонсогддоггүй. Түүнээс нь л болж бүсгүй энэ байрыг авсан. Цонхоор ширтэн, "түүнийгээ" дурсан суухад нь нам гүм орчин хамгаас хэрэгтэй. Өнгөрсний тухай дурсан суухад нулимс нь өөрийн эрхгүй урсана. Өнгөрсөн рүү бодол санаагаараа зочлох болгонд шүү. Шалтгаан нь мэдээж тэнд "тэр" байдаг учраас. "Түүний" тухай бодлууд хэзээ ч нулимсгүйгээр дуусдаггүй. Бүсгүй нулимсаа арчаад чангаар санаа алдлаа. "Би түүнийг ахиад харж чадах болов уу?" гэсэн өнөөх л ганц асуулт. Гэнэт гудамжинд хэн нэгний хөлийн чимээ гарахад, бүсгүй өөрийн бодолд садаа болсон хүнийг харахыг хүссэнгүйдээ хөшгөө чанга гэгч нь татлаа. Эсвэл магадгүй, өөрийн нулимсанд халтартсан нүүрийг хэн нэгэнд харуулахыг хүсээгүй байж болно. Дуусаж байгаа тамхиа хөшигний завсраар гадагш чулуудлаа. Залуу шингэх дөхөж байгаа нарыг ширтэн гудамжаар алхана. Өдрийн яг энэ үед л "түүний" тухай бодлууд хүчтэй төрдөг нь гайхалтай. Нар жаргахад өөрт нь гуниг төрдөг ч байж болох. Гунигийг дагаад "түүний" дүр сэтгэлд нь орж ирдэг ч байж болох. Учир нь, өдийг хүртэл залуу "түүн" шиг гунигтай, магадгүй, гуниг төрүүлдэг хүнтэй учирч үзээгүй. Гэхдээ л "тэр" гайхалтай хүн байсан. Гуниг нь ч тийм болгодог байсан юм билүү, хэн мэдлээ. Нар өдөр бүр л жаргадаг. Тэгэхээр залуугийн толгойд өдөр бүр л "тэр" орж ирдэг гэсэн үг. Толгойд нь орж ирсэн бодол ямагт "Би түүнийг ахиад харж чадах болов уу?" гэсэн гунигтай асуултаар төгсдөг. Залуу бодолд дарагдан, хаашаа алхаж байгаагаа ч анзаарсангүй. Гэнэтхэн хажууханд нь байх нэг давхрын цонхонд хөшиг хүчтэй хаагдах чимээнээр бодлоосоо салав. Төд удалгүй хөшигний завсраар нэг жижигхэн цагаан гар цухуйн тамхины иш шидээд алга болов. Өнөөдөр тэдний биесээ хайн төөрөлдсөний 9 дэх жилийн ой.

7 comments:

K said...

(санаа алдаад гарав)

Duurnee said...

ийм юм зөндөө байдаг байхдаа :[

ollie said...

ийм юм аруун зуун мянгаараа байгаа.

[би ч өөрөө санаа алдав] гсн :р

Bayasgalan said...

ene mash sain bolson bn

ollie said...

гилаалаа :)

oldoshaksli said...

Bi uguullegtee ene sceniig avaadashiglachij boloh bolov uu
Ai

Агиймаа О Бүргэд / Аврора.О said...

Маш сайн, Браво!