Ирээдүйгээ
Би мэддэг.
Толгойдоо
Буу тулган зогсдог.

Өчигдрийг
Би санадаг.
Толгойдоо тулгасан бууг
Чи буулгаж байдаг.

Өнгөрснөө
Би хардаг.
Толгойдоо тулгах бууг
Худалдан авахыг чи хорьдог.
Бүх мэдрэмж цөхрөн унахад
Өвдөлт л ганцаараа тэсэн үлдэв.
Ямар ч мэдрэмжгүй байх
Ямар хэцүүг
Надад мартуулахгүй гэж.
Би ганцаардахгүй амьдарч чаддаггүй шиг
Чи ганцаардал гэдгийг мэддэггүй.
Би гунихгүй амьдарч чаддаггүй шиг
Чи гуниг гэдгийг мэддэггүй.
Би өвдөхгүй амьдарч чаддаггүй шиг
Чи өвдөлт гэдгийг мэддэггүй.
Би шаналахгүй амьдарч чаддаггүй шиг
Чи шаналан гэдгийг мэддэггүй.
Би хайр гэдгийг мэддэггүй шиг
Чи хайргүй амьдарч чаддаггүй.
"Just getting to be around you...
was the best thing that ever happened to me .., "

Drive (2011)
Би өөрийнхөө боол,
Жижигхэн ч гэсэн биеийнхээ боол
Эмзэг ч гэсэн сэтгэлийнхээ боол
Турьхан ч гэсэн хайрынхаа боол
Өчүүхэн ч гэсэн бодлынхоо боол.

Би өөрийнхөө зарц,
Жижигхэн биеийг арчилж
Эмзэг сэтгэлийг аргадаж
Турьхан хайрыг бөөцийлж
Өчүүхэн бодлыг тайтгаруулна.

Би бусдын эзэн,
Үлэмж биетнүүдийг сөгдүүлж
Хатуу сэтгэлүүдийг уярааж
Агуу хайруудыг уйлуулж
Суут бодлуудыг уймруулдаг.
Чи намайг санаад байвал
Бидний хамтдаа суудаг байсан
Тэр сандал дээр ирж суугаарай.

Чи намайг санаад байвал
Бидний хамтдаа инээдэг байсан
Тэр киног үзээрэй.

Чи намайг санаад байвал
Бидний хамтдаа санааширдаг байсан
Тэр дууг сонсоорой.

