Би ердөө л нэг жүжигчин
Бусдын дүрд жишимгүй хувирдаг
Байдаг л нэг жүжигчин
Бусдаар хэн ч байгаагүй.

Өөрөөсөө өөр моделгүй хөөн :Ь
"Хатагтай, ноёд оо,
Хамтран амьдарсанд баярлалаа" гээд
Хөлийн үзүүр хүртлээ мэхийгээд
Хөшгөө би хаана.
Маргааш би үгүй болсон ч
Чи намайг үгүйлэхгүй.
Чухам тиймээс л
Маргааш би санаа амар үгүй болно.
60D first selfshot :P
Үхэл ирэхэд
Үнэхээр гайхсан,
Үзэсгэлэнг нь л дээ.
Гутлаа тайлж шидлээд
Хар шөнөөр
Хар хурдаараа
Гүйчихсэн.
Тэглээ гээд
Хэн намайг загнаж,
Хэн буруутгах юм бэ?
Бүгд дуг нойрондоо
Дугжирч байгаа.
Цонх бүрийн ард
Инээмсэглэл байгаа
Цонх бүрийн ард
Итгэл байгаа.
Цонх бүрийн ард
Шаналан байгаа
Цонх бүрийн ард
Цөхрөл байгаа.
Тиймдээ ч тэр
Цонхоор харахаа больсон.
Цонхноо ч
Харагдахаа байсан.
Нисэхэд чинь
Далавч биш,
Хүчээ авах
Тулгуур чинь байж өгье.

Өгсөхөд чинь
Шат биш,
Урам хайрлах
Хүсэл чинь байж өгье.

Урагшлахад чинь
Зам биш,
Бүхнийг чадах
Итгэл чинь байж өгье.

Унаад, уруудаад, ухрахад чинь
Тулаад, хүсээд, итгэх
Бүхэн чинь
Байж өгье.
Нас барсан хуучин захирлаа зүүдлээд. Зүүдэндээ нас барсан гэдгийг нь огт санаагүй. Сэрсэн хойноо ч гэсэн нэлээн удаан бодож хэвтэж байж нас барсныг нь санасан.

Би буцаад 10 жилийн сурагч болчихож. Ангийнхаа охинтой хичээлдээ явах гээд байрны гадаа зогсож байгаан. Хичээлийн анхны өдөр, өглөө хичээл ороод тарсан, өдөр 14 цагаас нэг хичээлтэй. Тэрэндээ явах гэж байгаагаа мэдээд байгаа юм. Ангийн охин "Анхны өдөр болохоор хуваариа мэдсэнгүй. Мэдэж байсан бол бэлтгэлийн өмдөө аваад явахгүй юу. Тэгсэн бол гэрт ирэлгүй, сургууль дээр байж байгаад хичээлдээ суучих байсын" гэж ярьж байна. Эхний өдөр ч гэсэн би бэлтгэлийн өмдөө аваад очсон, гэхдээ яагаад найзыгаа дагаад гэр рүүгээ явснаа сайн мэдэхгүй байгаан. Найзынх манай хажуу байранд байдым л даа. (220-н гэр) Тэгээд хоёулаа сургууль руу явах гээд такси барих гээд байх юм. Ууг нь сургууль мангар ойрхон ш д. Тэгээд нэг эмэгтэй жолоочтой таксинд суулаа. Байрны гадна бөөн түгжрэл. Тэгсэн гэнэт нөгөө такси чинь дугуй болчихсон, бид хоёр ард нь сундлуулаад явж байхын. "Дугуйтайм чинь ууг нь энэ түгжрэлүүдийн хажуугаар явахад багтана даа" гэж би бодохын. Гэнэт байрны урдах зам аймаааар их устай болчихсон, найз бид 2 гутлаа тайлаад, өмдөө дээш нь шуугаад сууж байхым. Тэгээд нөгөө дугуйтайгаа машинуудын хажуугаар ороол явсан чинь нөгөө эмэгтэй жолооч "Энүүгээр явбал түгжрэлгүй" гээл сургуулиас шал өөр тийшээ эргэчихийн. Би их л харамссан янзтай хойшоо, сургууль байдаг зүг рүүгээ хараад байхым. Тэгснээ гэнэт бодож байгаан "Би ямар дуулж чадах биш. Тэр дууны хичээлийг тасалчихсан ч яахав дээ" гээл. Дууны хичээлд бэлтгэлийн өмд ямар ч хэрэгтэй байсан юм бүү мэд :Ь

Хичээлээ тарчихсан бололтой. Би 220-н гэртээ байж байхым. Ууг нь гадаа нь бороо л ороод байх шиг байсан. Тэгсэн цагаан сар болж байгаа бололтой. Манай нэг үеэл найз залуугаа дагуулаад ээжтэй золгоно гээд ирчихсэн байх юм. Би гал тогоонд хоол унд бэлдээд л. Тэгж байгаад 00 орвоо. Тэгээд гарах гэсэн чинь бүх 00-н цаас нь хэрэглэчихсэн. Тэгсэн мөртлөө ороогоод тавьчихсан. Миний сэжиг хүрээд л. Тэгсэн 00 дээр нэг крант байхын. "Өө усаар угаачихад л болох юм байшд" гэж бодоод байж байтал гэнэт гаднаас хаалга татаад, түгжээтэй хаалга онгойлгохнээ. Гайхаад онгойлгосон чинь манай захирал зогсож байхым. "Та чинь яаж байнаа, би бараг өмдөө ч татаж амжаагүй байна" гээл хаалгаа буцаагаад түгжсэн чинь хаалгыг нугасаар нь суга татаад авчихын. Тэгээд л над руу чичрээд дайраад байх юм. Яг яах гээд байгаан мэдэхгүй. Би болохоор, намайг нууц амрагаа болгох гээд байна гэж бодоод байгаам. Тэгсэн захирлын найз хажуунаас нь захиралд "Чи яг итгэлтэй байна уу?" гээл асуухын. Нөгөөх нь тийм л гээд байгаа бололтой. Манай үеэл найз залуутайгаа том өрөөнд сууж л байх юм. Хажууд нь бүр том ширээ засаад манай баахан хуучин ажлынхан суучихсан найрлаж байна. Би гал тогоонд ороод л ахиад л хоол бэлдэх гэж байтал гэнэт цонхны цаана нэг нисдэг машин гараад ирэхийн. Манай цонхыг мөргөөд л байхын. Тэгээд хамаг цонх хагалаад хаячихсан. Тэгээд хаалга нь онгойгоод нэг эмэгтэй гарч ирснээ "Чи нэгэнт л надаас салж байгаан бол хүүхдээ ав" гэснээ нэг эрэгтэй хүүхдийг манай цонхоор шидэж оруулчихаад яваад өгөв. "Манай захирлын л эхнэр юм байна даа. Цонхыг нь хагалснаа ээжид юу гэж хэлнээ" гээл бодож байтал захирал хүрч ирснээ "Ууг нь би түрүүн эхнэртээ нойрны эм өгөөд унтуулчихаад гарч ирсийн. Яагаад буцаад сэрчихсэн юм бол доо. За яахав яахав, зүгээр. Байдаг л нэг хэрүүл" гэснээ "Би цонхыг чинь шиллээд өгнөө, битгий санаа зов" гэсэн. Би ч нэх санаа зовсон юмгүй л байхын. Захирал надтай хамт гал тогоонд юм хум арчаад л зогсож байснаа гэнэт уур нь хүрсиймүү яасын, том өрөөнд найрлаж байгаа хүмүүс рүү яваад, орохдоо хаалгыг нь тэнэг чанга хаагаад бас л шилийг нь хагалчих юм. "Би эвдэлсэн бүх юмаа янзлаад өгнөө, санаа зоволтгүй" л гэжийнэ. Тэгнэ гэдэгт нь итгэж байгаа болохоор би ч нэх санаа зовохгүйм. Аа нээрээ энэ үйл явдлууд болж байхад ангийн охин хамт байсаар л байгаам. Тэгээд би сэрчихсэн үү, эсвэл зүүдээ мартчихсан уу мэдэхгүй :Ь (аймар тэнэг төгсгөсөн)
Үйрсэн сэтгэлийнхээ
Хэлтэрхийнүүдийг цуглуулан
Эвлүүлж дуустал
Хөндүүр дүүрэн
Хоосон зай үлдсэн нь
Хэзээ нэгтээ чиний
Халаасанд ороод мартагдсан
Хөөрхийлэлтэй хэсэг байх.
Ходоод минь өөрийгөө
Хоосон шар айрагны торх гэж бодно.
Зүрх минь өөрийгөө
Зүгээр л бөөрөнхий мах гэж мэдэрнэ.
Сэтгэл минь өөрийгөө
Сэмэрсээр дуусах торго гэж төсөөлнө.
Ийм байхад яаж би өөрийгөө
Инээмсэглэж чадах ХҮН гэж итгэх вэ.
Хайрлахуйн шаналлыг
Ганцаардахуйн уйтгарыг
Хардахуйн өвдөлтийг
Учирлахуйн доройтлыг
Хууртахуйн гутралыг
Уучлахуйн уналтыг
Хагацахуйн харууслыг
Мэдрүүлсэнд баярлах-уй.


