Өглөөгүүр,
Ердөө л ганц хором
Хуурамчаар
Мушиймар аядсаны төлөө
Амьдрал намайг
Жаргалтай гэдэгт итгэчихэж.

Өчигдөр,
Ердөө л ганц цаг
Хөнгөхөөн
Түүнийг бодсоны төлөө
Амьдрал намайг
Дурласан гэдэгт итгэчихэж.

Өнгөрсөнд,
Ердөө л ганц өдөр
Хямдхаан
Амьд явсны төлөө
Амьдрал намайг
Өөрт нь хайртай гэдэгт итгэчихэж.

Хөөрхий,
Гэнэн ч амьдрал бол доо.
Хэчнээн их уйлуулснаа мартчихсан мэт
Хацрыг минь илэхдээ
Гар чинь чичрэхгүй юм.

Хэчнээн их гомдоосноо мартчихсан мэт
Духын минь үнэрлэхдээ
Уруул чинь чичрэхгүй юм.

Хэчнээн их зовоосоноо мартчихсан мэт
Биеийг минь тэврэхдээ
Бие чинь чичрэхгүй юм.

Харин би,
Нулимс, гомдол, цөхрөлөө санаад
Хамаг байдгаараа салганан чичирнэ.
Чиний зүрхийг
Чиний бүсгүй
Зах дээр
Зарж байхтай таарлаа.
Худалдаж аваагүй,
Хэтэрхий хямдхан байснаас.
Эргэн тойронд байгаа бүх хөгийн гаруудыг амьдралаасаа игнордохоор шийдэв. Би хүн ш д. Надаа сэтгэл байдын ш д. Тэр сэтгэл нь ядаж байхад бусдынхтай харьцуулахад хамаагүй эмзэг ш д. Тийм байж, юу ч болоогүйм шиг төрх гаргасаар залхав. Намайг "би" биш болоход "тусалсан" найз нэртэй малнуудад баярлалаа, тэгээд баяртай.
Чамайг мартахгүй байгаа нь,
Чамд хэлэх ЁСТОЙ үг байгаад тэр юм байна.
Чамайг олохгүй байгаа нь,
Чамтай таарах ЁСТОЙ газраа очоогүйд тэр юм байна.
Чамаас өөрийг хайрлахгүй байгаа нь,
Чи миний хайрлах ЁСТОЙ ганц хүн нь болоод тэр юм байна.
Тэгэхээр,
ЁСТОЙ бүхнийг гүйцээгээгүй цагт
Би эндээс явах ЁСГҮЙ.
Ганцаардлын эгшиг
Зүрхэнд урсан ирэхэд
Гунигийн хөгжим
Түүнийг аялгуу болгон
Даяанчийн амьдралаар нэг түгээнэ.

Аялгуунд уярсан даяанч
Гагцхүү сэтгэлээ л даган
Санаашран суух нь
Миний хайр дурлал.
Бүдрэхэд минь
Намайг зөөлөн унагах гэсэндээ
Өөрөө түрүүлж унадгаас чинь болж,

Өвдөхөд минь
Өвдөлтийг минь хуваалцах гэсэндээ
Өөрийгөө бас өвтгөдгөөс чинь болж,

Үхлийг мөрөөсөхөд минь
Надгүй үлдэхгүй гэсэндээ
Өөрийгөө үгүй хийх гэдгээс чинь болж,

Чамайг, надаас аврахын тулд
Чамайг, өөрөөсөө хол байлгадаг.
Зүүдэлж байгаам. Ээж надаа ингэж хэлж байна гэнээ. "Би сая 2 жаахан охин нугарч байгаа зүүд зүүдэлсэн. Чи тэрийг зүүдэлмээр байна уу?" гэхээр нь би, "Тэгий л даа" гээл зүүдэн дотроо унтваа. Үнэхээр ч хоёр охин аймар мундаг нугараад л байхым. Тэгээл "сэрлээ". Ээж тэгсэн чинь "Чамаас төлбөр авсан уу?" гэнэ. Тэхээр нь, "Үгүй, мөнгө нтр нэхсэнгүй ш д" гэсэн чинь ээж, "Ямар сонин юм. Надаас үзүүлбэрийн мөнгө гэж нэхээд байсан ш д" гэсэн.

