"Амьдрах ёстой" гэхэд нь би өөдөөс нь ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй, дуулгавартайгаар амьдарсаар ирсэн. Гэхдээ, яаж амьдрахыг минь заахыг зөвшөөрөөгүй. Би хэлснийг нь л хийсэн, харин яаж хийхээ өөрөө мэдсэн.

"Шантрах ёсгүй" гэхэд нь би үгэнд нь орсон. Би огт шантраагүй. Гэхдээ шантрахгүй байх нь тэмүүлэх, давшихын нэр гэж би бодоогүй. Тиймээс, би юунд ч зорилгүй, зүгээр л шантрахгүй байсан.

"Жаргалтай байх ёстой" гэхэд нь би хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ, жаргал гэдэг үг бидний хувьд ямар ялгаатай байхыг тэд өөрснөө тооцоолоогүй. Би өөрийнхөөрөө л жаргаж байна.

"Ирээдүйгээ бодох ёстой" гэхэд нь би хаа байгаа нь мэдэгдэхгүй тэр ирээдүйн тухай томоотойгоор бодсон. Гэхдээ, бидний хэний ч хувьд ирээдүй гэдэг үхлээр хязгаарлагдахыг тэд бодоогүй нь миний буруу байгаагүй. Миний ирээдүй үхлээр төсөөлөгдсөн нь миний буруу биш байсан.

"Хүн шиг байх ёстой" гэхэд нь би үгийг нь дагаж хэзээ ч амьтан шиг байгаагүй. Гэхдээ тэд өөрсдийнхөө байгаа хэв маягийг л "хүн шиг" гэж үзээд, бусдыг нь буруу гэж боддогийг би тэдэнд хэлж байгаагүй.

Эцсийн эцэст, би тэдэнд, хүн төрөлхтөнд, надад зааж сургаад байгаа, намайг сургахыг хүсээд байгаа хэнд нь ч "Би ЁСТОЙ гэдэг үгийг үзэн яддаг" гэдгээ хэлээгүй, дүрэмдээгүй. Би харин ч жинхэнэ, мөрөөрөө л амьдарч байна.

Чөтгөр та нарыг аваасай ..,


2 comments:

BT said...

Ollie ямар гоё сэтгэж байнаа? Бяцхан атаархав. Цаанаа л нэг өөр шүү :)

ollie said...

хэхэхэ