Намайг өвтгөх
Хэн нэгэн байвал байг ээ,
Надаас болж өвдөх
Хэн нэгэн л үгүй байг.
Би тэдний
Согтуу үеэр
Төрчихсөн.
Тиймээс л
Тавилангаа өөрөө
Зохиох гэж
Зөрүүдэлнэ.

Бусдын сэтгэлд
Будаг нялж
Булингартуулахгүйн тулд
Бийрээ хугалах.

Өрөөлийн зүрхэнд
Өргөс болж
Өвтгөхгүйн тулд
Өөрийгөө хугалах.

Self portrait ..,




Яг одоо
Чи миний
Живчихэлгүй
Зуурч тогтсон
Цор ганц
Өвсний ширхэг.
Аниргүй шөнө гав ганцаар
Алгандаа зүрхний цохилт багасахыг мэдрэх
Аймшигтай биш юм билээ, харин
Аяндаа л инээмсэглэл төрөх нь гайхам.
Үхэх л гэж төрсөн
Үнэн учраа үл танигсад
Хорвоод мэндлэхээсээ л эхлэн
Хором хормоор үхсээр яваагаа
Ойлгох ч үгүй
Ойлгохыг хүсэх ч үгүй
Амьдарна гэж мөрөөссөөр
Амжихгүй үхэж л дуусна.
Би хаана ч
"Үнэн" амьдраагүй.
Бусдын нүдэнд ч
Бодолдоо ч ..,
"Ирж яваа..."
Энэ л үгийн ид шидээр
Ийм олон сарыг цонхоор ширтэж барсанаа гайхдаг .., Б.Батзаяа

Юу ч гэхэв дээ. "Ирж яваа" гэж бодож байгаагүй ч "Хаа нэгтээ байгаа" гэсэн бодол бас л адилхан байсан. "Хаа нэгтээ байгаа" гэсэн үгийн шидээр ийм олон жилийг барж чадсанаа гайхах. Зүгээр л тэрүүгээр шалтаг хийж өдөр хоногийг өнгөрөөж байсан гэж өөрийгөө хуурмаар байвч хаа нэгтээгээс "Тэгээгүй шүү дээ" гэсэн цөхрөм үнэн өшиглөөд ороод ирэх. Санаа алдалт .., Өөр юу ч үлдээгүй. Бас л худлаа ..,
Өнгөрснийг өнгөрсөнд нь л үлдээ. Өнөөдрийг хүртэл чирж явах юм бол гай л болно гэдгийг өөрийнхөө амьдрал дээр ч батлав. The Great Gatsby ч харуулав.
Чи үхэх үү?
Мэдээж би үхнэ.
Чи яаж үхэх вэ?
Тэрийг би яаж мэдэхэв дээ.
Тэгвэл чи яаж үхмээр байна?
Инээмсэглэж байгаад.
Чи хэзээ инээмсэглэдэг юм бэ?
Үхлийг мэдрэхээрээ.
Миний тухай хэн ч мэдэхгүй. Чиний тухай ч хэн ч мэдэхгүй. Бусдын тухай ер нь хэн ч мэддэггүй. Магад, хүн өөрийнхөө тухай ч тийм ихийг мэддэгүй байх. Өдөр бүр чиний дэргэдүүр өнгөрөх өндөр өсгийт жийсэн, өөдрөг харагдах бүсгүй үдэш бүхэн угаалгын өрөөндөө эвхрэн суун уйлдаг ч юм билүү. Өглөө бүр чамаас ажлын тайлан нэхдэг өндөр дуутай дарга залуу орой бүр толгойгоо тэврэн ганцаар гансардаг ч юм билүү. Юуг ч мэдэхгүй байж шүүмжлэх чи хэн ч юм. Юуг чинь ч таниагүй байж чамайг шүүмжлэх бусад ч хэн ч юм. Гэхдээ л ийм л байдаг.
Дуусав.





Ингэж нэг дуусах гэж.




Хуучин сорви загтнана
Загтнасан газар маажихын жаргал.
Ирээдүйн жаргалаа бодож
Шинэ сорви нэмэх.
Бүгд мартагдана
Цаг хугацаа энэрэнгүй.
Бүгд арчигдана
Цаг хугацаа энэрэнгүй.
Бүгд эдгэнэ
Цаг хугацаа энэрэнгүй.
Бүгд сэдэрнэ
Цаг хугацаа харгис.
Цөхрөл. Өвдөг сөхрөлт. Нугарсан өвдөгтэй газрыг гараараа тулах. Тулсан гартаа шороо базлах. Яах гэж энэ хүртэл тэссэн билээ? Мэдэхгүй. Мартагдсан шалтгаан. Гараараа тулаад босох шинэ шалтгаан бий билүү? Үгүй. Тэгээд яахав? Ингээд л сөхрөөд байх уу? Үгүй ээ, ахиад жаахан тэсэх хэрэгтэй. Авсны таг удахгүй нээгдэнэ. Шинэ шалтгаан. Амьдралаас зууралдагч.
Навчис ногоон
Цэцэгс ягаан гэж бичихдээ би
Навчис хатаж
Цэцэгс хагдардаг тухай
Бодсон билүү?


Хөрсөн биед минь
Үгүй дээ, битгий хүрээрэй
Би ийм хүйтэн хүн байгаагүй
Чамайг хайрласан сэтгэлдээ
Шатаж явсан юм.
Надаас төрсөн бодлууд
Бүгд далавч үгүй.
Надаас өөр юунд ч
Далавчтай атлаа нисэж чаддаггүйн
Зовлон бүү ирэг л гэж
Хүссэн юм.
Хүн болоод учирсан
Цорын ганц хайр дурлалыг минь
Хөл доороо дэвслээд
Сэтгэл дундуур минь
Өндөр өсгийтөө зоон алхлах
Тэр бүсгүй
Хардалтгүй
Бас харуусалгүй л
Амьдраг дээ.

Үхлийг хуруугаараа имрэхэд
Ямар нимгэн, хэврэг санагдсан гээч.
Төрх нь ч гэсэн
Тийм хүлцэнгүй, дорой.
Харин амьдрал
Аймшигтай зузаан,
Бас дээрэнгүй.

2013.09.18

Мартаж болохгүй өдөр.

Ердөө ингээд л болоо гэж үү? Доторхоо гаргаж бичиж чадахгүй байна.

