Миний өвдөлтийг
Чи мэдрэх шаардлагагүй.
Тиймээс гэр гэртээ хариад
Биесээ хайрлаж сууцгааая.
Хэзээ нэгтээ
Хаалгыг минь тогшвол
Би нээхгүй.
Учир нь,
Хэзээ нэгтээх өдөрт
Би байхгүй.
Ер нь,
Өдөр бүхэнд би байхгүй.
Угтаа,
Би хэзээ ч байгаагүй.
"Би өөрөөсөө чөлөөлөгдмөөр байна .., "
Хорон үгээрээ тавлан инээхэд чинь
Би уйлаагүй.
Хардалтандаа галзууран хоолой бооход чинь
Би уйлаагүй.
Хэзээ ч ирэхгүй гэж хэлэхэд чинь
Би уйлаагүй.
Хаалга саван үүрд одоход чинь
Би уйлаагүй.
Харин,
Хар дарсан зүүдэнд минь
Харуусангуйгаар
Уучлалт гуйхад чинь
Уйлсан би, хачин ихээр.
I'm muzzy. BIG muzzy ..,
Гараас чинь зуурах бүсгүйд төвөгшөөн,
Ард чинь чимээгүй даган алхах над руу
Санаашрангуй эргэн харах чинь
Сэтгэл сийчнэ.
Далавчинд чинь
Нулимсаа арчин
Хутгаа дүрлээ.
Ингээд чи
Нисэж чадахгүй
Дэргэд минь үлдлээ,
Шархалсан,
Нойтон далавчтайгаар.
Үдэш бүр шивнэхээ мэдсэн бол
Нэрийг чинь асуух байсан болов уу,
Асуух л байсан байх даа.


Үүрд ингээд одохыг чинь мэдсэн бол
Өөрт чинь дурлах байсан болов уу,
Дурлах л байсан байх даа.


Үхтлээ санаж уйлахаа мэдсэн бол
Ингэтлээ хайрлах байсан болов уу,
Хайрлах л байсан байх даа.
Ирээдүй гэж үгүй амьдралд минь
Инээмсэглэсээр чи орж ирсэн ч,
Үхэл үгүй ертөнцөөс чинь
Үнэндээ би айн зугтсан.