Чи намайг саналаа гээд
Миний үхлээр
Үхэж болохгүй шүү!
Би үхээд, дахин төрсөн ч бай. Дахин төрсөн амьдралдаа чамтай учирсан ч бай. Дахин төрсөн амьдралдаа чамтай учраад, энэ амьдрал дахь шигээ шаналсан ч бай. Хамаагүй ээ. Би чамайг л ахин хайрлана. Яг л өнөөдрийнх шигээ. Өөр хэнийг ч хайрлаж чадахгүй болтлоо чамайг л хайрлана.
Намрыг үзээд
Навч сэтгэлээ хувирган
Модноос урвав.
Өгөөмөр мод
Түүний дурлалыг хүндлэн
Өөрөөсөө явуулав.
Сэтгэлтэйгээ хамт
Өнгөө хувиргасан навчийг
Намар тоосонгүй.
Хувирамтгай навч
Хэнд ч хэрэггүй
Хог болон хөглөрөв.
Хавьд ийм сонин зүүд зүүдэлсэнгүй.
Манай хотод нэг ид шидтэй гэр бүлийнхэн иржээ. Хаанаас ирсийн мэдкү. Нэг хөгшин эгч, нэг 40 орчим насны эгч, нэг 40 орчим насны ах, тэгээд нэг миний үеийндүү нэг хүүхэн. Тэгээл үзүүлбэрээ үзүүлээл. Гэхдээ үзүүлбэр нь ямар байсныг санахгүй байна. Ямар ч байсан би аймар сэтгэл хангалуунаар гэртээ ирлээ. Тэгсэн манай гэрт нэг хүүхэн байж байхын. Ханын обой энэ тэрийг хуулаад. Би гайхаад, "Чи юу хийжийнаа?" гэсэн чинь, "Танайд засвар хийх гэж байна" гэхийн. Тэхээр нь, "Үгүй ээ, би саяхан засвар хийчихсэн. Зүгээр орхи" гэсэн чинь "За за тэгвэл тавилганых нь байрыг л солиод тавьчий" гэхийн. Тэхээр нь, за тэгээ тэг гээл ажилдаа явж байгаам. Гэртээ нэг юмаа мартсан бололтой. Ажлын дундуур гараал гэртээ ирсэн чинь юу вэ. Манай гэрт бөөн хүн. Хамаг тавилга энэ тэрийг маань салгаад өрчихсөн. Ханын цаас маас бүгдийг нь хуулчихсан. Миний уур хүрээл, нөгөө гэрт байсан хүүхнээ олж уулзлаа. Уурлалаа. Тэгсэн нэг залуу ирснээ намайг гэрээс бараг түлхээд шахуу гаргах гээд байхын. Гэрт байсан өөр бусад хүмүүс нь над руу харж шивнэлдээл. Би бүр учрыг нь олохгүй. Тэгээл бараг хөөгдөөд гарвоо. Гараал алхаж байснаа гэнэт, манай гэрт байсан тэр хүмүүс чинь зүсээ хувиргасан нөгөө шидэт гэр бүлийнхэн байна ш дээ гэж бодож байгаам. Тэгээл гэрт байсан хүмүүсээ төсөөллөө. Яах аргагүй мөн байнаа. Би буцаал гэр рүүгээ гүйлээ. "Би та нарын хэн гэдгийг мэдсэн" гээл хэллээ. Тэгтэл юу юугүй ухаан алдаад уначив. Өнөөдүүл л намайг ухаан алдуулчих шиг болсон. Тэгээ ухаан орлоо. Тэгтэл би гэртээ, гэхдээ манай гэр аймар сонин тавилгатай, шал өөр болцон байхын. Зөвхөн тавилга нь өөрчлөгдсийн биш, шал өөр цаг үед ирцэн байгаагаа би мэдэж байгаам. Нөгөө шидтэнгүүд чинь бас байнаа. Гэхдээ ямар ч шидтэн энэ тэр биш, жив жирийн хүмүүс. Жив жирийнээр барахгүй миний гэр бүлийнхэн болж таарсан. Гэтэл яасан гэхээр, миний "амьдрал" бол ерөөсөө миний амьдрал байгаагүй. Миний "жинхэнэ" амьдрал бол энэ газар, энэ юм гэнэ. Би яаж ч юм мэдэхгүй, ямар нэгэн байдлаар энэ амьдралаасаа салаад, өөрийнхөө "жинхэнэ" гэж бодож байсан амьдралд орцын байна л даа. Тэгээ манай гэр бүлийнхэн намайг эргүүлэн авчрах гэж миний амьдарч байгаа газар очсын байх. Яагаад тэнд очоод шидтэн болцонг би мэдэхгүй. Тэгээд намайг олоод, манай гэрийг "энэ" гэр шиг болгож өөрчлөх гээд байсын байна л даа. "Энэ" гэр шиг болсон гэрийг харуул "жинхэнэ" амьдралаа санаж магадгүй гэж бодсын байх. Гэхдээ өөрсдийгөө миний гэр бүл гэж мэдэгдүүлж болохгүй, юун хүмүүс гэдгээ ч мэдэгдүүлж болохгүй юмуу даа. Тэгтэл би мэдчихсэн болохоор, тэд нар тэгж хөдөлмөрлөх шаардлагагүй болоод, мэдсэнийхээ "шагналд" ч гэхиймүү, би "жинхэнэ" амьдралдаа хүрээд ирж байгаам. За тэгээл бодуул би амар сайхандаа жаргаа л байлгүй.
Зүүд ч ингээд л төгссөн. Сэрээд бодлоо л доо. Хэрвээ нээрээ "энэ" амьдрал миний "жинхэнэ" амьдрал биш бол яахуу? Миний "жинхэнэ" амьдрал зэргэлдээ ертөнцөд ч юмуу, эсүүл бүр зүүднийх шиг, дээр үед, өнгөрсөнд байвал яахуу? Хэрвээ тийм байгаад, би төөрөөд энд ирчихсэн бол миний гэр бүлийнхэн ингэж миний төлөө ирэх болов уу?
Цаг хугацаа гэдэг баллуур
Чиний төрхийг арилгаж эхэллээ.
Итгэл гэдэг балаар
Чамайг хэчнээн зураад ч
Баллуур хязгааргүй,
Миний бал
Ердөө ганцхан.

Мартах гэдэг үгийг би амьдралынхаа альхан хэсэгт "мартчихав" даа ..,
Би чамайг
ХҮН шиг биш болохоор хайрласан.
Харин чи намайг
ХҮН шиг биш болохоор зүхсэн.

Би чамайг
ЖИРИЙН биш болохоор дурласан
Харин чи намайг
ЖИРИЙН биш болохоор холдсон.

