Ажил дээр Мартин Иден-ээ уншиж дуусаад гарсан. Үүдэнд тамхи асаагаад аажуухан алхсан. Салхи ч үгүй, бүрий тасраад л, сайхан байсан. Яагаад ч юм нэг их тайтгарал дотор минь бий болчихсон. Мартин үхсэнд санаа амрав уу, аль эсвэл, амьдралыг үнэхээр л ингээд дуусгачихаж болно гэдэгт санаа амрав уу, сайн ялгасангүй. Би ч бас түүн шиг залхсан. Дуу чимээнээс. Хүмүүсийн дуу чимээнээс. Амьдралын дуу чимээнээс. Замд таарсан 4 халамцуу залуугийн чимээ үнэн тээртэй сонсогдсон. Такси барих гэж яваад, яагаад ч юм троллейбусанд суучихсан. Бариулнаас барьсан гаранд гараа хүргэн зогсох залуу, зай байсаар байтал заавал намайг шүргэж өнгөрөх кондуктор. Аль аль нь цухал хөдөлгөсөн. 1 буудал яваад буусан. Үхлээ гэхэд, би хэзээ ч живж үхэхгүйгээ мэдсэн. Учир нь би уснаас айдаг. Айдас! Одоо болтол миний дотор бяцхан ч гэсэн айдас байна гэдэг нь, надад "амьдрах хүслэн" байна гэсэн үг. Үүнийгээ мэдээд өөрөө өөртөө гутсан. Дэлгүүрээс 5 боргио авсан. Кассанд зогсож байтал хэн нэгэн нь аймшигтай өмхийгөөр унгасан. "Амьдралын өмхий"! Боргиогоо аваад гэртээ орсон. Тоосонд дарагдсан ч гэсэн энд л би дуу чимээнээс ангид байж чадна гэхээс дотор цэлмээд ирсэн.
"Хүн хүний зүрх
Мөнхөд цохилохгүй!...
Ийм болохоор бурхдыг бишрэн магтах ёстой. Энэ хорвоод тэдний хийсэн ганц буянт үйл энэ! ...
... Амьдрах хүслэнг Мартин мэхэлж чадлаа!"
Би ч бас тэгмээр .., Мартиныг шүүгээнд хийгээд дараагийн номоо бодон хэсэг зогслоо. "Зуунаас ч урт өдөр" ..,
Хүлээлт
Мэдрэмжийг минь цөхрөөж,
Мэдрэмжгүй болсон сэтгэл
Зүрх догдлуулахаа больж,
Догдлохоо больсон зүрх
Хайрыг хөсөр хаяж,
Хөсөр хаягдсан хайр
Намайг царайчлан зогсовч,
Мэдрэмжгүй болсон би
Нүүр эс өгнө.
Тэр бүсгүйн шаналан
Сэтгэлд аянга буулгаж,
Тэр бүсгүйн нулимс
Зүрхийг аадранд ниргүүлж,
Тэр бүсгүйн цөхрөл
Өрц рүү цөм өшиглөж,
Тэр бүсгүйн гуниг
Тархийг базлан хумьж,
Тэвчээрийн ирмэгт тулаад
Тэр бүсгүй рүү нь буцаалаа,
Тайтгарал ..,
Амьдралын өмхийг үнэртэхгүй гэсэндээ
Амьсгалаа хураав,
Амьсгал хураав.
