Газраа олж ядан гишгэлэх
Халамцуухан, гундуухан ахимаг эрийн
Булингартсан сүүмгэр харцаар
Хорвоо хэтэрхий шударга бус.


Гутарсандаа арайхийн алхлах
Хөнгөмсөг биеэ үнэлэгч бүсгүйн
Хэвлийгээ илэх гарт мэдрэгдэх
Амьдрал хэтэрхий гутамшигтай.


Хууртсандаа дотогшоо мэгшин
Бодолд дарагдан суух эр нөхрийн
Гартаа атгасан хундаганы ард харагдах
Хорвоо хэтэрхий хуурамч.


Хүн таньж сураагүйдээ
Дэрээ нэвтлэн уйлах охины
Нулимсан цаана үзэгдэх
Амьдрал хэтэрхий хэрцгий.


Амьд байх нь
Өөрөө шийтгэл.
Капут ..,
Залуугийн 11 жил хайсан бүсгүй гудамжинд гэнэт таарав. Залуугийн зүрх дэлсэн, бүсгүй рүү дөхөх агшинд гэнэт өөр нэгэн залуу гарч ирээд, бүсгүйг нь тэврэн, "Би чамайг хэчнээн удаан хайрласан гээч" гэж хэлэхэд бүсгүй хариуд нь "Би ч бас ..," гэж хэлэхийг сонсоод, өөрийн хайртай бүсгүйн жаргалтай яваад баярлан, хажуугаар нь инээмсэглэн зөрлөө. Гэхдээ тэрээр, бүсгүйн үргэлжлүүлэн хэлсэн үгийг сонссонгүй. "Би ч бас .., яг л чам шиг, хэн нэгнийг хэчнээн удаан хайрлаж байгааг чи мэдэхгүй. Уучлаарай .., "
Золгүй заяагаар
Зүүний үзүүрт тогтсон,
Зовсон ч үхэх мэдэлгүй
Зүрхээ тасдан амьдрагсад.
Чиний нүд
Яг л минийх шиг.
Ялгаатай нь,
Тэнд гуниг байдаггүй.

Чиний уруул
Яг л минийх шиг.
Ялгаатай нь,
Тэр инээмсэглэдэг.

Чиний гар
Яг л минийх шиг.
Ялгаатай нь,
Түүгээр хэн нэгнийг энхрийлдэг.

Чиний сэтгэл
Яг л минийх шиг.
Ялгаатай нь,
Түүнээс хайр ундардаг.

Чи
Яг л над шиг.
Ялгаатай нь,
Би баггүй.
Хэний ч зугтаж чадахгүй
Аз жаргалыг би судалсан.
Судлагдсан бүхэн харин
Боомилуулж үхсэн жаргалдаа.
Инээх гэхээр л
Нулимс урсаад
Итгүүлж ядах худлыг
Гэрчилж орхих юм.
Өвчин уушиглан,
Өвдөлт залгилан суухад
Юу намайг зогсоож чадах вэ,
Энэ амьдралд?

Хор зажлан,
Гашуудал амтлан суухад
Юу намайг хорьж чадах вэ,
Энэ амьдралд?

Үхэлтэй нөхцөн,
Ганцаардлыг хуурч суухад
Юу намайг үлдээж чадах вэ,
Энэ амьдралд?