Үнэндээ бол дотроо хамаг чадлаараа орилж байгаа.
Буруу үедээ, буруу газар, буруу хүнтэйгээ таарах шиг буруу юм байдаггүйн байна. ЧИ энийг уншиж байгаа бол, БИТГИЙ МӨРӨӨД МИНДӨӨ! Чи гариг андуурчихаж.
Чи бол сайн цэрэг Олли. Тэсдэг юм шүү. Өнөөдрийг хүртэл утга учиргүйгээр тэссээр ирсэн байж, утга учиртай хүлээлт ирэхэд явчихаж болохгүй шүү.
Зүрхний лугшилтыг даган
Бүхий л бие салганан чичирнэ.
Амьсгалах бүрийд
Цээжин цаана хөндүүрлэнэ.
Алхах, гүйх, суухад хүртэл
Тамир барагдаж,
Амьдрах үнэхээр л
Сайхан гэдэг нь үнэн гэжүү?
"Чи аймаар их сэтгэлийн хөдөлгөөнтэй" гэдэг үгийг өнөө олон экс-үүдээсээ зөндөө л сонсож байсан. Тэд нарын буруу байж. Эсүүл би сэтгэл хөдлөлөө дараад сурчихаж. Яг одоо орилоод, зүрхшээгээд, айгаад, бас тачигнатал инээмээр байвч дэргэд байгаа хүнээс болоод юу ч болоогүйм шиг яг л байдгаараа суух. Тэхдээ л Мишагийн хэлдгээр, оооо мааааа гаашийн гаашийн гааааааашшшшш ..,

:дотроо л:
Одоо би чамайг дагаад
Хаа ч хүрэхэд бэлэн,
Орчлонд тохиож болох бүхнийг
Хангалттай харчихлаа.
Одоход харуусах зүйл үгүй ээ,
Хүйтэн гараас минь хөтөл.

Үүдэнд тосох үхэл минь
Түр хүлээ.
Маргааш би дүүдээ
Үлгэр уншина,
Магад ээж минь намайг
Үнсэх байх.
Хэний ч үл анзаардаг
Үнэт мөчүүдийг шингээчихээд
Маргааш биш нөгөөдөр уулзтал
Хүлээж чи тэсэх байлгүй.
Зүрхэнд хуралдсан
Зуу зуун харууслыг
Зөвхөн ганц инээмсэглэлээр
Илэрхийлэх.





Намайг өвтгөдөг олон дурсамж надад бий. Бүр хангалттай олон. Би тэднийг хэн нэгэн хамааралтай хүнд сануулж, тэднийг өвтгөхийг хүсдэггүй. Харин "тэд" тэгж боддоггүй бололтой. Миний санахгүй байгаа хэдий ч надад тохиолдсон зүйлсийг ярьж намайг өвтгөх хэрэг байсан ч юмуу, үгүй ч юмуу. Нулимсыг барьж тогтоох ийм хэцүүг өнөөдөр л мэдрэх. Намайг өвтгөх вий дээ гэсэндээ надаас бүгдийг нууж байсан нэгний сэтгэлийг олж мэдэх ийм муухай. Бас хайрламаар. Үзэн ядалтын ч юмуу, эсвэл хайрын ч юмуу мэдэхгүй, нулимс урсах. Эхэр татан уйлах. Хажуугаар нь бас яагаад ч юм "Алдах вий, алдаад харамсах вий дээ" гэсэн айдас. Бас, хэдий уйлуулах юм хэлсэн ч хайрлах хайр. Хэн ч болж хувирсан бай, хайрласаар л байх хайр.

Хэн нэгэн залууг хайрласан хайр бишээ.
Амьдралыг
Амлалтын тоогоор
Хэмждэгсэн бол
Өнөөдөр би
Өлгийтэй нэгэн.

Амьдралыг
Амраглалын тоогоор
Хэмждэгсэн бол
Өнөөдөр би
Өтөл нэгэн.

Чи хэн ч болж өөрчлөгдөж болно. Өөрчлөгдөх үгүйг чинь би мэдэхгүй. Бидний харилцаа ч бас юу ч болж өөрчлөгдөж мэднэ. Өөрчлөгдөхгүй ч байж мэднэ. Ерөөс юу ч болсон хамаагүй. Болоогүй ч хамаагүй. Чиний инээмсэглэлийг хараад би инээмсэглэдэг. Энэ байсаар л байх болно. Харахгүй байсан ч гэлээ, чамайг бодохдоо би инээмсэглэдэг. Энэ байсаар л байх болно. Учир нь, инээмсэглэл гэдэг үгийн төлөөлөл бол чи.
Гээв гэнэт солиотой бодол толгойд орох. Би шилжилтийн наснаасаа эхлээд л "шар" "хөвгүүд"-д дуртай байсан.  Тэгсэн мөртлөө миний өнөөдрийг хүртэл уулзаж байсан залуус дунд "шар" хүн "бараг" байгаагүйн байшд :Ь






Миний ертөнцөд
Нар зугаалж
Сар дуулж,
Шувууд бүжиглэж
Модод хөгжимдөж,
Инээд урсаж
Мөрөөдөл нисэж,
Дурлал төрж
Сэтгэл үхэж,
Үүлс чуулж
Бороо мэгшиж,
Нулимс царцаж
Ахуй ханхалж,
Миний ертөнцөд
Мөхөл ирж
Амьдрал л үлдэв.
Маргааш гэдэг
Миний танихгүй өдөр л байлтай.
Гэтэл яагаад
Өчигдөр мэт
Хуучин үнэртэнэ вэ?
Үдэш бүхэн тавцан дээр суун
Үүлс ширтэн тамхи сорохыг,
Шөнө бүхэн нойр хулжин
Шиврэх бороог тоолж хэвтэхийг,
Өдөр бүхэн бодлоосоо нуугдан
Өөрийн чинь нэрийг шивнэхээс зугтахыг
Амьдрах гэдэг бол
Би амьдарч л байна.

Чиний нэрийг мартах өдөр ирвэл
Урьтаж би өөрийнхөө нэрийг мартсан байна.
Чиний төрхийг мартах өдөр ирвэл
Урьтаж би өөрийнхөө төрхийг мартсан байна.
Чиний инээмсэглэлийг мартах өдөр ирвэл
Урьтаж би өөрийнхөө инээмсэглэлийг мартсан байна.
Чиний хэн болохыг мартах өдөр ирвэл
Магад тэр нь миний үхсэн өдөр байна.
Чив чимээгүй аниргүйн дунд
Чаг хийх цагны дууг үл сонсох
аниргүйн дунд
Цохилох зүрхний дууг үл сонсох
аниргүйн дунд
Чангахан амьсгалаа үл сонсох
аниргүйн дунд
Чиний тухай бодон сууна
аниргүйн дунд.
Нэг амьдралд
Хэр их шаналанг,
Хэр их өвдөлтийг,
Хэр их хүлээлтийг,
Хэр их ганцаардлыг тэсэх
Тэвчээрийг заяадаг бол?

Миний бодол, хүсэл, амьдрал
Бусдад хэзээ ч хамаатай байгаагүй шиг
Бусдын бодол, хүсэл, амьдрал
Надад хэзээ ч хамаатай байгаагүй.
Уржигдар ОН-г зүүдэлсэн. Ердөө л ширээний ард сууж байгаагаар. Би хараад "Амных нь хоёр талд яасан ч гүн үрчлээс тогтоов дээ" гэж харамсангуй бодсон. Тэгээд л дуусчихсан. :(

Диди-г 2 шөнө дарааллаж зүүдлэв. Хөөрхөн зүүднүүд байсан. Инээгээд л. :)

Өөр өчнөөн л адал явдалтай зүүднүүд зүүдэлсэн. Бичих гэхээр залхуу хүрээд байхымоо :D
Тоглож дуусаагүй л байна уу
Хувь тавилан минь
Тоглох нас минь
Хэдийн өнгөрснийг санаач.
Чамайг мартахаар зориглосон
Замын уулзварыг өнгөрөөд
Хэчнээн ч явав даа,
Мартсан нь үгүй.
Ингэхэд тэр уулзвар дээр
Би яг хаашаа эргэлээ?
Бороо орохоор л
Чамайг санах юм гэж
Санааширч явсан.
Гэтэл үнэндээ
Чамайг бодохоор л
Бороо ордгийг
Өнөөдөр мэдлээ.
Маргаашнаас эхлээд
Тэнгэр хэзээ ч цэлмэхгүй.
Залхалт. Үе үе ирдэг, мэдрэгддэг нөгөө л залхалт. Гэхдээ энэ удаагийнх арай өргөн хүрээтэй. Хариуцлагаас, хүлээлтээс, хайраас, хэн нэгэн байхаас, амьдрахаас залхав. Угтаа шал утгагүй амьдралтай. Хэзээ ч ирэхгүй зүйлийг хүлээхээ амьдралынхаа бараг л зорилго болгож амьдарна гэж хаашаа янзын амьдрал байдын бэ. "Хэзээ ч үгүй" зүйлийн төлөө амьдрах нь тэгээд амьдрал уу? "Хэзээ ч үгүй" гэдгийг нь мэдээгүй байсан бол ч бас яахав. Тэрийг нь мэдсээр байж ингэж амьдарна гэхээр, үнэхээр дебил гэхээс өөр үг алга. Чухал, нандин, үнэ цэнэтэй гэгдэх юмс алга болоод оронд нь бүх зүйлс "Юу ч биш" гэдэг хэмжигдэхүүн дээр тогтсон. Бүх л юм миний хувьд юу ч биш. Тэр тусмаа хүмүүс. Амьдрах утга учир, зорилго ч үгүй, дээрээс нь амьдралд нь үнэ цэнэтэй зүйл нэгээхэн ч үгүй "хүн" яах гэж амьдрахав? Яахав, ямарваа нэг зүйлийг өөртөө үнэ цэнэтэй болгож болох юм. Эсвэл ямар нэг зорилго бодож олж болох юм. Гэвч аль алиныг нь хийх "хүсэл" гэдэг юм нь мөхчихсөн юм чинь. "Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг" гэж худлаа. Миний "дууссан" нь хаанаа байгаан? Эсвэл би "хүн" биш болчихсон юм болуу? Юуг ч мэдэрмээргүй, хармааргүй, юунд ч, хэнд ч хамааралтай баймааргүй, ер нь угтаа "баймааргүй". Энэ тэгэхээр бас хүсэл болж таарав уу?
Энэ бол миний жүжиг,
Зохиолч, найруулагч нь гол дүрдээ тоглосон,
Хэнд ч зориулж тавиагүй,
Ямар ч алга ташилт хүлээгээгүй,
Тайзан дээр ч тоглогдоогүй
Миний л жүжиг.
Дурандаа ирж
Хөшигний араас шагайчихаад
Хэрхэн жүжиглэхийг минь заагсдад
Үхэх дүр оноосон ч болох
Миний л жүжиг.
Би Америк л явах гэж байгаа бололтой. Нэг газар баахан бичиг баримт бүрдүүлж өгөөд. Тэгсэн хариу нь иржээ. "Тэр газраа хэдээс хэдэн цаг хүртэл ажиллахаа тодорхой бич" гэсэн утгатай. Тэхээр нь тэрийгээ биччихээд нэг ажилтанд нь өгөх гэсэн чинь "Таных буцаагдсан байна, ахиж авку" гээд. "Гүй ээ, цаг л асуусан байна, тэрнээс намайг явуулку гээгүй байна" гээл учирлаад байхын. Нөгөөх нь тоож авдаггүй. Тэгсэн яасан байхнуу, шууд дарга руу нь ороод, даргатай нь секс хийжий ш д, хахахаха. Нэг хачин хөгшин нөхөр байсан. Ядаж байхад ажлынх нь өрөөнд, хүмүүс нь байн байн орж ирж нтр. Нойтон зүүд зүүдлэхдээ тулжээ хөөрхий.

Дараа нь Дидиг зүүдэлж байгаан. Энэ гэхдээ нэг л хачин зүүд байсан. Ямар ч дүрс байхгүй. Хар, цагаан, сараал өнгийн нялгадсан будаг шиг юмнууд л надад харагдаад байгаан. Хоорондоо юугаар холбогдож яриад байгааг бол чөтгөр бүү мэд. Гэхдээ л тэр нэг хачин саарал орчинд дуу нь сонсогдоод байгаан.
Диди: Байгаа газраа байжий, би яваад очий.
Би: За.
...
Диди: Чи хаана байгаан бэ, би сая 330 мянгатаар дайраад өнгөрлөө. Чи байсангүй. 
Би: Арбатын гудамжинд.

Ингэж хэлэнгүүтээ шууд сэрчихсэн. "Юун Арбатын гудамж????" гэж жоохон бодсоноо буцаад унтчихсан.

Тэгээд хуучин Орос боссоо баахан зүүдэлсэн. Хэдэн хүмүүс дагуулж ирээд л, нэг тоглоом тоглох гээд байгаамуу хаашаам оффис дотроо. Тэгсэн манай оффис баахан усаар дүүрчихсэн. Дотор нь тэнэг том амьтан сэлээд л. Загас арай биш байсан байхаа. "Өөрөөгөө цэвэрлэсэн нь дээр байхаа, хүмүүс ирчихээд байхад" гэж надаа хэлэхийн. Би нөгөө нэг сэлээд байгаа амьтнаас нь айгаад байгаа бололтой. Юу байлаа даа, нэг л эвгүй гөлчигөнөсөн амьтан байсымаа. Одоо сайн санахгүй байна. За тэгэс гээл сэрсэн дээ :Ь


Би ердөө ч өөрчлөгдөөгүй юм байна. Миний дотор "би" байсаар л байна. Би ердөө л, намайг "хүн" шиг байгаасай гэж хүссэн, хайрладаг хүмүүсийнхээ нүдэнд "хүн" шиг харагдахыг хүсэж.

Дүгнэлт, хэр удаан амьдарна, тэр хэмжээгээрээ сайн дүр эсгэгч болж чаддаг юм байна.
Хэдийг хүртэл би
Жинхэнээсээ инээмсэглэж,
Хэдийг хүртэл би
Жуумалзсаар хуурах бол?
Намарт шаналах,
Гэхдээ л хэсэгтээ би шаналахгүй.
Намрын шаналанг хүлээх
Өвөл, хавар, зунууд гэх
Хүлээлт байна.
Төрсөн өдрийн мэнд.

Чамд хайртай хэвээр л ..,
Хэзээ унтаж,
Хэзээ босож,
Хэнийг хайрлаж,
Хэнийг зүхэж,
Хэзээ хооллож,
Хэзээ өлсөж,
Хэнийг биширч,
Хэнийг адлахаа
Хэн нэгнээр заалгах гэж
"Хүн" болоогүй би.
Харц тулгарсан тэр өдрөө л
Хамаг ирээдүйг минь чи өмчилчихсөн.
Амьд байгаа
Хэнд ч би мууг хүсэхгүй.
Амьдарч байгаа нь
Өөрөө шийтгэл.
Байгаагаараа л үлдэж
Бүгдэд адлагдахаас.
Бусдад таалагдах
Баг урлаж хүчрэхгүй нь.
Утгыг минь чи ойлгохгүй
Учир нь би орчуулагдаагүй ..,

Энэ мөрүүдтэй ойр санагдаад энэ дууны энэ хэсэг таалагдаад байсын байшд.

Үсэглэнэ намайг чи
Унших гээд чадахгүй ..,
2008-03-12

"Би цаг үргэлж нэг л жүжгийн, нэг л дүрд тоглодог. Жүжиг ч нэг хэмнэлээр явж, нөгөөх л төгсгөлөөрөө төгсдөг. Хамгийн гоё нь, би жүжгийн төгсгөлд дандаа л хүмүүсээс уучлалт гуйж дуусдаг. Жүжиг эхлэх бүрт, хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрөх нь байтугай, тэр үнэний тухай сонсохыг ч хүсдэггүй гэдгийг нь би мартсан байдаг. Тэгээд л, хүмүүст үнэнийг нь хэлсний төлөө би тэднээс уучлалт гуйснаар жүжиг төгсдөг. Жүжгээ олон тоглох тусам, би илүү ихээр уучлалыг гуйх болдог. Инээдтэй нь, би дүрдээ дургүй биш. Дургүй байлаа гээд ч өөрөөр яах ч юм билээ. Би өөр дүр бүтээж чадахгүйгээс хойш."
2007-09-19

"Дурсамж бол хутга гэж үнэн юм даа. Тэр чамайг өвтгөнө. Тэхээр би газраар "нисдэг" шувуу болно. Надаас ямар ч мөр үлдэхгvй."