Залуу дурласан. Анхны харцаар л. Энэ бол түүний амьдралд тохиосон хамгийн анхны болоод хамгийн сүүлийн дурлал байсан. Учир нь, залуу үлдсэн амьдралдаа хэнд ч ингэж дурлахгүйгээ түүнийг харсан эхний мөчдөө л ойлгосон. Залуу түүний нэрийг нь мэдэх байтугай, үг ч сольж үзээгүй. Магадгүй, танилцахаасаа эмээж байсан байх. Шалтгаан нь, тэр өөртөө итгэлгүй нэгэн. Үүнээс урьдах дурлалуудын нэг нь ч бүтэлтэй болж байгаагүй. Гэхдээ залуу энэ удаагийн "жинхэнэ" дурлалдаа бууж өгөхийг хүссэнгүй. Тэрээр, амьдралд нь цор ганц удаа тохиосон энэхүү "жинхэнэ" дурлалынхаа төлөө тэмцэхийн тулд өөртөө асар итгэлтэй нэгэн болж хувирсан. Ингээд тэрээр урьд нь хэзээ ч хийж байгаагүй зүйлсээ тэр бүсгүйн төлөө хийхээр зориглосон. Тэдгээр нь, бүжиг болоод, олны нүдэн дээр ил гарах. Залуу хэзээ ч бүжиг хийх оролдлого хийж байгаагүй бөгөөд, аль болох л олны нүднээс далд байхыг эрмэлздэг байсан.
Залуу, бүсгүйн амьдардаг байрны гадна очин, түүнийг гарч ирэхийг хүлээсэн. Бүсгүйг гарч ирмэгц, хавийн байрнуудыг доргиосон чанга гэгчийн хөгжим тавьж, өөрийн сэтгэлийг уран яруугаар илэрхийлсэн бүжгийг хийсэн. Магадгүй, түүний сэтгэлийг, үгээр илэрхийлж болохгүй байсан ч юмуу, эсвэл мань залуу илэрхийлж чадахгүй байсан байж болох. Гудамжаар холхин байсан олон түүнийг хараад сониучирхан бүчсэн. Бүсгүй ч түүнийг сонирхон ширтэгсэдийн дунд байсан. Залуу бүжгээ дуусаад бүсгүй дээр ирсэн. Бүсгүй зөөлөн инээмсэглээд, түүний сэтгэлийг хүлээн авч буйн илэрхийлэл болгон гарыг нь чангаар атгасан. Үнэндээ, бүсгүй, төрөлхийн хараагүй нэгэн байсан.
Авч хоцорсон сэтгэл минь
Аажим аажимаар уугисаар,
Үүрд ирэхгүйг чинь ойлгоод
Үнс нурам болчихов.
Баяртай, шүлгэнцэрүүд минь!

Зүүд

Үеэл ахтай мөстсөн гол дээгүүр машинтай явж байна. Тэгсэн гэнэт голын мөс цөмрөөд. Яагаад ч юм би машинд ганцаараа үлдчихсэн. Тэгээд машинаас гараад, усан дотор, хэсэг мөснөөс зуураад ахыг дуудаад байсан. Тэгсэн нөгөө барьж байсан мөс нь ч бас хөдлөөд эхэлсэн. Ах тэгсэн баахан хөнжил авчраад ус руу хаясан. Би тэрүүгээр нь дамжаад уснаас гарч чадсан. Тэгсэн явж явж нөгөө мөстсөн байсан гол нь манай ээжийн том өрөө болж таарсан :р Уснаас гарах гэж зүтгэж байхдаа би нэг төмрөнд хуруугаа хатгачихсан. Тэгсэн тэр нь халдвар өгөөд, миний дунд хуруу богинохоон, бүдүүн, цэв цэнхэр өнгөтэй болоод. Цэврүү үсэрчихсийм шиг бэлцийж байснаа гэнэт хагараад баахан цус нүүр үсрээд. Тэр бэлцийсэн юм гарч ирээд, хага үсрэх нь хэдэн минут болоол давтагдаад. Сүүлдээ ч бүр гар маань 6 хуруутай болоод. Зургуулаа