"Хүүхэд" л байж дээ чааваас ..

Өнгөрсний дундуур
Дурамжхан ч хэдий
Инээмсэглэн алхана.
Гар шүргэх төдийд
Өөрчилж болох ч
Юунд ч эс хүрнэ.
Ийм өнгөрсөн
Надад байгаагүй бол
Ийм инээмсэглэл
Өнөөдөр тодрохгүй.

Шөнө ОН-г зүүдэлсэн. Бишээ, яг өөрийг нь ч зүүдлээгүй л дээ. Лав л Улаанбаатарт биш, өөр нэг хотод би тэдний гэрийг нь олоод, нууцаар гэрт нь орчихож. Тэгээд угаалгын өрөөнд нь ванн-д нь сийлбэр хийгээд байхын. Яаж ч шаазан дээр сийлбэр хийгээд байгаан. Нэг өрөм шиг юм ажиллуулаад л, тэрүүгээр нэлээн чимээ гаргаад л хийгээд байсан. Би хийсэн гэхэд лайтай сийлбэр болсон л доо :Р Тэгтэл утас дуугарсан. "Намайг чимээ гаргалаа гэж л залгаж байгаа байх даа" гэж бодоод гүрийгээд утсаа аваагүй. 430 гэдэг дугаараас залгаад байсан. Авахгүй байсан чинь ахиад л залгасан. Ахиад л гүрийсэн. Тэгсэн ахиад л залгахаар нь яалт ч үгүй авлаа. Тэгсэн нэг эгч ярьж байна "Чи Сүхээгийнд байгаа хүн мөн үү? Хан-уул дүүрэгт?" гэхийн. Би ч, тиймээ л гэж байхын. Ууг нь ОН-г Сүхээ гэдэггүй л юмсан. Тэгсэн нөгөө эгч "Хажуу айлууд чинь чимээ гаргаад байна гээд байна" гэхээр нь, "Оо харин тиймээ эгчээ, уучлаарай. Одоо тэгэхгүй ээ" л гэлээ. Тэгээд өөр нэг өрөөнд нь ороод 2 зурагт зэрэг асаачихын. Нэгэн дээр нь нэлээн чанга дуутай хүүхэлдэй гарч байсан. Хөршүүдээс нь айгаад тэрнийх нь дууг хаасан. Нөгөө зурагтаар нь юу гараад байсныг санахгүй байна. Тэгээд л цонхоор нь хараад зогсож байлаа. 4 давхар хавьцаа л байх шиг байгаан. Тэгтэл гадаа яг ОН шиг нэг хүн миний байгаа байр руу орж байхын. Би хараад ОН юм болуу гэж нэг бодсоноо, юу гэж дээ, тэр энд байхгүй ш дээ гэж бодохым. Тэгээд юу гарч байсныг нь санахгүй байгаа зурагтыг үзэнгээ орон дээр нь хэвтсэн. Тэгээд унтчихсан уу, эсвэл би сэрчихсэн үү, мэдэхгүй. Ямар ч байсан төгсгөл байхгүй.

Өглөө мангар эрт сэрчихээд зүүдээ бодож бараг цаг гаран орон дотроо хэвтсэн. Харин хамгийн сонин нь, орой ээжийнхээс гарч яваад, хэзээ ч, хаана ч таарсан надад ОН-г санагдуулах хүнтэй таардын. Би тэр хүнтэй тааралдаагүй яг 11 жил болох гэж байна. ОН мань хоёртой хальт нийлдэг, манийг хальт найрдаг, тэрэнд нь ОН хальт уурладаг тийм хүн байсын. Өчигдөрхөн л салсан юм шиг уулзаад л, ойр зуурын юм яриад л салсан. ОН-ий тухай асуух асуултууд аман дээр гарч ирээд л байсан ч тэвчсэн. Яагаад гэвэл тэр надаас илүү ОН-ий тухай мэдэж байгаа. Харин би ОН-ий тухай ямар нэгэн зүйл мэдэхийг хүсээгүй, эсвэл мэдэхээсээ айсан байх ..,
"Би чамд хайртай. Тэд чамайг үгүй хийнэ, гэхдээ би үүнийг харахгүй. Би эхлээд өөрийгөө устгана. Энэ л миний хувьд хамгийн боломжийн эсэргүүцлийн хэлбэр. Хүмүүсийн золиосолдог зүйл дэндүү жаахан. Тэдний ертөнцөд аз жаргалтай байхыг би өөртөө зөвшөөрөхгүй. Би зовлон, шаналлыг сонгоно. Энэ бол миний тэдэнд өгөх хариулт, чамд өгөх бэлэг байх болно. Би чиний төлөө амьдрах болно, цаг мөч бүрд, ичгүүртэй алхам хийх бүрдээ. Би чиний төлөө өөрийнхөө аргаар амьдарна.

