Мэдэхгүй хүнийхээ тухай бичих. Мэдэхгүй хэрнээ яаж бичих үү? Гэхдээ л бичиж болно. Тэр хүний тухай бодлоо ч юмуу, тэр хүн тийм хүн байх гэсэн таамаглалаа. Гэхдээ би таамаглал муутай хүн. Ер нь ч мэдэхгүй зүйлсдээ нэг их таамаглал дэвшүүлээд байдаггүйн байна.

Day-тэй анх яаж уулзсанаа бол сайн санадаг. Их л халуун өдөр байсымдаг. Гэхдээ хэдэн оны, хэдэн сард гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Day том цүнх барьчихсан, гэрт нь халуун ус тасарсан учраас өөр газар очиж усанд орох гээд явж байна гэж байсымдаг. Бид 2-н хоол идэх гэсэн газар хаалттай байсан учир нэлээн алхаж байж нэг газар, жөтгөр гэж, нэг тайланд ч билүү хоолны газар орсымдаг. Тэгэхэд миний бодож байсан зүйл, нэгд, учиргүй салгалаад байгааг минь анзаарчих вий дээ гэж бодсон. Миний гар солиотой салга юм болохоор, анх харж байгаа хүмүүс цочирдоод байдын. Хоёрт, өчигдөр уусан пийвний маань үнэр үнэртэж байгаа болов уу гэх бодол. Учир нь, би ганц шар айраг уусан ч хэдэн өдөр архидсан юм шиг надаас ханхалдаг. Тэгээд нэг л их чанга хип хоп дуу явсан газар хооллосон.

Энэ бүхнээс өмнө. Бүүр өмнөө, хэдэн жилийн өмнөөс би Day-г мэддэг байсан. Ердөө л нэг тийм хүн байдаг гэж мэддэг байсан. Түүнтэй урьд нь таарч л байсан гэх. Гэсэн ч би санадаггүй. Бас би түүнд дургүй байсан гэх. Тэрийгээ ч санадаггүй. Яагаад дургүй байсныг бол бүр чөтгөр бүү мэд. Нэг л өдөр Day над руу ФБ дээр найзын хүсэлт явуулсан. Бид 2 хоёулаа тэнд нэг тоглоом тоглодог байсым. Тэгээд л тоглоомон дээрээ хэн хэндээ нэмэр болоод л явж байсан. Тэгж байгаад мессэнжэрт нийллүү дээ. Яг сайн санахгүй байна. Тэгээд л ярьж эхэлсэн. Ярьж ч биш юмаа. Ойлголцож гэх нь зөв юм болов уу даа. Учир нь, Day ч надад дургүй байсан, би ч тэрэнд дургүй байсан \гэсэн\. Гэтэл бидний нэг нэгэндээ дургүйцэх шалтгаан нь, ердөө л хэн нэгэн ухаангүй хүний явуургүй яриа байсныг ойлгохдоо, хүмүүс ямар хачин байдгийг гайхаж байж билээ. За хачин ч юу байхуу дээ чааваас, өөрийгөө тэнэг аргаар үнэлүүлэх гэсэн арга ч юмуу даа.

Тэгээд л тэр нэг өдрийн хоолноос хойш Day бид 2 ойлголцож эхэлсэн. Гэхдээ, насаар бага ч тэр надаас хамаагүй "том" хүн болох нь харваас л илт байсан. Би бол яахав дээ, амьдрал гэдэг өртөөн дээр галт тэргээ хүлээн амьдарсан болж тоглож цаг нөгцөөж байгаа хүн. Тоглоомноосоо өөрийг нэх сонирхохгүй. Day-н амьдралд тохиолдсон зүйлс минийхтэй адил байж болох ч, Day-н дотор байгаа амьдрал минийхээс огт өөр байсан. Ямартай ч тэр, өдөр шөнийн хэзээд ч хамаагүй манайд ирээд хоночихдог согтуу найзыг маань миний өмнөөс загначихсан л юмдаг. Өөрийгөө өмгөөлүүлэх ямар гавъяатай хүн билээ би л гэж бодож суусан. ФБ дээр найз болтлоо би Day-н царайг санадаггүй. Найз болсон хойноо л зургуудыг нь хараад, нээрээ ийм хүн байсан ч билүү гэж бодогдсон. Ингээд бичихээр, тэр миний тухай мэддэгээс, би түүний тухай хамаагүй бага мэдэх юм. Заримдаа ч, тэр намайг өөрөөс минь илүү мэдээд ч байгаам шиг. Түүний бичсэнээс өөрийгөө олж харах.

"Уулзах ёстой хүмүүс уулзаж байж л дуусдаг". Ийм л байсан юм байлгүй дээ. Би хувь тавиланд итгэдэггүй. Гэхдээ, санамсаргүй зүйл гэж байдаггүй гэдэгт итгэдэг. Бид 2 санамсаргүй бие биенээ танихгүй байж нэг нэгэндээ дургүй болоогүй, бид 2 санамсаргүй бие биендээ дургүй байж уулзалдаагүй, бид 2 санамсаргүйгээр найзууд болчихоогүй гэдэгт итгэдэг. Нэг тийм, хүчтэй хүмүүс байдаг даа. Надад тийм 2 найз байдын. Харин 3 дахь нь Day болж амьдралд минь орж ирсэн. 30 жилд 3 дахь нь гэхээр, тийм хүмүүс асар цөөхөн. Тэр цөөхнүүд, дэргэд минь байгаа гэж бодохоор ..,

0 comments: