Биеэр минь
Хөнгөхөн гүйх хуруунуудаараа
Хагацлын аяз тоглоход чинь
Би дуртай.
Залуу шоронгийн харуул. Өдөржин хоригдлуудыг харж, бэлэн байдалтай буу барьж зогсох түүний амьдралд утга учир гэгдэх зүйл огт байгаагүй. Хэрвээ 9 сарын өмнөх тэр нэгэн өдөр, шоронгийн хажууд байх жижигхэн цагаан байшинд бүсгүй нүүж ирээгүй бол залуу өдийд буугаараа өөрийгөө буудчихсан ч байх байсан байж магадгүй. Турьхан гартаа том самбар барьсан бүсгүйг хараад л тэр дурласан. Нэг давхрын хөшиггүй цонхон цаана холхих бүсгүйг харан суух тэр мөчүүдэд л залуу жинхэнээсээ "амьдардаг". Дурласнаас гадна сониуч зан нь бас хөдөлсөн. Учир нь, бүсгүй гэрээсээ бараг гардаггүй, түүн дээр хэн ч ирдэггүй, тэгсэн атлаа өдөржин л юуг ч юм хийн холхисоор л байдаг. Нэг өдөр бүсгүй хутга аваад судсаа ханахыг тэр харсан. Сандарсандаа байраа орхин гүйхийг шахсан ч төд удалгүй бүсгүй гараа боочихсон зүгээр явж байхыг хараад тайвширсан. Гэхдээ, маргааш нь бүсгүй ханандаа цусан улаан өнгийн зураг өлгөснийг тэр олж харж амжаагүй. Өнөөдөр бүсгүй нэг л сонин зүйл хийгээд байхыг тэр анзаарсан. Юу болохыг нь олж харахыг хичээсэн ч чадаагүй. Бүрэнхий болж эхлэх үед бүсгүй сандал дээр гарч зогсон, цонхны дээрээс ямар нэгэн зүйл уяж байхыг тэр харлаа. Сайн харвал дүүжлүүрийн олс. Бүсгүйг аврахын тулд залуу сандран гүйлээ. Харин шоронгийн цаад талд байх харуул бүрэнхийд түүнийг хоригдол байна гэж андууран буудав. Буун дуу сонссон бүсгүй цонхоор харлаа. Гэвч харанхуйд юу ч харагдсангүй. Бүсгүй эргэж суун, дүүжлүүрийн олсны зургаа зурж эхлэв.
Учиртлаа зөрцгөөнө. Зарим нь зөрсөөр дуусна.

Амьдралдаа ганц удаа, төрсөн өдрөөрөө /5 сард/ өвлийн өвгөнөөс бэлэг авч байсан нь "он"-ы сүрприз. Бид хоёр 12 сарын 31-нд танилцаж байсан.
Амьдралдаа ганц удаа бөгж бэлгэнд авч үзээд, тэр нь дунд хуруунд минь таарахад "он" бөгжний худалдагчид үхтлээ уурлаж билээ. "Нарийхан хуруутай хүн гэж хэлсээр байхад томдууллаа" гээд. Гэхдээ яг тухайн үед ядам хуруунд минь таараагүйд би баярлаж байсан.
My Portrait =D
Амьдралдаа ганц удаа эрүүлжүүлэхэд орохоо шахсан нь, бөөнөөрөө уугаад, нэмэх гэж халуурч гараад, цагдаад баригдаад, намайг авч явах гэсэн цагдаад "наад охин чинь ямар ч хамаагүй танихгүй хүн, явуулаа" гэж "он" хэлсний ачаар гэртээ харьсан минь. "Он" тэгээ эрүүлжүүлэхэд хонож билээ тэр шөнө.
Амьдралдаа ганц удаа супер хардалт болсон нь, амралтын газар очтол "он" нэг найзтайгаа, 2 хүүхэнтэй байж байхад. Уурандаа нэг хүүхнийх нь толгой руу лаазтай пийв шидэж байж билээ. /Тэр нь надаас даруй 6 эгч хүүхэн байсан байхаа/
Амьдралдаа ганц удаа шөнөжин хүн сахиж нойргүй суусан нь, шөнө дунд хаалгаа нээхэд нүүр нь цусанд нялгадсан "он" зогсож байсан. Өглөө нүүр нь хавдах вий гэж шөнөжин хүйтэн жин тавьж хажууд нь сууж байж билээ. /Гол нь зурагтаар гардаг царай байсым л даа/
Амьдралдаа ганц удаа амиа хорлолтын гэрч болохоо шахсан нь, намайг түүнээс саллаа гэхэд "он" 6 давхрын цонхноос гадагшаа зүүгдчихэж байж билээ. Хамгийн харгиа нь, "Намайг эргээд ирэхэд цаашаа уначихсан байгаарай" гэж хэлээд гарч яваа би.
Амьдралдаа ганц удаа сүй тавьж үзсэн минь, засагдаж дуусаагүй Маршалын гүүрэн дээр. Гүүрийн төгсгөлд хоёулаа хөлөө унжуулаад сууж байхад "он" надад чихрийн цаасаар бөгж хийгээд зүүлгэж билээ.