Анх удаагаа зүүдэнд дотроо ээжийнхээ санал болгосон гэхиймүү, ээжийнхээ зүүдэлсэн гэхиймүү зүүдийг зүүдэлж үздэг байшд.
Бачууралд идэгдэн
Биеэ ярлаа.
Зүрхээ сугалав,
Нэмэр болсонгүй.
Судсаа тасдав,
Нөлөө үзүүлсэнгүй.
Тархиа бяцлав.
Юу ч өөрчлөгдсөнгүй.
Ходоодоо эргүүлэв,
Бүгд хэвээрээ.
Хааана оршоод
Намайг тамлана вэ,
Тэр сэтгэл гэгдэгч?
Хэзээ нэгтээ "найз" байсан хүнийхээ хуучны тэмдэглэлүүдийг уншив. Уншиж дуусаад "Надад найз байж!" гэсэн ганц л бодол төрөв. Юу юугүй ямар нэг юм дээшээ огшин, нулимс мэлтэлзээд ирлээ. Чангаар хоолойгоо засахад огшоод байсан нулимс ор мөргүй замхрав. Зөвхөн тэр ч миний "найз" байхаа больсон юм биш, би ч бас тэр үеийн "би" биш болсноо сая л мэдэрлээ. Харамсал ..,
Ингээд л цаг дууслаа
Хайрлаж, уйлж, баярлаж, гомдож, инээж амжилгүй.
Ингээд л өдөр дууслаа
Хайрлаж, уйлж, баярлаж, гомдож амжилгүй.
Ингээд л сар дууслаа
Хайрлаж, уйлж, баярлаж амжилгүй.
Ингээд л жил дууслаа
Хайрлаж, уйлж амжилгүй.
Ингээд л амьдрал дууслаа
Хайрлаж амжилгүй.
"Би чамд хайртайг чи мэднэ" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Чамайг намайг хайрладгийг ч мэднэ" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Гэсэн ч хайр чинь намайг өвтгөж байна" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Хайр сэтгэл жаргалтай байх ёстой" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Тиймээс би жаргалтай хайраа олохоор явлаа" гэхэд чинь
Би чимээгүй л толгой дохисон.
"Чи ч бас хайх хэрэгтэй" гэхэд чинь
Би чимээгүй л толгой сэгсэрсэн.
Чи өндрөөс айдаг,
Харин би сохрохоос айдаг ч
Хэзээ нэгтээ,
Бид өндөрт гарчихвал
Хараагүй ч гэсэн
Би чамайг хөтлөөд бууна.
Харин хэзээ нэгтээ,
Би сохорчихвол
Хэчнээн өндөрт байсан ч
Чи миний өмнөөс харж зүрхэлнэ.
Тэд хэн хэн нь тамхи татддаггүй ч бүсгүй түүнийг санах бүртээ янз бүрийн тамхи худалдан авдаг. Энэ нь түүний зуршил, бас хобби болсон. Залуу ч бас түүнийг санах бүртээ элдэв янзын асаагуур худалдан авдаг. Хэн хэнийгээ санасан сэтгэлээ үүгээр тайтгаруулдаг ч байсан байж болох. Тэд бие биесээ санан хайсаар арваад жил өнгөрөхөд тэдний цуглуулга санаанд оромгүй арвин болсон. Гэнэт л нэг өдөр амьдрал тэднийг хоржоонтойгоор учруулсан. Маргааш нь тэр хоёр хоёулаа угаартан үхсэн байсан ч, хоёулаа инээмсэглэсэн байсан.
Залуу бүхий л амьдралынхаа туршид, яавал мөнх оршиж болох тухайд судалсаар ирсэн. Түүний "мөнхийн" амьдралыг олох гэсэн ганц шалтгаан нь, хэрвээ тэрээр өөрөө л мөнх байвал, хайр сэтгэл нь мөнх байна гэж үзсэн. Гэвч тэр мөнх орших шалтгааныг олж нээж чадаагүй. Харин ч тэрээр, жирийн хүмүүсээс хэтэрхий бага амьдраад хорвоог орхисон. Гэсэн ч түүний, мөнхөд хайрлахыг хүссэн бүсгүй үлдсэн. Тэр бүсгүй, түүний бүтээгүй мөрөөдлийн тухай үр ач, зээдээ байнга ярьдаг байсан. Энэхүү яриа нь харин, мөнхөд дуурсагдан үлдсэн.
Ингэж л тасрахыг нь үзэх гэж
Сэтгэлээ би харамласан билүү?
Ингэж л өвдөхийг нь мэдрэх гэж
Зүрхээ би хадгалсан билүү?
Ингэж л шаналахыг нь харах гэж
Өөрийгөө би хатаасан билүү?
Өр өвдөм, өр шатаам
Өнөөдрүүдийн төгсгөл
Хэзээв?
Заналтайгаар жимийсэн уруул биш
Жинхэнэ улаахан уруул чамд байхад
Чи дандаа инээмсэглэдэг байсан.

Гуниг дүүрэн харц биш
Гэнэхэн ширтэх нүд чамд байхад
Түүгээрээ чи хайраа илэрхийлдэг байсан.

Ууртай зангидсан хөмсөг биш
Гайхширан өргөгдсөн хөмсөг чамд байхад
Хүүхэд шиг л чи харагддаг байсан.

Амьдрал яагаад чиний төрхийг
Харж дийлэлгүй цөхрөм
Шавраар ингээд өөрчилчихөв?
Би чамд
Үнэн худалыг хэрхэн ялгахыг биш
Худалыг хэрхэн тэвчихийг зааж өгье.
Би чамд
Жаргал зовлонг яаж танихыг биш
Зовлонг хэрхэн туулахыг зааж өгье.
Би чамд
Дуулж уйлахын хэцүүг биш
Уйлахад хэрхэн тайтгардагийг зааж өгье.
Би чамд
Энэ бүгдийг заахын тулд
Дэргэд чинь байхыг зөвшөөрөөч.
Амьдрал минь
Бодит биш байг.
Амьдарсан минь
Үнэн биш байг.
Хийсэн бүхэн минь
Төсөөлөл байг.
Хэлсэн бүхэн минь
Цуурай байг.
Хамгийн гол нь,
Хайрлаж чадсан минь л
Жинхэнэ байгаасай.