Хайчилахаас өөр аргагүй болсон,
Хаанаас эхэлж ургаж
Хаана үзүүр нь байгаа нь
Хачин ойлгомжгүй атлаа
Уртсаад л байх
Ширэлдсэн үс,
Амьдрал минь.

Хэн нэгэнд, "Баяртай" гэж хэлээд цэг тавьмаар. Гэтэл хуруу маань, цэгэн дээр бус, таслал дээр дарах ..,
Эргэлдэн байх,
Дахин дахин эргэж ирэх
Цаг хугацааны
Аль нэгтээх өнгөрсөнд
Төрөөд үхсэн "Би"
Өнөөдрийн өөрийгөө
Хөнөөхөөр ирэв.
Үзэн ядсандаа бус
Өширхөн зэвүүцсэндээ ч бус
Цаг хугацааны
Альхан ч хэсэгт төрсөн
Амьдарч чадахгүй,
Үхэж ч чадахгүй байх
Өөрийгөө чөлөөлөхөөр
Ирсэн нь тэр.
Би ч бас
Ирэх цаг хугацааны
Аль нэгэнд
Бий болох
Ирээдүйн өөрийгөө хөнөөж
Ирээдүйн өөртөө туслахаар
Эргэн ирнэ.
Тэр инээж байхдаа уйлж чаддаг
Тиймээс бүгд түүнийг уйлдаггүй гэж боддог.
Тэр инээж байхдаа шаналж чаддаг
Тиймээс бүгд түүнийг шаналдаггүй гэж боддог.
Тэр инээж байхдаа гуниглаж чаддаг
Тиймээс бүгд түүнийг гунигладаггүй гэж боддог.
Тэр инээж байхдаа өвдөж чаддаг
Тиймээс бүгд түүнийг өвддөггүй гэж боддог.
Тэр хэзээ ч инээж байгаагүй
Түүнийг нь хэн ч мэддэггүй.
"Намар, намар" гэж
Шаагилдан буцахдаа шувууд
Надад нэг ширхэг өдөө
Ёр юм шиг үлдээдэг.
Үлдээсэн тэр өдөөр нь
Өвөл, хавар, зунжин
Өөд уруугүй сараачсаар
Гэнэт сэхээрэн өндийхөд
"Намар, намар" гэсээр
Буцаж явдаг.
Хүн болсоор би тийм гунигтай нүд хараагүй.
Түүний нүдэн дэх хязгааргүйн тэнгист
Шувууд нэг нэгээрээ живэн үхэж,
Түүний нүдэн дэх хязгааргүйн тэнгэрт
Одод нэг нэгээрээ харван одож,
Түүний нүдэн дэх хязгааргүйн гүнд
Хүмүүс нэг нэгээрээ унан алсарч,
Тэр бүх шаналанг харахгүй гэсэндээ
Тас аньсан нүдийг нь хүчээр нээлгэхдээ
Хүн болсоор би тийм гунигтай нүд хараагүй.

Би "би" биш. Би урсан өнгөрдөг биш, тойрог даган эргэлдэж байдаг цаг хугацааны хаа нэгтээ амьдран байсан солиот эмэг, өвөгсийн хэн нэгний дахин эргэлдэн бий болсон биет.
Яг одоо би
Ээжийнхээ хэвлийд
Зүүдлэнхэн хөвж байгаа.
Яхир хөгшин амьдрал
Энэ мөрийг бичихийг минь
Хүлээнхэн суугаа.

Өчигдөрүүд
Сэрүүнээрээ хар дарсан
Амьдралын тасархайнууд.

Өнөөдрүүд
Маргаашийн хар даралтыг бэлтгэх
Бодит бус ертөнц.

Маргаашууд
Бодит бус өнөөдрийн
Үргэлжлэл.

Нар жаргаж байна ..,
Мэдэхгүй хүнийхээ тухай бичих. Мэдэхгүй хэрнээ яаж бичих үү? Гэхдээ л бичиж болно. Тэр хүний тухай бодлоо ч юмуу, тэр хүн тийм хүн байх гэсэн таамаглалаа. Гэхдээ би таамаглал муутай хүн. Ер нь ч мэдэхгүй зүйлсдээ нэг их таамаглал дэвшүүлээд байдаггүйн байна.

