Би өөрийгөө чөлөөлмөөр байна. Чамаас! Чамаас гэдэг нь, өнгөрснөөс. Өнгөрснөөс гэдэг нь, миний амьдралын сүүлийн 11 жилээс. Би чамайг мартчих вий гэж өдөр бүхэн эмээж ирсэн. Гэсэн ч одоо чамайг мартмаар байна. Гэхдээ энэ бодолдоо бас ч тийм итгэлтэй биш л байна. Гэхдээ, чамайг мартчихаад мартсандаа шаналах нь, чамайг марталгүй санан шаналахын дэргэд гайгүй мэт. Би 11 жил шаналсан ч, шаналанг, өнгөрсөнд бус өнөөдөрт нь байлгамаар байна. Чамайг мартсанаар би яаж ч шаналах байлаа гэсэн, тэр нь, миний өнөөдрийн амьдралын шаналан болно. Өнгөрсний шаналан өнгөрсөндөө л үлдэг дээ. Би тэнд хангалттай шаналсан. Гэтэл тэр шаналанг өнөөдөрт чирж ирэн дахин дахин шаналах нь миний тэвчээрийг барж байна. Би чамайг хүлээж тэвчихгүйдээ орхих гэж байгаа юм биш. Чамайн хүлээх миний тэвчээр намайг үхтэл ч хангалттай хүрэлцэнэ. Ердөө л, би өнгөрсөнд амьдарсаар залхав. Миний 11 жилийн амьдралд хэзээ ч “өнөөдөр” гэж байгаагүйд залхав. Яагаад чухам гэв гэнэт өнөөдөр залхах болсноо мэдэхгүй юм.
Гээд л, чухам зориг гаргаад ингэж шийдэх гэнгүүт, энэ бүхний төгсгөл, “Гэхдээ л би чамд хайртай..,” гэсэн үгээр төгсөхийг нь мэдэж байгаа болохоор чадахгүй юм. Товчдоо, би өөрөө өөрөөсөө урвахыг хүсээд байгаа ч чадахгүй юм. Магадгүй, урвах гээд байгаа болохоор, өөрөө өөрийгөө хүчлэх гээд байгаа болохоор, өөрөө өөртөө худлыг итгүүлэх гээд байгаа болохоор чадахгүй байж болох. “Мартах” гэдэг үгийг би амьдралынхаа альхан хэсэгт гээгээд үлдээчихээв дээ?

0 comments: