Залуу дурласан. Анхны харцаар л. Энэ бол түүний амьдралд тохиосон хамгийн анхны болоод хамгийн сүүлийн дурлал байсан. Учир нь, залуу үлдсэн амьдралдаа хэнд ч ингэж дурлахгүйгээ түүнийг харсан эхний мөчдөө л ойлгосон. Залуу түүний нэрийг нь мэдэх байтугай, үг ч сольж үзээгүй. Магадгүй, танилцахаасаа эмээж байсан байх. Шалтгаан нь, тэр өөртөө итгэлгүй нэгэн. Үүнээс урьдах дурлалуудын нэг нь ч бүтэлтэй болж байгаагүй. Гэхдээ залуу энэ удаагийн "жинхэнэ" дурлалдаа бууж өгөхийг хүссэнгүй. Тэрээр, амьдралд нь цор ганц удаа тохиосон энэхүү "жинхэнэ" дурлалынхаа төлөө тэмцэхийн тулд өөртөө асар итгэлтэй нэгэн болж хувирсан. Ингээд тэрээр урьд нь хэзээ ч хийж байгаагүй зүйлсээ тэр бүсгүйн төлөө хийхээр зориглосон. Тэдгээр нь, бүжиг болоод, олны нүдэн дээр ил гарах. Залуу хэзээ ч бүжиг хийх оролдлого хийж байгаагүй бөгөөд, аль болох л олны нүднээс далд байхыг эрмэлздэг байсан.
Залуу, бүсгүйн амьдардаг байрны гадна очин, түүнийг гарч ирэхийг хүлээсэн. Бүсгүйг гарч ирмэгц, хавийн байрнуудыг доргиосон чанга гэгчийн хөгжим тавьж, өөрийн сэтгэлийг уран яруугаар илэрхийлсэн бүжгийг хийсэн. Магадгүй, түүний сэтгэлийг, үгээр илэрхийлж болохгүй байсан ч юмуу, эсвэл мань залуу илэрхийлж чадахгүй байсан байж болох. Гудамжаар холхин байсан олон түүнийг хараад сониучирхан бүчсэн. Бүсгүй ч түүнийг сонирхон ширтэгсэдийн дунд байсан. Залуу бүжгээ дуусаад бүсгүй дээр ирсэн. Бүсгүй зөөлөн инээмсэглээд, түүний сэтгэлийг хүлээн авч буйн илэрхийлэл болгон гарыг нь чангаар атгасан. Үнэндээ, бүсгүй, төрөлхийн хараагүй нэгэн байсан.

4 comments:

Дүүрнээ said...

өөөөн

нойтон навч. said...

хмм,

Mishaa said...

iimaariii

ollie said...

юу нь иймаар байгаан. супер романтиш юм бичээд байхад чинь :Р