Day-тэй анх яаж уулзсанаа бол сайн санадаг. Их л халуун өдөр байсымдаг. Гэхдээ хэдэн оны, хэдэн сард гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Day том цүнх барьчихсан, гэрт нь халуун ус тасарсан учраас өөр газар очиж усанд орох гээд явж байна гэж байсымдаг. Бид 2-н хоол идэх гэсэн газар хаалттай байсан учир нэлээн алхаж байж нэг газар, жөтгөр гэж, нэг тайланд ч билүү хоолны газар орсымдаг. Тэгэхэд миний бодож байсан зүйл, нэгд, учиргүй салгалаад байгааг минь анзаарчих вий дээ гэж бодсон. Миний гар солиотой салга юм болохоор, анх харж байгаа хүмүүс цочирдоод байдын. Хоёрт, өчигдөр уусан пийвний маань үнэр үнэртэж байгаа болов уу гэх бодол. Учир нь, би ганц шар айраг уусан ч хэдэн өдөр архидсан юм шиг надаас ханхалдаг. Тэгээд нэг л их чанга хип хоп дуу явсан газар хооллосон.

Энэ бүхнээс өмнө. Бүүр өмнөө, хэдэн жилийн өмнөөс би Day-г мэддэг байсан. Ердөө л нэг тийм хүн байдаг гэж мэддэг байсан. Түүнтэй урьд нь таарч л байсан гэх. Гэсэн ч би санадаггүй. Бас би түүнд дургүй байсан гэх. Тэрийгээ ч санадаггүй. Яагаад дургүй байсныг бол бүр чөтгөр бүү мэд. Нэг л өдөр Day над руу ФБ дээр найзын хүсэлт явуулсан. Бид 2 хоёулаа тэнд нэг тоглоом тоглодог байсым. Тэгээд л тоглоомон дээрээ хэн хэндээ нэмэр болоод л явж байсан. Тэгж байгаад мессэнжэрт нийллүү дээ. Яг сайн санахгүй байна. Тэгээд л ярьж эхэлсэн. Ярьж ч биш юмаа. Ойлголцож гэх нь зөв юм болов уу даа. Учир нь, Day ч надад дургүй байсан, би ч тэрэнд дургүй байсан \гэсэн\. Гэтэл бидний нэг нэгэндээ дургүйцэх шалтгаан нь, ердөө л хэн нэгэн ухаангүй хүний явуургүй яриа байсныг ойлгохдоо, хүмүүс ямар хачин байдгийг гайхаж байж билээ. За хачин ч юу байхуу дээ чааваас, өөрийгөө тэнэг аргаар үнэлүүлэх гэсэн арга ч юмуу даа.

Тэгээд л тэр нэг өдрийн хоолноос хойш Day бид 2 ойлголцож эхэлсэн. Гэхдээ, насаар бага ч тэр надаас хамаагүй "том" хүн болох нь харваас л илт байсан. Би бол яахав дээ, амьдрал гэдэг өртөөн дээр галт тэргээ хүлээн амьдарсан болж тоглож цаг нөгцөөж байгаа хүн. Тоглоомноосоо өөрийг нэх сонирхохгүй. Day-н амьдралд тохиолдсон зүйлс минийхтэй адил байж болох ч, Day-н дотор байгаа амьдрал минийхээс огт өөр байсан. Ямартай ч тэр, өдөр шөнийн хэзээд ч хамаагүй манайд ирээд хоночихдог согтуу найзыг маань миний өмнөөс загначихсан л юмдаг. Өөрийгөө өмгөөлүүлэх ямар гавъяатай хүн билээ би л гэж бодож суусан. ФБ дээр найз болтлоо би Day-н царайг санадаггүй. Найз болсон хойноо л зургуудыг нь хараад, нээрээ ийм хүн байсан ч билүү гэж бодогдсон. Ингээд бичихээр, тэр миний тухай мэддэгээс, би түүний тухай хамаагүй бага мэдэх юм. Заримдаа ч, тэр намайг өөрөөс минь илүү мэдээд ч байгаам шиг. Түүний бичсэнээс өөрийгөө олж харах.

