Андрейд юм бүхэн байсан. Гэвч тэр энэ бүхнээ өөрийнхөө хайртай бүсгүй болох Кирагийн төлөө үгүй хийгээд, амиа хорлосон. Ер нь бол Кирагийн төлөө үхсэн.  Гэхдээ Леогоос болж. Надад ч бас “Андрей” байсан. Тэр миний төлөө үхээгүй ч, тэрний амьдрал нь надаас болж бараг л “үхсэн”.  Бас надад байсан “Лео”-гоос болж. Тэр ч бас үхэхийг хүсэж л байсан. Гэвч түүнд үхэж болохгүй “үүрэг” бий болчихсон болохоор л тэр амьд явдаг. Үхсэнээс ч бараг долоон дор.

Харин Кира өөрийнхөө хайртай залуу болох Леогийн төлөө бүхнийг хийсэн. Түүнийг амьдруулах гэсэн Кирагийн уйгагүй үйлдлийн хариуд Лео хэзээ нэгэн цагт түүнийг орхин явах өөр хэн нэгэнтэй учирсан. “Лео Коваленский-эм хүнээр тэжээж тэтгүүлсэн ЗСБНХУ-ын мундаг эр!” Лео өөрөө ингэж хэлсэн. Надад ч бас “Лео” байсан. Тэр ч бас миний хийсэн үйлдлийн үрээс намайг орхин явах хэн нэгэнтэй учраад явсан. 

Кирад амьдарч байгаа амьдрал нь хэзээ ч таалагдаж байгаагүй, тэр хэзээ ч тэрхүү  таалагдаагүй амьдралдаа уусан орохыг өөртөө зөвшөөрөөгүй.  Гэхдээ тэрээр, өөрийнхөө таалагдах амьдралыг олтлоо хэсэг хугацаанд тэр муухай амьдралд дүр эсгэн оролцсон. Надад ч энэ амьдрал хэзээ ч таалагдаж байгаагүй. Гэхдээ би өөр нэгэн сайхан амьдралыг хүлээсэндээ биш, Кираг бодвол арай бага “хувиа хичээгч” болохоороо бас л дүр эсгэн оролцсоор л явна. Би Кира шиг гэр бүлээ орхиж арай л чадахгүй. Тэгэхээр л би түүнээс арай бага “өөрийгөө бодогч”.

Кира тэнэсэн суманд өртсөн нь, хайртай залууг нь хэтэрхий их санагдуулах газраас зугтах гэсэндээ, бас өөрт таалагдах амьдралыг хайхаар явснаас болсон. Гэхдээ тэр өөрийн дургүй амьдралдаа хэчнээн ядарсан байсан ч бууж өгөөгүй. “Ялагдал хүлээгээгүй  ялгуулсан амьдрал байдаг, бас байх ч болно”. Харин би, надад цаг үргэж новшийн дурсамжуудыг минь сануулах тэр газарт итгэлтэйгээр үлдсэн. Тэгэхээр би арай бага “хувиа хичээгч” хэдий ч арай тэвчээртэй ч юм шиг. Кира энэ дэлхий дээр амьдарч болох арай өөр, өөрт таалагдах газрыг хайсан бол миний хувьд энэ дэлхий дээр хаана ч тийм газар байхгүй. Би эндээс явах болбол хэзээ ч тэнэсэн суманд өртөхийг хүсэхгүй байна. Бас ямар нэг өвчинд дийлдэх ч биш, эсвэл насанд дарагдах ч биш. Эндээс явах болбол зөвхөн би л өөрөө өөрийгөө эндээс чөлөөлөх болно. Тэр нь л жинхэнэ чөлөөлөлт байх болно. Тиймээс тэр өдрийг хүртэл би ямар ч өвчинг, ямар ч ганцаардлыг, ямар ч  тэнэсэн сумыг тэсэх болно. “Чи бол сайн цэрэг Кира Аргунова!

Би ч бас сайн цэрэг. Өөрөө өөрийгөө энэ амьдралаас чөлөөлөхдөө би ганцхан өгүүлбэртэй гэрээслэл үлдээнэ. Тэр нь,
“Миний үхэлд хэнийг ч буруутгахгүй байхыг хүсье.
                                                                                                Андрей Таганов”.

2 comments:

Царай муут said...

Waaa bi duusaagui baisan sh dee. Tugsuglii ni medchlee

ollie said...

өөө, уучлаарай :Р