Би чамайг
НАДААС өөр болохоор таалсан.
Харин чи намайг
ЧАМААС өөр болохоор түлхсэн.
Би өөрийгөө чөлөөлмөөр байна. Чамаас! Чамаас гэдэг нь, өнгөрснөөс. Өнгөрснөөс гэдэг нь, миний амьдралын сүүлийн 11 жилээс. Би чамайг мартчих вий гэж өдөр бүхэн эмээж ирсэн. Гэсэн ч одоо чамайг мартмаар байна. Гэхдээ энэ бодолдоо бас ч тийм итгэлтэй биш л байна. Гэхдээ, чамайг мартчихаад мартсандаа шаналах нь, чамайг марталгүй санан шаналахын дэргэд гайгүй мэт. Би 11 жил шаналсан ч, шаналанг, өнгөрсөнд бус өнөөдөрт нь байлгамаар байна. Чамайг мартсанаар би яаж ч шаналах байлаа гэсэн, тэр нь, миний өнөөдрийн амьдралын шаналан болно. Өнгөрсний шаналан өнгөрсөндөө л үлдэг дээ. Би тэнд хангалттай шаналсан. Гэтэл тэр шаналанг өнөөдөрт чирж ирэн дахин дахин шаналах нь миний тэвчээрийг барж байна. Би чамайг хүлээж тэвчихгүйдээ орхих гэж байгаа юм биш. Чамайн хүлээх миний тэвчээр намайг үхтэл ч хангалттай хүрэлцэнэ. Ердөө л, би өнгөрсөнд амьдарсаар залхав. Миний 11 жилийн амьдралд хэзээ ч “өнөөдөр” гэж байгаагүйд залхав. Яагаад чухам гэв гэнэт өнөөдөр залхах болсноо мэдэхгүй юм.
Гээд л, чухам зориг гаргаад ингэж шийдэх гэнгүүт, энэ бүхний төгсгөл, “Гэхдээ л би чамд хайртай..,” гэсэн үгээр төгсөхийг нь мэдэж байгаа болохоор чадахгүй юм. Товчдоо, би өөрөө өөрөөсөө урвахыг хүсээд байгаа ч чадахгүй юм. Магадгүй, урвах гээд байгаа болохоор, өөрөө өөрийгөө хүчлэх гээд байгаа болохоор, өөрөө өөртөө худлыг итгүүлэх гээд байгаа болохоор чадахгүй байж болох. “Мартах” гэдэг үгийг би амьдралынхаа альхан хэсэгт гээгээд үлдээчихээв дээ?
2000 оны намар. Тэр үед Жулиет хараахан алцхаймарт өртөөгүй байсан. Бас тэрээр, анхны найз залуутайгаа танилцаад 3 сар л өнгөрч байсан. Жулиет 1999 онд шинэ сургуульд шилжиж ирсэн ч, сургуулийнхаа нэг ч оюутныг оноон харахгүй байсаар 2 дугаар курсээ төгссөн байсан. 3 дугаар курстээ ордог намар. Мото спортын тамирчин найз залуугаараа сургуульдаа хүргүүлэн иртэл, түүний ангийн охидууд түүнийг үзэн яддаг байсны улмаас тэрээр ганцаараа хуваариа зохиогоогүй үлдсэн байсан. Тиймээс тэр ганцаараа, аль л боломж байгаа анги бүртэй хагас жил суралцах болсон. Өнөөдөр түүний анхны өөр ангитай хамт хичээллэх өдөр. Танихгүй ангийнханаас зайгаа барин ганцаар цонхны тавцан налан зогсоно. Яг энэ л үед, тэрээр, өөрийн Ромеог олж харсан. Цагаан нэхмэл ноосон цамцтай, хажуудаа хайш яйш үүрсэн цүнхтэй Ромео түүний шинэ ангийн нэгэн байсан. Жулиет түүнийг анх харсан мөчөө мартдаггүй ч, түүнд анх харсан дороо дурлаагүй юм. Тэр хоёр хичээл дээрээ тохой нийлүүлэн суух болсон. Ромео хэзээ ч түүний сонирхох төрлийн залуу байгаагүй. Жулиет маань хотод төрж өссөн, нэлээн цамаан, ганган, хүмүүсийн анхаарлыг байнга өөр дээрээ татдаг нэгэн байсан. Харин Ромео. Тэр бол хотоос зайдуу төрж өссөн, хэний ч анхааралд өртдөггүй, жирийн л нэгэн залуу байсан. Гэсэн ч түүнд Жулиет дурласан. Дурлахаар ч барахгүй, түүнд үнэн сэтгэлээсээ хайртай болсон нь түүний амьдралын хамгийн анхны жинхэнэ болоод, хамгийн сүүлийн жинхэнэ хайр байсан. Гайхалтай нь, Ромео ч түүнд дурласан. Гэвч асуудал байсан. Жулиет найз залуутай, Ромео эхнэр хүүхэдтэй.
Гэсэн ч хайр сэтгэлээ барьж чадаагүй тэд “учирцгаасан”. Хэн хэнийх нь хувьд энэ “учрал” амьдралынх нь 2 дахь байсан ч, тэдний хувьд анхны болоод цор ганц нь байсан. Төд удалгүй Жулиет найз залуугаасаа саллаа. Харин Ромео байнга эхнэртэйгээ муудалцах болов. Дураараа, сахилгагүй Жулиет Ромеогийнд очиж эхнэрийг нь ч уурлуулав. Маргааш нь, хацар дээрээ хумсны сорвитой Ромеогоо хараад тэр буруугаа гэмшин, Ромеогоос уучлалт гуйсан. Харин хайрт Ромео нь түүнд “Бүх зүйл зүгээр. Чи буруугүй” гэж хэлсэн. Хичээл тарах мөчүүд л тэдний хувьд хамгийн сайхан цагууд байлаа. Ромео Жулиетийг гэрт нь хүргэж өгөн, үнсээд оруулна. Энэ л хамгийн сайхан мөчүүд.