"Уулзах ёстой хүмүүс уулзаж байж л дуусдаг". Ийм л байсан юм байлгүй дээ. Би хувь тавиланд итгэдэггүй. Гэхдээ, санамсаргүй зүйл гэж байдаггүй гэдэгт итгэдэг. Бид 2 санамсаргүй бие биенээ танихгүй байж нэг нэгэндээ дургүй болоогүй, бид 2 санамсаргүй бие биендээ дургүй байж уулзалдаагүй, бид 2 санамсаргүйгээр найзууд болчихоогүй гэдэгт итгэдэг. Нэг тийм, хүчтэй хүмүүс байдаг даа. Надад тийм 2 найз байдын. Харин 3 дахь нь Day болж амьдралд минь орж ирсэн. 30 жилд 3 дахь нь гэхээр, тийм хүмүүс асар цөөхөн. Тэр цөөхнүүд, дэргэд минь байгаа гэж бодохоор ..,
Би ер нь мартамхай хүн гэдгээ мэднэ. Гэхдээ өөрийгөө ийм аймшигтай мартамхай гэдгийг мэдсэнгүй. Эсвэл би мартамхай биш, амьдралд тохиож байсан зүйлс тийм ч чухал байгаагүйгээс санаанд маань үлддэггүй юм боловуу? ОН бол тусдаа асуудал. Тэрнийг бол угаасаа мартъя гээд ч чадахгүй. Гэхдээ, бараг л бүтэн 2 жил хамт амьдарсан залуу, бас бараг л 2 жил хамт амьдрах шахуу байсан залуусын тухай би одоо юу ч санадаггүй юм байна гэдгээ миний тухай бичсэн хүний тэмдэглэлээс хараад мэдлээ. Тэр тэмдэглэлээс л би тухайн үед тийм хүнтэй хамт байсан гэдгээ харж, хэзээ хаана юу юу болж байсныг гайхан гайхан унших. Үнэндээ тийм зүйлс надад тохиолдож байсныг би бүдэг бадаг болтугай ч санахгүй байна. Өөрийнхөө туулсан амьдралыг ор тас санахгүй, тэгээд тэрийгээ унших гэдэг үнэхээр гайхмаар, ангаймаар зүйл байдаг юм байна. Тэгээд бодлоо. Би ер нь нэлээд зөрүүд, юуг ч өөрийнхөөрөө хийдэг, өөрийнхөө зөв гэж бодсон зүйл дээр нэг их бууж өгөөд байдаггүй хүн. Энэ нь гэхдээ тэмцэгч гэсэн үг бишээ. Зүгээр л зөрүүд. Гэхдээ одоо нэг л зүйлд сайн дураараа бууж өгье. "Цаг хугацаа". Цаг хугацааг ийм мундаг юм байдым гэж төсөөлж байсангүй. Би гэхдээ, цаг хугацаа урсан өнгөрдөг биш, эргэлдэж байдаг гэж бодддог. Яг л Урсулатай адилхан боддог. Эргэлдээд л, эргэлдээд л. Гэхдээ тэр нь аймшигт эргүүлэг юм байна. Энэ аймшигт эргүүлгээс хэн ч гарч чаддаггүй болоод л бүгд үхдэг байх. "Зүүд ба улаан нулимс" гэдэг номон дээр, амьдрал мөнх биш байж үхэл мөнх байх нь шударга бус гэсэн утгатай юм байдаг санаж байна. Цаг хугацааны аймшигт эргүүлэг гэсэн мөнхийн юм байхад үхэл мөнхийнх байх нь арга ч үгүй биз. Цаг хугацаа гээч мөнх гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Би жижигхэн дүү нараа хараад, эд нар өнөөдөр яг энд ингээд л тоглож байснаа хэзээ ч санахгүй дээ гэж бодохоор л сонин санагдаад байдаг юм. Миний дурсамж 5 нас хавьцаагаас л алдаг оног байдаг болохоор би тэд нарыг том болоод энэ үеэ санахгүй гэдэгт нь тийм итгэлтэй байдын. Гэхдээ яагаад дурсамж, зарим хэсгийг ор тас санахгүй алга болгочихдог юм бол? Том болсон хойно болсон зүйлс том болсон санаанд маань үлдэж л баймаар юм. Тэгээд бас, яг ямарууд нь алга болоод, ямарууд нь шилэгдэж үлдээд байдаг юм бол? Шалгуур нь??? Үнэ цэнэтэйдээ юу, эсвэл мартахын аргагүй сэтгэл хөдөлгөсөн байдгаас уу, эсвэл өөр нэгэн дурсамжтай зайшгүй холбоотой болохоор тэсээд үлдээд байдаг юм болов уу? Гэхдээ худлаа л даа. Жишээ нь, 3 дугаар ангийн зохион бичлэгийнхээ гарчигийг би одоо ч санаж байна. Байдаг л нэг жирийн өдрийн, байдаг л нэг хичээлийн, байдаг л нэг гарчиг. Ямар ч сэтгэл хөдлөл байхгүй, ямар ч гэнэтийн зүйл байхгүй.