гэнээ. Гүй яахав. Бас ч гэж ганц үнэн юм бичиж л байсын байна. Надаас ямар ч мөр үлдэхгүй тул би хэний ч дурсамжинд орохгүй. Тиймээс би хэнийг ч өвтгөхгүй.
2007-05-23
Бас нэг мидрэл юм олов. Би ер нь одоо хамаагүй "ухаантай" болчоод байгаан бишүү :Ь

үн хүнийг танихын тулд бүхий л амьдралаа бараад ч гүйцэт таньж чадамгүй санагдана ... хамгийн сайн мэддэг хүн, хамгийн эртний танил, багын найз, өөр юу ч байдын бла бла бла ... худлаа ш д ... эцсийн эцэст цаг үргэлж хамт байдаг, хаа явсан газраа тээж явдаг өөрийгөө хүн гүйцэт мэддэггүйн байж хэн нэгнийг яаж ч өөрөөсөө илүү мэдэж чадахав дэ ... хэнд хамаатай 

... хэн нэгэнд өөрийгөө ойлгуулах гэж хичээдэггүй, хүсдэггүй ... яг үүнтэй ижил хэмжээгээр хэн нэгнийг танихыг ч хүсдэггүй ... тэрний оронд зүгээр л нүдэнд харагдаж байгаагаар нь үнэлээд, дүгнээд явсан нь хэдэн мянган хувь өөрт болоод нөгөөд дээр ... магадгүй зүгээр л хүн гээч нь шуналын тулам юм болохоор харагдаж байгаагаас нь ихийг хүсдэг байх л да ... иэнхи тохиолдолд энэ шал дэмий ... яагаад гэвэл хүн гээч чинь дотроо гаднахаасаа долоон дор байдаг ... ингэж хэн нэгнийг үнэлэх үнэлэмжээ бууруулаад ч юүхэв ... тэрийг би мэддэг боллоо гээд надад яг ямар ч хэрэгтэйн ... чөтгөр бүү мэд, ойлгохгүй байна ... угаасаа хэтэрхий их юм ойлгоод хэрэггүй ээ гээл үглээл байгаа ш д 
... тэнэг байх ер нь сайхан ш д ... батгатай нүүрэндээ ярзайсан инээмсэглэл хадчихаад л, хэдэн шар шүдээ гаргаад яваад байх л жинхэнэ жаргал ч юм шиг ... бас л худлаа л да, жаргал биш, зүгээр л энгийн нэгэн, эсвэл хэт ухаантай нэгэн байснаас арай л бага тарчлах нь үнэн байх ... тэхээр ухаантай байх хэцүү, дэмий, тэнэг байх нь ч ашиггүй ... явж явж "байх" гэдэг чинь өөрөө шал дэмий зүйл болж хувираад ... байхгүй байх л хамгийн зөв шийдэл бололтой ... уусан алга болохсон ... хэрвээ новшийн амьдрал гэнэт өгөөмөр загнаад, хүссэн зүйлдээ уусан алга бол гэхийн бол /хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл, тэгснээс би бурхан болно гэвэл арай дөхүү байх/ , хэрвээ тэхийн бол би нүүр даган урсах, зөөлөн шиврээ бороонд уусан, над шиг бүтэшгүй амьтны нүүрэн дээгүүр урсан, түр ч болов сэтгэлийг нь гийгүүлэх байсан ... чөтгөр ав, бас л худлаа үг ... сэтгэл гийнэ гэж юу байдын ... амандаа гар чийдэн асаавал сэтгэл гийх болуу? ер нь тэр сэтгэл гээч нь хаа ч оршин байдын??? ингээл юм мэдэх дэмий зүйл, мэдэх гэж оролдох нь ч бас ... таг харанхуйд, хов хоосон, харанхуй бүдүүлгээрээ үлдэж хоцрохсон ... "



2008-06-17-ны бас нэг ийм юм олов.

"Нөгөө эргийн хүнтэй хамт байхаар сэтгэл санаа асар тайван байхын. Гэхдээ уйтгартай. Гэхдээ мангар ханьтай. Гэхдээ би удахгүй залхана л даа, мэджийнэ. Ахиад гэхдээ, жаахан удаж байж залхаасай гэж хүсээд байхын."

2008-06-24-нд үргэлжлэл нь бололтой.

"Явуулчихсан. Битгий гэж тэр гуйсан. Гэсэн ч би хувиа хичээлтийн бодит жишээ. Тэр уйлж байна гэсэн. Ямар ч сэтгэл хөдлөл байсангүй надад."


Хэнтэй байснаа сайн санаж байна. Удахгүй залхаад явуулснаа ч санаж байна. Явж байхыг нь цонхоор харж байснаа ч санаж байна. Харж байхдаа, хүний урманд, санаа ч алдаагүйгээ ч санаж байна. Гэхдээ хэрвээ тэр хүнийг дэргэдээ үлдээсэн бол тэр л хохирох байсын. (Аягүй өөрийгөө зөвтгөсөн :Ь )
2008.04.28-ний нэг ийм бичсэн юмаа тэнэж яваад олов.

"5 дахь өдрийн оройноос эхэлсэн асар хөгжилтэй амьдрал. Инээгээд л байсан, инээгээд л байсан. /гэхдээ ямар нэгэн юм хэрэглээгүйн шүү гсн/ хагас сайн, бүтэн сайнд бүтэн үргэлжилж, утас дуугарах тоолонд л би инээсээр л. Харин тэр их инээдийг, бүтэн сайны орой Зайсан гарч, дурсамжийн гунигаар хэсэг дарсан. Сургуулийнхаа дэргэд очоод, тамхи татан, боргио шимж, чихэнд Undertow хангинаад л. Тиймээ, Let me die .., Харин дараа нь яагаад ч юм Hollow years. Тийм байгаагүй ш дээ гэж бодож байсан хэдий ч энэ дууг сонссон. Танигдахаа байсан танил дүр төрх. Эргэн тойронд нь хэтэрхий их байшин. Яг сургуулийн дээр долоон бурхан одод. Харин би яг алтан гадасын харалдаа. Төгсгөлд нь, нэг их том санаа алдалт. Хаалга ширтээд л. Яг л тэр үеийнх шиг."

Яг л тэр үеийнх шиг .., :-< 
Өөрөөрөө л байсны төлөө адлуулж, зэмлүүлж, жигшүүлж, үзэн ядагдаж, худал хуурмагаараа дуудагдав. Тэгэхээр одоо яахнуу, өөрөөрөө л үлдэх нь. Хэн нэгнээр байж чадахгүйгээс хойш. "Хүмүүс" гэж угаасаа их "гоё". "Хүн л юм даа" гээд нулимс унагах нэгэн байхад, "Хүн л юм даа" гээд шүдээ зуух нэгэн бий.
Ээлжит мидрэлдэлт. Хөмсгөө хусав :D


Үүлс гэнэт хэлбэрээ өөрчлөөд
Чиний төрхийг үүсгээд
Гунигтайхан санаа алдсанаа
Нулимс урсгаж эхэлсэн нь
Өнөөдрийн бороо.
Нэг оройн явц.






13 жилийн дараа.