Гэвч төд удалгүй, Ромеогийн уур хүрч эхэлсэн. Учир нь, Жулиетийг сургуулийн бараг л бүх залуус сонирхдог байсан. Энэ хардалтыг нь Жулиет хүлээн зөвшөөрсөнгүй. Жулиет бол тусгаар тогтносон нэгэн. Өөрийг нь өмчилж аваагүй нэгэн өөрийг нь хардахыг тэр хүлээн зөвшөөрөхгүй. Ялангуяа эхнэртэй Ромео тэгж аашилахыг. Ингээд тэд үл ойлголцон, Жулиет дээд ангийнхаа залуустай уулзан, харин тэдний хажуугаар Ромео хөмсгөө зангидан дуугай өнгөрөх болсон. Жулиетийн зүрх шаналж байсан ч тэрээр хэтэрхий зөрүүд нэгэн болохоор мөчөөгөө өгсөнгүй. Үүнээс гадна, Ромео өөрийгөө хажуудаа байгаа хэн бүхнийг зовлонд учруулдаг гэж боддог байсан. Тиймээс тэрээр, хайрт Жулиетийгээ зовоохгүйн тулд өөрөөсөө хол байхыг санал болгосон. Жулиетэд хэцүү байсан ч тэр энэ саналыг нь хүлээн авсан.
Удалгүй. Тэд сургуулиа төгсөх болсон. Энэ үед Ромео түүнийг зовоохгүйн тулд зайгаа барьсаар байсан. Харин Жулиет, хэн нэгнээр Ромеог орлуулахын тулд хүссэн бүхэнтэйгээ уулздаг байсан. Гэвч, хүссэн бүхэн Ромеог орлож чадахгүй. Тиймээс тэрээр хорвоо ертөнцийг “хийсвэрээр” харахыг хүссэн. Хөлчүүрхэл. Жулиет хичээлдээ эрүүл ирэх нь багасав. Бас тэрээр, ирэх бүртээ ангийнхаа хэн ч хамаагүй нэгэнтэй гарч уудаг болов. Ромео үүнд цухалдавч яаж ч ччадахгүй байлаа. Төгсөлтийн баяр. Жулиет, Ромео хоёр бие биесээ алсаас ширтэнэ. Тэгээд инээмсэглэсэн. Хайр дүүрэн инээмсэглэл. Гэвч, бие биедээ ойртож “болохгүй” инээмсэглэл. Жулиет шөнөжин уйлсан.
3 жилийн дараа. Жулиет Ромеогийн утасны дугаарыг олоод залгасан. Тэд уулзсан. Хязгааргүй хайр дурлал. Гэвч, жилийн дараа тэд хэн хэн нь дугаараа солиод, хэнийгээ ч олохоо байсан. Гэвч Жулиет шантралгүй хайсаар байсан.
Өнөөдөр, тэдний анх бие биесээ харснаас хойшхи 11 жил. Гэсэн ч тэд хайрласаар. Хараагүй, хаа байгааг нь мэдэхгүй ч хайрласаар. Жулиет Ромеогийн сургийг гаргасан. Ромео эхнэрээсээ салсан. Харин Жулиет хэзээ ч гэрлээгүй ..,
Төгсгөл. Харамсалтай нь Жулиет алцхаймар туссан. Тэр өнгөрснөө бүгдийг мартаж эхэлсэн. Гэвч, өвчин хэдий хүчтэй ч сэтгэлийг дийлж чаддаггүйн жишээ болгон, алцхаймар түүний Ромеог гэх хайрыг мартуулж чадаагүй. Гэхдээ тэрээр Ромеог мартаагүй ч, түүнийг хайрласан хайраа мартаагүй ч, түүнтэй өнгөрүүлсэн цаг мөч бүрийг ор тас мартсан.
"Чамд хайрлуулах ямар хэцүү гээч. Яг л үзэн ядуулж байгаа юм шиг .., " Одоо болтол энэ үг бодогдсоор л. Би хэн нэгнийг гомдоож л явсан. Гэхдээ хэнээс ч ийм "өөдгүй" үг сонсож байсангүй .., Өөрөө өөрийгөө шулмас шиг мэдрэхэд хүргэхийн.
Тэр шархадсан. Түүнийг шархлуулсан хутгыг би үзэн ядсан. Гэвч үнэндээ, түүнийг шархлуулсан хутга миний гарт байсан. Миний гарт байгаа, түүнийг шархлуулсан хутгыг би газарт хаясан. Харамсалтай нь, надад түүнийг шархлуулах хутга байснаас, түүний шархыг эмчлэх эм байсангүй. Уур хүрсэн. Уурандаа түүнийг шархлуулаад газарт хаясан хутгаа буцаан авсан. Тэгээд, түүнийг шархлуулаад, газарт хаяад, буцаан авсан өнөө хутгаараа өөрийгөө шархлуулах гэж үзсэн. Гэвч би яагаачгүй. Нэг бол тэр надаас илүү эмзэг байх. Эсвэл, би шархалсаар байгаад элдэв шархыг ажирахаа байж..,
Хүн бүр л хүн бүрийнхээ
Нэг өдрийн зугаа байдаг амьдралд
Хүн бүр л хэн нэгнээрээ
Насан туршдаа зугаацахыг хүснэ.
Хүсэл нь хэзээ ч биелэхгүйг
Хэзээ хойно ойлгоод,
Нэг хэсэг нь
Өөр зугааг хайж,
Нөгөө хэсэг нь
Өөрийгөө үгүй хийнэ.
Өөр зугааг хайгсадыг ч,
Өөрийгөө үгүй хийгсэдийг ч
Хэн ч,
Хэн нэгэн ч
Үл анзааран амьдарна.
Нэрээр минь
Хэн ч дуудахгүй удсаар
Нэрээ би мартав.