Тэгвэл яагаад өөрийгөө хороочихгүй байгаа юм бэ гэж надаас асууж болно. Учир нь би чамд хайртай, чи оршсоор байна. Ганц энэ л намайг торгооно. Би өөртөө үхэхийг зөвшөөрч чадахгүй байгаа юм. Тэгээд чамайг байгааг мэдэхийн тулд амьд байх ёстой болохоор би энэ хорвоо ямар байна яг түүнд нь тааруулж амьдарна. Энэ амьдралаас гуйж, үүнээс зугталгүй, харин өөдөөс нь очиж, шаналал, муу муухай бүхэнд нь тултал нүднэ, өөртөө хийж болох хамгийн муухайг сонгоно. Тэгэхдээ харин хэн ч хүрч чадахгүй бодол санааныхаа гүнд, өөрийнхөө доромжлол, ялзралын ханаар хамгаалан ариун байлгасан тэр газар чиний тухай бодол, чамаас амссан бүхэн минь байх болно, тэгээд би үе үе өөртөө "Ховард Роарк" гэж хэлнэ, тэгээд өөртөө ингэж хэлэх эрх надад бий гэж мэдрэх болно" ..,

"Эх сурвалж", Доминикийн Роаркд хэлсэн үг.

:санаа алдалт:
Маргааш үгүй унтчих юмсан. Юун яасан амьдрал, юун яасан ахуй, юун яасан ажил, юун яасан архи тамхи, юун яасан цэвэрхэн оймс, юун яасан татварын байцаагч, юун яасан шөнөөр ирдэг залуу, юун яасан өдрийн хоол, юун яасан хайр дурлал, юун яасан хараал идсэн бүх юмс .., Юу ч биш. Бүгд юу ч биш. Би ч өөрөө тэр "бүгд" гэдэгт орно. Юун  яасан "би". Маргааш үгүй унтахсан ..,

Сэрэх. Нүдээ нээх. Тэгээд, "хэн нэгний" тухай бодох. Босоод хөшгөө нээх. Тэгээд хувцасаа өмсөөд, нүүрээ угаагаад, такси дуудаад гарах. Өдөржин завгүй. "Хэн хэний" тухай бодол толгойд орох завгүй.  Хааяахан, заримдаа л, "хэн нэгэнтэй" адил нэртэй хүний нэр гарч ирэхэд хэсэг бодолд автах. Шөнө ажлаа тарах. Такси дуудах. Гэртээ орж ирээд гэрлээ асаагаад, хөшгөө хаагаад, лаптопоо дэлгээд, хөргөгчнөөс пийв аваад ширээний ард суух. "Хэн нэгний" тухай бодох. Тэгээд унтах. Сэрэх, нүдээ нээх..,
Түүний нүд ярьдаг. Харин миний харц хоосорчихсон учраас тэнд ямар ч үг байдаггүй. Тиймээс хариулахыг хүссэн ч хариулж чаддаггүй. Үүнийг минь мэдэхгүй учраас, тэр надад гомдоод явчихсан.
Мөрөөдөл гэж үгүй
Мөхсөн давчуу амьдралд
Хүсэл минь амархан,
Хүмүүсээс хол байх.

Зорилго хэзээ ч байгаагүй
Зовиурт хэсэгхэн амьдралд
Таашаал минь амархан,
Тамхи нэрэн суух.

Жаргах бодол төрдөггүй
Жижигхэн явцуу амьдралд
Инээх минь амархан,
Ирээдүйг үгүй хийх.
Хайртай гэж хэлэхдээ
Үнэнээ л хэлсэн байх.
Гэхдээ "үнэн" минь
"Үнэн" л байсан байх.

Хайргүй гээд салахдаа
Үнэнээ л хэлсэн байх.
Гэхдээ "үнэн" минь
"Үнэн" байсан болов уу?

"Мартана" гэж хэлэхдээ
"Мартахгүй"-гээ мэдэж л байсан.
"Өвдөхгүй" гэж хэлэхдээ
"Өвдөх"-өө мэдэж л байсан.
Нисэхэд минь дургүйцэхэд
Чимээгүйхэн би далавчаа хумьсан.
Нисэхийг минь хориход
Дуулгавартайгаар би торонд орсон.
Нисчих вий гэж хардахад нь
Хүлцэнгүйгээр би далавчаа хайчлуулсан.
Үхэхдээ чөлөөтэй дүүлэх вий гэхээс нь
Үхлээ би хойш тавьсан.


Ингээд ахиад л нэг хараал идсэн нас нэмлээ дээ ..,