Заналтайгаар жимийсэн уруул биш
Жинхэнэ улаахан уруул чамд байхад
Чи дандаа инээмсэглэдэг байсан.

Гуниг дүүрэн харц биш
Гэнэхэн ширтэх нүд чамд байхад
Түүгээрээ чи хайраа илэрхийлдэг байсан.

Ууртай зангидсан хөмсөг биш
Гайхширан өргөгдсөн хөмсөг чамд байхад
Хүүхэд шиг л чи харагддаг байсан.

Амьдрал яагаад чиний төрхийг
Харж дийлэлгүй цөхрөм
Шавраар ингээд өөрчилчихөв?

0 comments: