Ная зурагдсан харааны шилний цаанаас (наанаас) ертөнцийг харах-уй.
Амьдралд гуниг нь яагаад их байдаг тухай
Алганд дуссан нулимс яагаад чичирдэг тухай
Амьсгалах бүрт зовлон яагаад мэдрэгддэг тухай,

Цөхрөл сэтгэлийг яагаад иддэг тухай
Цуурсан итгэлийг эвлүүлж яагаад болдоггүй тухай
Цуурай хүмүүсийг яагаад үнэмшүүлдэг тухай,

Үхэл хэн нэгнээс яагаад хамааралтай байдаг тухай
Үнсэлт болгон хайрыг яагаад мэдрүүлдэггүй тухай
Үдсэн дурсамж  бүхэн яагаад мартагддаггүй тухай,

Хэн ч надад яагаад
Хариулж чадахгүй байна вэ?





Далавчийг минь хайчлахдаа
Чи инээмсэглэж байсан,
Жаргалтай байхыг чинь хараад
Би ч бас инээмсэглэсэн.
Тэр: Би чамаас саллаа.
Би: Яагаад?
Тэр: Яагаад гэвэл миний дуртай кино чамд таалагддаггүй.
Би: За тэгвэл яв даа, би өөрийгөө өөрчилж чадахгүй.

Хэсэг хугацааны дараа тэр эргэн ирнэ.

Тэр: Би чамд хайртай, чамаас хол байж чадахгүй нь.
Би: Гэхдээ би чиний дуртай киног чинь ойлгодоггүй шүү дээ???
Тэр: Тийм гоё киног ойлгодоггүйг чинь би уучилж байна.

Ахиад хэсэг хугацааны дараа,

Тэр: Би чамаас саллаа.
Би: Яагаад?
Тэр: Чи миний хүндэлдэг хүмүүийг ойшоодоггүй.
Би: За тэгвэл яв даа, би өөрийгөө өөрчилж чадахгүй.

Хэсэг хугацааны дараа тэр ахиад л эргээд ирнэ.

Тэр: Би чамд хайртай, чамаас хол байж чадахгүй нь.
Би: Гэхдээ би чиний хүндэлдэг хүмүүсийг тоодоггүй шүү дээ???
Тэр: Тийм хүмүүсийг ойлгох чадваргүйг чинь би уучиллаа.

Ахиад л хэсэг хугацааны дараа,

Тэр: Би чамаас саллаа.
Би: Яагаад?
Тэр: Чи надад таалагдахгүй хувцаснуудыг өмсдөг.
Би: За тэгвэл яв даа, би өөрийгөө өөрчилж чадахгүй.

Хараал идсэн хэсэг хугацааны дараа,

Тэр: Би чамд хайртай, чамаас хол байж чадахгүй нь.
Би: Би чамайг уучиллаа. Одоо явж болно.

Хайчилж хаясан чиний зургийн тасархайнууд
Хавиар нэг нэрийг минь чарлан гүйлдээд,
Хажуу айл бухимдан хаалга нүдэхэд нь
Хараал урсгасаар би буцаан эвлүүллээ.
Хайчилахаас урьд инээмсэглэн байсан зураг чинь
Харин одоо өөдөөс хачин чангаар мэгшээд,
Хэн нэгнийг ахин уурлуулахаас эмээн
Хэсэг хэсгээр нь үнс болгон шатаалаа.


Чиний мэддэг байсан
Чимээгүй турьхан охин
Одоо ч дотор минь
Оршсоор л буй.
Жижигхэн биеийг нь
Хүлж баглаад,
Цээжин доторх
Ганц хүний
Цонх үгүй
Гяндандаа хориод,
Өөрөө би
Хахир хүйтэн
Харгалзагч нь болж
Хувирсан болохоос.
Намайг үзэн ядаад, харахаас нүд нь хорсоод, миний тухай сонсохоос чих нь дөжрөөд байгаа хүмүүсээ, би та нарт хайртай. Учир нь, би хүмүүсийг надад дургүй байгаасай гэж үнэнхүү ихээр хүсэх болж. Хэр их олон хүн намайг зүхнэ, тэр тоогоор нь би тэднийг хайрлана. Нэрийг минь сонсоод чихээ тагла. Зураг руу минь нулим. Мессэнжэр, ФБ, өөр юу байдын, намайг игнор хийж болох бүх газартаа игнорд. Блогийг минь хэзээ ч шагайхгүй сайтуудынхаа жагсаалтад нэм. Миний тухай ярьсан хүний өөдөөс салаавч гарга. Олли гэж нэг пичка энэ хорвоод гэлдэрч байдгийг үгүйсгэ. Харин би энд, хийж буй үйлдлүүдээс чинь таашаал аванхан жарган сууя. Би та нарт дургүй шиг, би өөртөө дургүй шиг, та нар ч надад тэгж ханд. Харин, хавь ойрын минь, дэргэдээ байлгахыг хүссэн цөөн хэдэн хүн рүү минь миний нэрийг хашгичин архирахаа боль. Архирмаар байгаа бол яг энд, над руу архир. Тэр архиралт чинь надад яг л бэлэг шиг санагдана  : )
Уучлаарай гэж
Анх хэлэхэд чинь
Би баярласан.
Уучлаарай гэж
Хоёр дахиа хэлэхэд чинь
Би инээмсэглэсэн.
Уучлаарай гэж
Гурав дахиа хэлэхэд чинь
Би чам руу ширтсэн.
Уучлаарай гэж
Дөрөв дэхээ хэлэхэд чинь
Би нүдээ аньсан.
Уучлаарай гэж
Тав дахиа хэлэхэд чинь
Би чихээ дарсан.
Уучлаарай гэж
Зургаа дахиа хэлэхэд чинь
Би хаалга руу харсан.
Уучлаарай гэж
Долоо, найм, ес дэхээ хэлэхэд чинь
Би гараад явсан.
Уучлаарай гэж
Арав дахиа хэлэхэд чинь
Би тэнд байгаагүй.
Инээмсэглэл аажим замхарсаар
Санаа алдалт болж хувирахад
Ингэтлээ хол явж зүрхэлсэн
Өөрийгөө зүхнэ.
Гуч хүрэлгүй одохыг хүссэн
Арван долоотны хүслэн
Ингэтэл доромжлогдсоноо
Үл хүлцэнэ.

Жилээс жилд
Амьдраагүй амьдралаас минь
Жижгэрэн жижгэрсээр
Алслагдах хүмүүс.
Араас нь
Харуусал үл төрөх
Алдсандаа үл харамсах
Хямдхан хүмүүс.

Навчин дээр модны зураг байдын байна :)

Андрейд юм бүхэн байсан. Гэвч тэр энэ бүхнээ өөрийнхөө хайртай бүсгүй болох Кирагийн төлөө үгүй хийгээд, амиа хорлосон. Ер нь бол Кирагийн төлөө үхсэн.  Гэхдээ Леогоос болж. Надад ч бас “Андрей” байсан. Тэр миний төлөө үхээгүй ч, тэрний амьдрал нь надаас болж бараг л “үхсэн”.  Бас надад байсан “Лео”-гоос болж. Тэр ч бас үхэхийг хүсэж л байсан. Гэвч түүнд үхэж болохгүй “үүрэг” бий болчихсон болохоор л тэр амьд явдаг. Үхсэнээс ч бараг долоон дор.

Харин Кира өөрийнхөө хайртай залуу болох Леогийн төлөө бүхнийг хийсэн. Түүнийг амьдруулах гэсэн Кирагийн уйгагүй үйлдлийн хариуд Лео хэзээ нэгэн цагт түүнийг орхин явах өөр хэн нэгэнтэй учирсан. “Лео Коваленский-эм хүнээр тэжээж тэтгүүлсэн ЗСБНХУ-ын мундаг эр!” Лео өөрөө ингэж хэлсэн. Надад ч бас “Лео” байсан. Тэр ч бас миний хийсэн үйлдлийн үрээс намайг орхин явах хэн нэгэнтэй учраад явсан. 