тэгж хөхрөөд, бэлцийгээд, хагараад. Тэгсэн намайг нэг өрөөнд тусгайлаад хорьчихсон. Бодуул тэр нь халдвартайн байлгүй. Тэгээ миний эмч гээд нэг хүүхэн ирсэн. Над дээр 1 жаахан охин л орж ирж болохыг хэлсэн. Тэр нь халдвар авдаггүйн байх. Тэгээ өнөө охин чинь орж ирээл, надаа үлгэр мүлгэр ярьж өгөөл, хэрэндээ л намайг баясгаад байгаа бололтой. Тэгсэн хажуугийн орон дээр Том Хэнкс бас хэвтэж байхын. Над шиг өвчин туссан бололтой :р Тэгтэл хаанаас ч юм, би эмч хүүхэн маань хүүхдээ алах гээд байгааг олоод мэдчихсэн. Тэгээл эмчээ нууцаар дагаад явж байсан чинь, өнөөх чинь мөстсөн гол болох ээжийн том өрөөнд охиноо авчирснаа, тэндээс гарч ирсэн тэнэг том загасанд охиноо идүүлчихсэн. Би тусламж дуудсан. Баахан хүн ирсэн. Тэгээ өнөө загаснаас охиных нь цогцос гарч ирээгүй бололтой. Хүмүүс охиныг нь амьд байгаа гээл хайгаал байхын. Тэгсэн нэг хүн нэг хачин нохой дагуулж ирснээ, "Охин нь энэ байна" гээд :р Тэгсэн хүмүүс өнөө нохойг чинь хэдэн талаас нь харж байснаа, "энэ охин нь биш байна. Энэ чинь золбин нохой байна" гэснээ нөгөө муу хөөрхий нохойг мөстсөн гол руу өшиглөөд унагаачихын. Би тэгээл хэдэн хүнтэй нийлээд л, усан онгоцоор нөгөө охиныг нь хайж явлаа. Тэр охин нь, 10 орчим насны, цагаан арьстай охин байсын. Тэгсэн маниус хайж яваад өнөөхийг нь олов оо. Тэгсэн тэр нь өсвөр насны, тарган, негр охин болцон байхын. Юуны ч юм нэг нийгэмлэгийн гишүүн болчихсон. Гудамжинд ямар нэгэн жагсаал дээр орилоод явж байсан :р Ямартай ч охиныг нь олсондоо сэтгэл ханацгаасан. Энэ хооронд миний хуруунууд бэлцийж хавдаад, хагарч цус үсэрсээр л байсан. Хамгийн сэжгийн нь, хагараад цус нь заавал нүүр рүү үсэрнэ. Би тэрнээс нь бүр сэжиглээд. Тэгээ гараа яахаа мэдэхгүй үйлээ үзээд явжийтал утас дуугараад сэрсэн. Сэрсэндээ үнэхээр баярласан :D
Би үхэн үхтлээ өөрийнхөө ертөнцөд амьдарна. Харин чи ердөө л жуулчин ..,
Салхи ердөө л
Нэг навчийг
Илүү өндөрт
Хийсгэхэд,
Тэр навч нь
Хийссээр
Миний энгэрт наалдахад,
Би тэр навчийг хараад
Гунигт автахад,
Гуниг намайг
Үхэлд хүргэж болохыг
Хэн урьдаас
Зохион байгуулав???
Бэлзэг зүүх хуруугаа
Бэхтэй хутгахыг илүүд үзнэ.
Гэрлэлтийн хуурамч тангарганаас
Гэмгүйхэн хошигнолыг илүүд үзнэ.
Үнэр нь холилдсон цэцэгсийг
Үндэстэй нь үлдээхийг илүүд үзнэ.
Хуудас цаасан дээр нэр холбогдохоос
Хөтлөлцсөөр дуусахыг илүүд үзнэ.
Асаагуурын элэгдэх чулуу шиг
Амьдрах минь ахархан,
Шатан дүрэлзэх хугацаа нь
Шүдэнзний толгой дүрсхийх төдий.
Өнгөрөөх энэхэн хоромууддаа
Өөрөө л үнэнч оршихсон.
30 насны тост ..,