Дээр бичсэн, хамт амьдарч байсан залуусаа яг ямар хүмүүс байсныг, зураг нь үлдээгүй бол царайг нь ч санахгүй байх байсан шиг. Зан ааш, бие галбир, дуртай байсан зүйлс энээ тэрээ гээд л алийг нь ч санадаггүй. Ууг нь, таалагддаг, хайрладаг байсан болоод л хамт байдаг байсан баймаар. Би бүр үнэрийг нь ч санадаггүй юм байна. Их л үнэрч, үнэрийг тод санаж байдаг хүнсэн. Дурсамж, цаг хугацаа, ой санамж .., Бүгд надаас хөндлөнгийн зүйлс болчихож. Эрхбиш, амьдарч явсан, яваа маань үнэн л байлгүй дээ.
Инээмсэглэл тийм сайхан байдгийг урьд өмнө анзаарч байгаагүй ч юмуу. Эсвэл урьд өмнө нь тийм ... нэг тийм ... "хөөрхөн" инээмсэглэл харж байгаагүй ч юмуу. Эсвэл миний мэддэг байсан хүмүүс тэгж "хөөрхөн" инээмсэглэдэггүй ч байсан юмуу. Эсвэл би өөрөө тийм анзааргагүй ч байсан юмуу. Юутай ч, хараад л баймаар, харахаараа өөрийн эрхгүй дагаад инээмээр тийм "хөөрхөн" инээмсэглэл. Гэхдээ, тэрний инээмсэглэлийг харсан дороо тийм "хөөрхөн" гэж мэдрээгүйм шиг байгаан. Хэзээ хойно, нэг таалагддаг залуутайгаа сууж байгаад, тэрний өөдөөс ширтэж байгаад нэг л мэдсэн дотроо "Гэхдээ л чи тэрэн шиг хөөрхөн инээдэггүй" гэж бодож суугаагаа гэнэт ухаарах үедээ л тэрний инээмсэглэлийн "хөөрхөн"-ийг мэдэрсэн. Ммм, одоо л ойлголоо. Би нүдэнд дурлагч юм болохоор хүмүүсийн нүдийг нь л хараад, инээмсэглэлийг нь анзаардаггүй байсын байна. Харин тэрний инээмсэглэл нүднээс ч гоё байсын болуу, эсүүл тэрний нүднээс л гоё байсын болохоор тэгж тод анзаарсын болуу гэсссс :Р \гэхдээ ч тэр бас хөөрхөн нүдтэй хүн шүү\ =P


Зүүлт, тайлбар ..,

Би 19 настайдаа сохорчихсон. Гэв гэнэтхэн л. Намайг сохолсон зүйл хурц гэрэл байгаагүй. Харин ч, арайхийн бүүдийн харагдаж байсан бүрхэг гэрэл л байсан. Тийм гэрэлд сохрох заяатай л байсан юм байлгүй дээ. Өнөөдрийг хүртэл би хараа ороогүй хэвээр л. Харанхуй ертөнцдөө, намайг сохолсон өнөөх бүүдгэр гэрлийг төсөөлсөөр л явдаг. Эсвэл бүр хайрласаар ч юмуу. "Гэрэл" гэдэг үгийг зөвхөн түүгээр л төсөөлдөгтөө баярладаг байх. Тэр бүүдгэр гэрлийг хараад, хараагүй болсондоо хэзээ ч харамсаж байсангүй. Учир нь, тэр миний харсан хамгийн сайхан гэрэл байсан учраас, түүнээс өөр ямар нэгэн гэрлийг харах шаардлага байгаагүй учраас. Тэр гэрлийг нүдээрээ ахин харж чадахгүй ч, сэтгэл дотроо хором бүрд харж чаддаг байсны хүчээр өнөөдрийг хүртэл би өөр гэрлийг хүссэнгүй. Сэтгэлд харагдан буй гэрлээ даган алхахыг хүсэж байсан минь цөөнгүй. Гэвч алхаагүй. Алхаад очтол, бодолд буй гэрлээс маань хэтэрхий хурц ч юмуу, эсвэл хэтэрхий бүдэг гэрэл таарах вий гэхээс эмээнэ. Эсвэл бүр тэр гэрэл унтарчихсан байх ч юм билүү.  Тиймээс л, төсөөлөлдөө үлдсэн гэрлээр сэтгэлээ зогоон амьдраад дасчихаж. Гэрэл минь, намайг үгүй болсон цагт л чи бөхөх болно.

