Чамайг дурлаж, хайрлаж, амьдарсны дараа
Би дурлаж, хайрлаж, амьдрах байж,
Эсвэл би чиний өмнө ч  юмуу.
Гэтэл хоёулаа зэрэгцэн төрчихөөд
Дэс дараагаа ололгүй мунгинасаар
Хэн нь ч дурлаж, хайрлаж, амьдарч амжсангүй.
Мартъя даа
Цаг хугацааг.
Маргаашнаас
"Ирээдүй" биш
"Ирэхгүй" гэх
Цаг тооллыг
Эхлүүлье.
Бүсгүй алган дээрх, хувь заяаны зураастай арьсыг хуулан хаяж, бурханд явууллаа. Түүнийг нь хүлээн авсан бурхан "Ингэлээ гээд чиний хувь тавилан өөрчлөгдөхгүй шүү дээ" гэхэд бүсгүй, "Гэхдээ л би ядаж алгаа харан, энд байсан хэдэн зураасны дагуу, чиний зохиосон төлөвлөгөөгөөр биш, өөрийнхөөрөө амьдарч байна гэх итгэлтэй байх болно".
Санаж байхын тулд тэмдэглээд үлдээчихье.

2012.12.12
2012.12.21

:)
Онийсон сүүмгэр согтуу нүдэнд
Орчлон танагдан үзэгдэнэ.
Зовлонг нь танасан хөлчүү харцанд
Зөвхөн жаргал л харагдана.
"Би чамд хайртай" гэж
Чамд захидал бичин суутал
Гэнэт чи дэргэд минь
Гараад ирлээ.
Цочсондоо би
Үзгээ хугалаад, цаасаа урчихав.
Гэвч энэ ердөө л
Төсөөлөл байж.
Одоо надад
Чамд хайртайгаа бичих
Цаас ч, үзэг ч үгүй.
Өөрт минь шүргээ ч үгүй атлаа
Өөрийг минь гэмтээчихлээ гэж боддог,
Дэргэд минь байх л юм бол
Дандаа өвтгөнө гэдэгтээ итгэчихээд,
Хол, хол, хол л бай гэсэн
Хөндүүр бодлыг өөртөө суулгахдаа
Хэнийх нь өвдөлтөөс илүү айсныг чинь
Хэлж мэдэхгүй ..,

Дурсамж гэдэг ердөө л, хэтэрхий эелдэгээр нэрлэгдсэн санах ойн чадамж ..,
Өөрөөсөө илүү харанхуй нэгнийг хайн,
Өчүүхэн ч болов дэргэд нь гэрэлтэх гэж
Өчнөөн жилийг үдэв.
Үнэндээ тэр нь
Үхлээс өөр хэн ч бишийг
Өнөөдөр л ойлгох.
Хуурмагаас үнэнийг ялгах гэж
Хуйхаа маажсан өдрүүдээ санахаас
Хөх инээд хүрнэ.
Харин одоо
Хорвоо гэдэг тэр чигтээ
Худалыг ойлгоод
Хэчнээн амар.
Амьдрал гэдэг
Амьд байхын нэр үү,
Аль эсвэл
Амьдаа мэдрэхийн нэр үү?
Аль нь ч байсан
Амьсгалаа сонсмооргүй.
Чи байхгүй байсан бол
Би байх байсан болов уу?
Үгүй л байх даа.

Эмэнд мансуурсан намайг
Хэн эмнэлэгт хүргэхэв,
Судсаа ханан зугаацахад
Хэн ирж боохов.

Цөхрөлд идэгдсэн намайг
Хэн ирж тайтгаруулахав,
Цөсөө хагартал гомдоход
Хэн чангаар тэврэхэв.

Чи байхгүй байсан бол
Би байхгүй л байх даа ..,