Насыг минь
Хэн ч асуухгүй байсаар
Насаа би мартав.

Хүслийг минь
Хэн ч сонсохгүй явсаар
Хүслээ би мартав.

Хайрыг минь
Хэн ч ойшоохгүй ирсээр
Хайраа би мартав.

Амьдралыг минь
Хэн бүхэн буруутгасаар
Амьдрахаа би зогсоов.
Хэчнээн ч урт насалж болохым. Гэхдээ л тэр хугацаандаа чадах чинээгээрээ "бага" "амьдрах"-ым шүү ..,
Хааяа би өөрийгөө таньдаггүй.
Өглөө босоод толь руу хараад
Өөдөөс харах танихгүй харцыг
Хачирхан байж ширтдэг.

Заримдаа би өөрийгөө таньдаггүй.
Өглөө босоод толь руу хараад
Өөдөөс мушийх танихгүй инээмсэглэлийг
Зовиуртайгаар ширтдэг.

Ихэнхдээ би өөрийгөө таньдаггүй.
Өглөө босоод толь руу хараад
Өөдөөс мэлийх танихгүй царайг
Өрөвдөнгүй ширтдэг.
Залуу тэр бүсгүйд үнэхээр хайртай. Бүсгүй ч өөрт нь хайртай гэсэн. Тийм ч болоод өнөөдөр тэрээр, бүсгүйдээ гэрлэх санал тавихаар шийдэн нэгэн ресторанд түүнийг урьсан. Гэвч бүсгүй ирсэнгүй. Залуу шалтгааныг нь бодоод бодоод олоогүй бөгөөд, үүнээс хойш ахин тэр бүсгүйтэйгээ таараагүй.
Харин бүсгүй. Залуугийн урьсан газартай ижил нэртэй өөр нэгэн ресторанд, тэр залуугийн ямар бүдүүлэг тухайг бодон оройжин ганцаар суусаар, хажуугийн ширээнд байх өөр нэгэн залуутай танилцсан нь түүний заяаны хань байв.