Хүмүүс намайг яагаад хараатай атлаа юуг ч анзаарахгүй амьдраад байдгийг ойлгодоггүйд тайлбар. Би хараагүйм үнэндээ.
Аз жаргал өөрөө л
Атганд минь гулсаад ороод ирсэн.
Алгандаа хэсэг барьж байгаад
Аажуухан доош унагасан.
Яаж би
Аз жаргал атгачихаад
Нулимсны гашууныг,
Ганцаардлын шорвогийг,
Сэтгэлийн гансралыг
Мэдэрч чадах юм бэ.
Чиний гитар над руу хараад санаа алддаг
Тэгмэгц нь би өөр хүнд атгуулчихдаг.
Хэн нэгний гарын дор
Гунигтайгаар тэр уянгалж эхэлдэг.
Тэвчимгүй дуу сэтгэл өвтгөхөд
Өөрийг чинь би зүхэж эхэлдэг.
"Өнгөрснөө эргэж хараад, харамсахгүйгээр амьдрах" чихшиг. Лаана биз. Өнгөрснөө эргэж хараад, хийсэн үйлдэлдээ, хэлсэн үгэндээ харамслаа гээд яахын. Тухайн үед өөрийнхөө зөв гэж бодсоныг л хийж, хэлсэн байж таараа ш д. Өнөөдрөөс өчигдөрөө шүүж болохгүй ээ. Хэрвээ тэгэхийн бол, өчигдөр байснаа үгүйсгэж байна гэсэн үг. Яахуу дээ, чи өчигдөр алдаа л биз. Гэхдээ чи өчигдөр, өнөөдрийн чи байгаагүй шүү дээ. Ирээдүйд юу болохыг тааж мэддэг зөгнөгчид байгаа биш. Байгаа хугацаандаа л өөрийнхөө зөв гэж бодсоныг хийсэн байж таараа ш д. Алдаа бол юу юм бэ. Юу ч биш. Хүн алдаанаасаа суралцана л гэж шаадаг. Шал худлаа. Хүнд юу тохиолдохыг хэн мэдлээ. Тэгээ тэр алдаа нь дахин дахин таараа ч уу, үгүй ч үү. Зүгээр л өнөөдрөөрөө, яг одоо өөрийнхөө зөв гэж бодож байгаагаар амьдарсаар дуусуул таарна. Хэзээ нэгэн цагт тохиолдож магадгүй, эсвэл бүр, хэзээ ч тохиолдохгүй зүйлийн төлөө өнөөдөр өөрийгөө бэлтгэх ямар хэрэг байна?
Зүрх минь
Хүрдэгсэн бол
Хамаг чангаараа
Хашгирахсан нэрийг чинь.
Магад тэгвэл
Чи сонсоод
Эргэж над руу хараад
Инээмсэглэх ч юм билүү.
Гэвч,
Чимээгүйхэн л,
Бүр өөртөө ч сонсогдохгүйгээр
Дотроо шивнэнэ.

Инээмээргүй,
Ямар нэгэн
Зуурдын болоод үүрдийн
Жаргалыг мэдэрмээргүй.

Догдолмооргүй,
Хэн нэгний
Үнэн болоод хуурамч
Хайрыг амталмааргүй.

Амьдармааргүй,
Хаа нэгтээх
Бодит болоод хийсвэр
Ирээдүйг хүлээмээргүй.
Хэзээ ч дэргэдээс чинь холдохгүй гэчихээд
Хэсэгхэн байгаад яваад оддог.
Ахин чамайг шаналгахгүй гэчихээд
Ахиад л ирээд зүрх эмтэлдэг.
Өнгөрснөөс чинь үүрд арчигдана гэчихээд
Өнөөдрийг хүртэл ирсээр байгаа,
Өөдгүй худалч
Есдүгээр сар ..,