Кирад амьдарч байгаа амьдрал нь хэзээ ч таалагдаж байгаагүй, тэр хэзээ ч тэрхүү  таалагдаагүй амьдралдаа уусан орохыг өөртөө зөвшөөрөөгүй.  Гэхдээ тэрээр, өөрийнхөө таалагдах амьдралыг олтлоо хэсэг хугацаанд тэр муухай амьдралд дүр эсгэн оролцсон. Надад ч энэ амьдрал хэзээ ч таалагдаж байгаагүй. Гэхдээ би өөр нэгэн сайхан амьдралыг хүлээсэндээ биш, Кираг бодвол арай бага “хувиа хичээгч” болохоороо бас л дүр эсгэн оролцсоор л явна. Би Кира шиг гэр бүлээ орхиж арай л чадахгүй. Тэгэхээр л би түүнээс арай бага “өөрийгөө бодогч”.

Кира тэнэсэн суманд өртсөн нь, хайртай залууг нь хэтэрхий их санагдуулах газраас зугтах гэсэндээ, бас өөрт таалагдах амьдралыг хайхаар явснаас болсон. Гэхдээ тэр өөрийн дургүй амьдралдаа хэчнээн ядарсан байсан ч бууж өгөөгүй. “Ялагдал хүлээгээгүй  ялгуулсан амьдрал байдаг, бас байх ч болно”. Харин би, надад цаг үргэж новшийн дурсамжуудыг минь сануулах тэр газарт итгэлтэйгээр үлдсэн. Тэгэхээр би арай бага “хувиа хичээгч” хэдий ч арай тэвчээртэй ч юм шиг. Кира энэ дэлхий дээр амьдарч болох арай өөр, өөрт таалагдах газрыг хайсан бол миний хувьд энэ дэлхий дээр хаана ч тийм газар байхгүй. Би эндээс явах болбол хэзээ ч тэнэсэн суманд өртөхийг хүсэхгүй байна. Бас ямар нэг өвчинд дийлдэх ч биш, эсвэл насанд дарагдах ч биш. Эндээс явах болбол зөвхөн би л өөрөө өөрийгөө эндээс чөлөөлөх болно. Тэр нь л жинхэнэ чөлөөлөлт байх болно. Тиймээс тэр өдрийг хүртэл би ямар ч өвчинг, ямар ч ганцаардлыг, ямар ч  тэнэсэн сумыг тэсэх болно. “Чи бол сайн цэрэг Кира Аргунова!

Би ч бас сайн цэрэг. Өөрөө өөрийгөө энэ амьдралаас чөлөөлөхдөө би ганцхан өгүүлбэртэй гэрээслэл үлдээнэ. Тэр нь,
“Миний үхэлд хэнийг ч буруутгахгүй байхыг хүсье.
                                                                                                Андрей Таганов”.
Гол дүрийн залуу надад гомдоллоно:
"Би чамайг тэврээд үнсэхэд, чи ч бас надад дурлах байсан,
Гэтэл намайг үл ойшоох өөрийгөө хар даа".
Хөөрхийлэлтэй тэр залууд би хэлнэ:
"Энэ бол жүжиг болохоос,
Амьдрал биш гэдгийг чи хэзээ ухаарах вэ?".
Хэнд ч анзаарагдалгүй амьдаръя гэсэн
Хямдхан хүсэл биелэж болдоггүй,
Хэний ч нүдэнд өртөлгүй өнгөрье гэх
Хөнгөн алхаа ч цуурайтаад байдаг,
Хоосон хөндий,
Хэтэрхий нимгэн, бас
Хөшиг үгүй
Хараал хүрсэн амьдрал.