Залуу шоронгийн харуул. Өдөржин хоригдлуудыг харж, бэлэн байдалтай буу барьж зогсох түүний амьдралд утга учир гэгдэх зүйл огт байгаагүй. Хэрвээ 9 сарын өмнөх тэр нэгэн өдөр, шоронгийн хажууд байх жижигхэн цагаан байшинд бүсгүй нүүж ирээгүй бол залуу өдийд буугаараа өөрийгөө буудчихсан ч байх байсан байж магадгүй. Турьхан гартаа том самбар барьсан бүсгүйг хараад л тэр дурласан. Нэг давхрын хөшиггүй цонхон цаана холхих бүсгүйг харан суух тэр мөчүүдэд л залуу жинхэнээсээ "амьдардаг". Дурласнаас гадна сониуч зан нь бас хөдөлсөн. Учир нь, бүсгүй гэрээсээ бараг гардаггүй, түүн дээр хэн ч ирдэггүй, тэгсэн атлаа өдөржин л юуг ч юм хийн холхисоор л байдаг. Нэг өдөр бүсгүй хутга аваад судсаа ханахыг тэр харсан. Сандарсандаа байраа орхин гүйхийг шахсан ч төд удалгүй бүсгүй гараа боочихсон зүгээр явж байхыг хараад тайвширсан. Гэхдээ, маргааш нь бүсгүй ханандаа цусан улаан өнгийн зураг өлгөснийг тэр олж харж амжаагүй. Өнөөдөр бүсгүй нэг л сонин зүйл хийгээд байхыг тэр анзаарсан. Юу болохыг нь олж харахыг хичээсэн ч чадаагүй. Бүрэнхий болж эхлэх үед бүсгүй сандал дээр гарч зогсон, цонхны дээрээс ямар нэгэн зүйл уяж байхыг тэр харлаа. Сайн харвал дүүжлүүрийн олс. Бүсгүйг аврахын тулд залуу сандран гүйлээ. Харин шоронгийн цаад талд байх харуул бүрэнхийд түүнийг хоригдол байна гэж андууран буудав. Буун дуу сонссон бүсгүй цонхоор харлаа. Гэвч харанхуйд юу ч харагдсангүй. Бүсгүй эргэж суун, дүүжлүүрийн олсны зургаа зурж эхлэв.