Залуу: Чи яг хэвээрээ байх юм. Харин намайг хар даа. Чи яаж ингэж үлдэж чадав аа?
Бүсгүй: Чамайг явсан өдөр миний цаг хугацаа зогссон.
Цонхоор харангуут тэнэг том хуй салхи ирж яваа харагдаад л, тэгээд өнөөх нь ирээд байшин ороож аваад, барилга нураад л, тэгэнгүүт араас нь тэнэг их ус ирээд хамаг юм усан дор орж байна гэж 3 дахиа зүүдэллээ. Сүүлд зүүдлэхдээ өнөөх чинь бүр мэргэжилтэн болцон байгаан бишүү. Хуй ирж байгааг харангуутаа "За одоо барилга найгана, тэгээд л нурна" гэж бодоод л гэрийнхээ нэг буланд шигдээд суугаад байгаам. Барилга нурж байхад нь яаж ийж байгаад л хэдэн шал дамжаад гүйгээд байгаан. Гэхдээ хаашаа гүйж байгаан мэдэхгүй. Тэгээл доошоо цөмрөөд л унасан. "За төвөг төвөг, үхчий ерөөсөө" гээл аймар дуулгавартайгаар доошоо унаж байсан чинь миний дор унаж явсан хүн нэх эвгүй хүзүүгээрээ барилгын хана мөргөөд л уначихдын. Гэнэт аймар санагдаад. Бариад тогтчих юм хайгаад л гараа сарвалзуулаад. Тэгсэн гэнэт хажууд Мэндээ гараад ирчихсэн "Үхүүл үхээч дээ. Тэртэй тэргүй гэрийнхэн чинь үхчихсэн юм чинь чамайг үхлээ гээд юу ч болохгүй ш дээ" гэхийн. Тэрийг нь сонсонгуутаа яагаадын мидкү бүр амьд үлдэх хүсэл төрөөд. Тэгээ нэг юмнаас бариад амьд үлдсэн л дээ. Тэгээл хуйны араас бөөн ус ороод л ирсэн. Тэр хооронд амьд үлдсэн хүмүүс нь нэг усан онгоцонд суух гээд оочирлож байхын. Би нэг жижигхэн, хот руу ороход өгдөг 500 төгрөгний тасалбар шиг юм барьчихаж. Тэгээ хажууд байгаа хүндээ "Бид нарыг усан онгоцоор авч явах гэж байгаа бол энэ заавал хэрэгтэй байдын байналээ. Би өмнө нь явж байсан" гээл ярихын. Тэгснэээ "Нээрээ усан онгоцоор явахад сонин сонин зураг дарах байх даа, камераа авч явнаа" гээл хаанаасчийн мидкү камераа олоол үүрчихлээ. За тэгээл усан онгоцондоо суугаал явлаа. Маангар том усан онгоц. Эргэн тойрон тэнэг их ус. Бүх барилга нураад, нуранги нь усан дор ороод юу ч үгүй болчихсон. (Өмнөх нэг ийм зүүдэндээ би живээд үхчих шиг болсон ш д нээрээ) Гэнэт усан онгоц тэнэг өндрөөс унаад. Би яагаад гэнэт зүүдэндээ өндрөөс айхаа больсноо одоо болтол ойлгоогүй л байгаа. "За нэлээн хүчтэй бууна даа" л гэж бодож байгаам. Хүчтэй ч буусан угаасаа. Тийм өндрөөс, тийм тэнэг том онгоц буухаар чинь аргагүй ш д. Яг энэ хэсгийг хүртэл 3 зүүд гурвуулаа яг адилхан үйл явдалтай. Усан онгоц эвдэрнэ. Нэгэнд нь би живээд дууссан байх. Нөгөөд нь живэнгээ алдсанаа, мэргэн санаа гаргаад хийлдэг нэг юм олоод усны мандал дээр гараад ирж байсан. Харин энэ удаад, урсдаг шаттай нэг байшин руу орчихсон. Нээрээ энэ урсдаг шаттай байшинг бас байнга зүүдлэхийн. Эргэн тойрон битүү урсдаг шат. Хаа хүрэхээс шалтгаалж аль нэгэн дээр нь очдог. Заримдаа тэр нь гажигтаад тэнэг хурдан яваад, хүмүүс унаж үхээд байдаг. Энэ урсдаг шатыг өмнө нэг зүүдлэхэд, яг миний урд явсан нэг хүн хэтэрхий хурдан явснаас нь болж утсаа алдаад, би шүүрч авч байсын. Бас байнга буруу шатандаа суугаад төөрчихнө. Энэ удаад харин зөвийг нь олж суусым шиг байгаан. Зүгээр урсаж явж байгаад нэг байшингийн хаалгаар гараад ирсэн. Гарч ирсэн хаалга нь СТӨ л юм шиг байгаан. Хот зүв зүгээр :Ь
Хуучин зураг ухав ..,




Тэнд бороо намуухан шивэрнэ
Тэгэхдээ хэзээ ч зогсдоггүй.
Нар гардаггүй учир
Солонго мэдээж татахгүй.
Цас ч бас орохгүй,
Солигдох улирал гэж үгүй.
Аянга цахилгаан цахихгүй,
Аадар болж ч ширүүсэхгүй.
Ердөө л шиврэх бороо
Ертөнц доторх миний ертөнцөд.

Хүн,
Эсвэл
Хэн нэгэн гэж
Хэлэгдэхийн тулд
Хуулбарласан олон шиг
Орших ёстой юм бол
Хүн байхаа больё,
Хэн нэгэн ч байхаа больё,
Хэн ч бишээр үлдье.
Ер нь
Үлдэхээ ч больё.

Зурхайч хэмээгч ирж гарын алгыг минь дэлгэн харна. "Би амьдралын чинь шугамыг харъя .., Амьдралын чинь .., Амьдралын .., Шугам .., Чиний .., Шугам .., Зураас .., " гацна. Над руу гайхан харна. Би тавлан инээнэ. Тэр шугам хаана ч зурагддаггүй юм. Намайг өөрөө зурахаас нааш.

Тэр юуг ч мэдрэхийг хүсээгүй. Тэгж болох ганц зам нь "үл оршихуй" байсан. Тэгээд л тэр үсэрчихсэн.
Хэн нэгэнтэй учир зүггүй яримаар санагдаад хэд хонолоо. Учир зүггүй гэдэг нь, би нэг яриад ирэхээрээ хажуудах маань сонсож байгаа үгүйг анзаарахгүйгээр арваад минут тасралтгүй шулганаад дуусдын. Ингэхийг маань үзсэн хүн цөөхөн л дөө. Цөөхөн ч гэж, ер нь бол ганц л даа. Гол нь, ярих хүн олдсонгүй үнэндээ. Шулганааг маань сонсдог хүнтэй ярьж болох байсан хэдий ч, миний ийм байдалтай байх яриа тэр хүнийг шаналгахыг мэдэх болохоор ярьсангүй. Надад тэр хүнийг шаналгах ямар ч эрх байхгүй. Бодож бодож, нэг хүнийг олсон. Тэрэнтэй ярихад ямар ч садаа байдаггүй л дээ. Намайг сайн сонсох л байх. Гэхдээ яагаад ч юм тэр миний яриаг дуулгавартайгаар сонсож байгаа хэрнээ, хажуугаар нь бас намайг шоглоод байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм. "Ишшш, чи минь дээ, ийм ч гэнэн тэнэг юм бодож явах гэж" гэж хэлэх гээд байгаа ч юм шиг. Тэгэнгүүт над шиг өрөвдүүлэх дургүй хүн яахав, уур хүрэх нь тодорхой. Тэгээд л яриагүй. Гэхдээ бас, яг юу ярих гээд, яримаар байгаагаа сайн ойлгоогүй л. Яриаг минь сонсох аруун зуун мянган найзууд байна. Гэхдээ гол нь, тэдэнтэй биш, өөр "хэн нэгэнтэй" яримаар байгаад л гол нь байна. Амьдралынхаа гуравны нэг хэсгийг ердөө л хэн нэгнийг мартахын тулд өнгөрөөж. Хямдхан цаг хугацаа. Харин яагаад ч мартахгүйгээ мэдсэнээр, мартах гэж оролдохоо ч болихоор шийдсэн нь саяхан. Харин одоо юуны тулд амьдрах уу? Асуулт.
Инээмсэглэх тоолонд биед нь сорви тогтдог бүсгүй. Өөрийн гадаад үзэмжинд санаа тавьсандаа тэрээр хэр барагтай инээмсэглэдэггүй. Цөөхөн хэдэн сорвитой байсан тэрээр нэг л өдөр нэгэн залууд хайртай болов. Харин хайртай залуу нь "Инээмсэглэж байгаа бүсгүй л хамгийн үзэсгэлэнтэй" гэж байнга ярих. Бүсгүй шахаанд оров. Хайртай залуудаа үзэсгэлэнтэй харагдахын тулд өөртөө сорви нэмэн байж инээмсэглэх үү, аль эсвэл хэзээ ч инээмсэглэхгүй байсаар, өөрийн "үзэсгэлэнг" хайртай залуудаа харуулахгүй байсаар дуусах уу. Магадгүй, хаягдах уу. "Гэхдээ би инээмсэглээгүй байсан ч үзэсгэлэнтэй шүү дээ" гэж цөхрөн бодох. Гэсэн ч тэр инээмсэглэсэн. Хайрт залуугийнх нь таашаал өөрөөс нь илүү үнэтэй байсан тул. Эцэст нь, биеэрээ дүүрэн гүн гүнзгий сорвитой болсон тэрээр ганцаар үлдсэн. Гэхдээ, сорви бүрээ харан, өөрийн жаргалтайгаар инээмсэглэж явсан мөчүүдээ санан инээмсэглэсээр.
Нүдэн дотор минь
Чамаас өөр юу ч хэрэггүй
Нүдэн дотор минь
Чамаас бусад бүх юм ..,
Хэнд ч би
Уйлахаа,
Уйлмаар санагдсанаа,
Уйлснаа
Хэлэхгүй.
Хэн ч
Уйлдаг гэдгийг,
Уйлах шалтгаантайг,
Уйлсаар суудгийг
Мэдэхгүй.
Ирэх өдрүүдэд төрөх
Итгэл даанч байхгүй,
Ирээдүй гэж үгүй.
Маргааш гэдэг
Миний барж ядсан
Өнөөдрийн үргэлжлэл.
Над шиг жаргалтай хүн
Ингэхэд байна уу?
Навчис ургахыг хараад
Инээгээд л.
Нар мандахыг хараад
Инээгээд л.
Нар жаргахыг хараад
Инээгээд л.
Намар ирэхийг хараад
Инээгээд л.
Намайг гомдоогсодыг хараад
Инээгээд л.
Надгүй жаргагсадыг хараад
Инээгээд л.
Намайг өвтгөхийг хараад
Инээгээд л.
Намайг шаналгахыг хараад
Инээгээд л.
Инээж дуусаад
Нэг л удаа
Санаа алдана.
Цэцэгс нахиалж, ногоорч
Ургаж.
Би чамайг санасаар.
Цэцэгс дэлгэрч, үнэртэж
Унаж.
Би чамайг санасаар.
Цэцэгс үгүйрч,
Би санасаар.
Өнөөдрөөс эхлээд би
Өөрийг чинь хайрлахаа болино.
Өөр хэнийг ч, хэн бүхнийг ч
Хэнийг ч хайрласан хамаагүй.

Өнөөдрөөс эхлээд би
Өөрийнх чинь байхаа болино.
Өөр хэнийх ч, хэн бүхнийх ч
Хэнийх ч болсон хамаагүй.

Өнөөдрөөс эхлээд би
Өөрөөрөө оршихоо болино.
Өөр хэн ч, хэн бүхэн ч
Хэн ч байсан хамаагүй.

Ингээд ахиад л "төрөх" шив дээ :санаа алдах:

Дуусав :хөлсөө арчих:
Уйлах уу?
Үгүй ядаж мэгших үү?
Бүр санаа ч алдахгүй гэж үү?
Би ингэхэд юу хүсээд байнаа?
Чамайг шаналахыг уу?
Чи зүгээр л инээмсэглээсэй.
Хэн бүхний зүрхшээдэг ертөнцөд
Ойлгоогүй хэдий ч орохоосоо эмээгээгүй
Өөрт чинь би хайртай.


\Хэзээ нэгэн цагт үргэлжилж магад\
Гуниг гэж
Гараас чинь атгасан ч
Зүрх догдлохгүй байх,
Нэрийг чинь шивнэсэн ч
Хоолой чичрэхгүй байх,
Шаналахыг чинь харсан ч
Сэтгэл өвдөхгүй байх.
Тэгсэн атлаа
Дэргэдээ байлгасаар байх.
Төрсөн байрны маань урд нэг томоо тайз засчихсан, нэг залуу юуны ч тухай юм ярина. Би холоос тэр залууг хараад инээгээд л зогсоод байхын. Залуу ч намайг өөр рүү нь хараад байгааг мэдсэн бололтой, тайзнаас бууж ирээд "Би чамайг таних билүү?" гэхээр нь би инээгээд, "Үгүй ээ" гэчихээд их л сэтгэл хангалуун яваад өгөх юм. Би юунд сэтгэл хангалуун байв???

Олоон жилийн өмнө, би 5 орчим настай байхдаа нэг хүүтэй их л дотно найзууд байна. Тэрэнтэйгээ найзалсаар бараг л 17 орчим настай болов уу даа.

Кадр солигдоно. Би хорвоогийн хамгийн гунигтай хүн болсон байхын. Хамтдаа өссөн нөгөө хүүгээс л болсон бололтой. Харин тэр дэргэд минь байсангүй. Тэр хааччихав???

Ахиад л кадр солигдоно. Би өнгөрсөн рүү явж чаддаг болжээ. Намайг гуниглуулсан өнөө хүү маань хаашаа алга болсныг мэдэхээр өнгөрсөн рүү явна. Гэрийн хажуугийн дэлгүүрийн үүдэнд бид 2 салж байх юм. Би салж өгөхгүй зууралдана. "Үгүй ээ, битгий яв. Энэ өдрөөс хойш би чамайг хараагүй шүү дээ" гээд л уйлаад байх юм. Харин өнөөх маань инээгээд, "Чи өнгөрсөнд нэг зүйлийг анзаараагүй өнгөрөөсөн. Тэрийг олчих юм бол чи миний хаашаа явсныг мэднэ" гээд яваад өглөө. Би өнгөрснөөрөө их л соргог явлаа. Тэгтэл, нэг өдөр надад 2 цахилгаан иржээ. Яг л дээр үеийнх шиг. Цаасан дээр бичсэн цахилгаан. Би хэзээ ч цахилгаан авч үзээгүй. Гэхдээ яг тийм л байдаг болов уу. Яагаад тэр 2 цахилгааныг анзааралгүй өнгөрөөснөө мэдэхгүйм. Нэг нь түүнээс иржээ. Ууг нь их л олон жил найзалсан хүмүүс байсан. Тэгсэн мөртлөө түүнээс ирсэн цахилгаан дээр "Хэзээ надад жинхэнэ нэрээ хэлэх гэж байна даа?" гээд инээсэн дүрс. Харин нөгөө цахилгаан дээр ... Түүнийг нас барсан тухай бичсэн байсан. Би тэр 2 цахилгааныг гартаа атгаад урьд өмнө амьдралдаа байтугай, зүүдэндээ уйлж үзээгүйгээрээ цурхиран уйлсан. Аймшигтайгаар. Тэгээд гэнэт бодсон. Би түүнтэй таараагүй бол тэр үхэхгүй байсан байх гэж. Тэгээд өнгөрсний улам гүн рүү очсон. Бүгдийг өөрчилсөн юм байлгүй. Тэр өнөөдөр амьд сэрүүн, ээжийн байрны гаднах тайзан дээр зогсож байна. Би юунд сэтгэл хангалуун байснаа ойлгов. "Тэр амьд байна".

Зүүд л дээ үнэндээ. Гэсэн ч би үнэн сэтгэлээсээ шаналж уйлж байсан. Сэрээд хэсэгтээ л шокноос гараагүй.

Бас нэг юм. Эрвээхэйн нөлөө гэдэг киноноос болсон байж магадгүйм. Гэхдээ би тэр киног ойрд үзээгүй. Зүгээр л "Яагаад?" гэдэг өнөөх асуулт ахиад л гараад ирсэн. Магадгүй, хэзээ ч хариулт үгүй үлдэх асуулт байх ..,
Туулахыг хүсээгүй
Өвөл, хавар, зунууд минь
Та нарыг тоолгүй өнгөрөөчихвөл
Намар шиг гомдолгүй үлдэж чадах уу?
Чамайг л хайж
Амьдрал руу ороод,
Чамайг ч,
Өөрийгөө ч
Олоогүй.
Бид тэнд байдаггүйг,
Байх ч боломжгүйг
Ойлгоогүй явснаа
Ойлгох.
Тэрээр олон жилийн туршид нандигнаж, магад бас найдаж ирсэн бодол хүслүүдээ зүгээр л хааяа нэг санаж байх дурсамж болгохоор шийдсэн. Гэвч тэр, дурсамж гэдэг бол, өнгөрснөөс өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадсан, хэзээ ч мартагдашгүй мөчүүд юм гэдгийг ухаарсангүй. Өдөр бүр л өнөөх бодлуудаа оршуулахаар нүх ухна. Ухсаар л. Мартахын тулд ухсан нүх нь том болохын хэрээр өнөөх бодлууд өдөр болгон амилсаар. Өдөр өдрөөр улам л тодорсоор. Эцэст нь тэр өөрөө, өнөөх ухсан нүхэндээ, хэзээ ч мартаж чадамгүй өнгөрсөнтэйгээ үүрд булагдав. Амьдаараа.
Шувууд байсан
Бүгд нисэлдээд л.
Гэнэт харин
Бүгд алхах болсон.
Гайхан асуутал
Бүгд "амьдарч эхэлсэн" гэсэн.
Чамд илгээх
Анхны болоод
Сүүлийн захидлаа
Шоронгийн шалан дээр
Эвхрэн байж
Бичнэ чинээ санасангүй.
Би ялтан,
Чиний хадгалуулсан
Хайрыг алчихсан
Цаазын ялтан.

Энэ дуунд хэзээ дуртай болсноо санахгүйм. Ямар ч байсан одоо ч хүртэл дуртай л юмдаг.
:)

My brown eye ..,



Чамайг хараад
Догдлох-уй.
Чамайг хараад
Баярлах-уй.
Чамайг хараад
Хайрлах-уй.
Уйт
Хайр, баяр, догдлол минь
Намайг
Гунихруулах-уй.
Миний
Инээмсэглэл.
Инээм-Сэглэл.
Сэглэгдсэн инээд.
Сэг.
Чамруу хараад.
Чи "Зүгээр л" миний инээмсэглэх шалтаг .., Нэг ч гэсэн шалтаг байгаад баярлах-уй.
Ямарваа нэгэн зүйл яагаад дуусдаг вэ? Яагаад гэвэл, дараагийнх нь зүйл эхлэх хэрэгтэй болсноос ..,
Салхи нь хүртэл надаас цэрвэн
Холуур үлээх үдшээр
Нэрийг минь санахгүйг хичээгсэд
Цонхон цаана зөрөлдөнө.
Хөнгөн утаа хөшиглүүлэн
Тэднийг ширтэн зогсоход
Сэтгэл тэнийн уужрах нь
Хорвоод мартагдсаны баясал.

Дотор буй бүхнээ
Чин үнэнээр нь
Ил гаргавал
Хэдэн хүн
Дэргэд минь
Тэсч үлдэх бол?
Хэн ч орж чадаагүй
Тиймдээ ч
Хэн ч үгүй,
Үнэндээ
Хэн ч хэрэгтэй байгаагүй,
Хоосон ч юм шиг атлаа
Хэн бүхэнтэй
Түлхэлдээд ч байгаа юм шиг
Хэтэрхий давчуу, бас
Хэн ч үл сонирхом уйт
Хэмнэл үгүй амьдрал.
Модел болж үзэв гэссс :Ь




Чамайг би
Хар дээр
Цагаанаар зурлаа.
Цайран гэрэлтэх төрх чинь
Над руу
Инээмсэглэдэг байлаа.
Цаг хугацаа улирах тусам
Чиний төрх бүдгэрсээр,
Харин цаас нь цайрсаар
Нэг л өдөр
Саарал цаасан дээрх
Саарал төрх чинь
Ялгарч харагдахаа болив.
Харагдахаа байсан
Чамайг би
Мартаж эхлэв.
Төд удалгүй
Цаас цагаарсаар,
Чи харласаар,
Цагаан дээрх
Чиний хар төрх
Над руу
Хөмсөг зангидан ширтэх болов.
Дэргэд минь үүрд үлдэх гэсэндээ
Тасалж хаясан далавчийг чинь
Дэргэдээс чинь зугтах гэсэндээ
Өөртөө залгаад, холын холд одчихсон.
Одоо л тайтгарлаа
Хүлээснээс суллагдсан мэт.
Одоо харин хаачих билээ
Хүлэгдсэн уяандаа дасчихаж?
Моби-гийн урьдчилсан төлбөрт дугаар авах гээд очиж байгаам. Үүдэнд нь очсон чинь хувцсаа өлгүүл гээд. "Би дотроо ганц майктай байгаа, өлгүүлэхгүй" гээд өлгүүлсэнгүй. Тэгсэн хажуугийн хаалганаас нь нэг залуу гарч ирээд, гартаа баахан эм барьчихсан. Эм болгоноосоо нэг ширхэгийг өгөхийн. "Яаж байгаан?" гэсэн чинь "Галзуурцымаа" гэсэн, хаха. Тэхээр нь "Ханиад хүрчихээд танайд ирж үнэгүй эм аваад баймаарым бишүү" гэчээд дотогшоо орлоо. Нэг том зааланд арваад хүн суучихсан. Эхлээд дугаараа сонгоод, дараа нь тэр арваад хүн тус бүр дээр очиж бүртгүүлэхийн гэнэ. Нэгэнд нь хурууны хээгээ, нөгөөд нь регистэрээ энэ тэр гээл. Тэгээл дугаараа сонгох гээл нэг мангар том хар машины өмнө ирлээ. Үүдээр орж ирэхдээ авсан тасалбараа шургуулдын байна. 0501 гэсэн дугаар л авчих гээд үзээд байхын. Даанч харж харж дарангуут л лаг зэвүүн аль нэг нь заавал буруу ороод. Бөөн л юм боллоо. Тэгж тэгж 89-р эхэлсэн нэг дугаар гараад ирсэн. "Моби-д бас 89-р эхэлсэн дугаар байдымуу?" гээл гайхаад асуусан чинь нэг хүүхэн "Аа энэ харин манай ... үйлчилгээний дугаар" гээд. Ямар үйлчилгээ гэснийг нь мартчиж. Тэгээ нөгөө дугаараа харж жаахан зогсож байснаа, "Арай л мангар дугаар юмаа, болий. Ер нь одоо барьж байгаа дугаартайгаа төстэй дугаар хайя" гээл ахиал хайлаа. Лаг зэвүүн нөгөө муу машин нь бас л буруу дугаарууд дарагдаад л. Сүүлдээ халууцаад куртикээ тайлчиж. Тэгснээ бас, "Дотроо ганц майктай гээ худлаа хэлцэн. Нөгөө үүдний хүн намайг харж байгаа болуу?" гэж бодоод байгаамаа. Ер нь яах ч гэж дугаар авах гээд байгаам. Үнэн тамтай. Ерөөсөө оруулж байгаа дугаарууд нь зөв гарч ирэхгүй. Байнга буруу тоо дарагдаастай. Ашгүй утсанд смс ирж сэрсэн :Р
Ганцхан асуулт л толгойд өдөржин байсан.

Яагаад?

Хариултыг нь олчих шиг боллоо дөө. Үүнээс хойш, түүнээс цааш мартъя даа. Баяртай. :)
2013.02.22 19:45

Би дөнгөж сая ОН-г олов. Гэртээ ганцаараа аймшигтай чангаар орилов. Яагаад Солонгост байгаа гэж бодоод байснаа мэдэхгүйм. Гэвч тэр үнэхээр Солонгост байна. Эсвэл байж.

Гэхдээ, гэнэт олсондоо айгаад эхлэв. Олсон газар руугаа эргээд орж чадахгүй л сууна.
Дарамтлагч байхын нэг сайн тал нь, ингээл хүнээр дуу дуулуулаад сууж болдогт оршино нтр :Ь

Хундаганы үг: "Биштий шаацгаа, өөрсдөөрөө байх зориггүй муухан жүжигчид!" л гэе даа.
"Нүд чинь хавдчихаж" гэхэд нь
"Заан гишгэчихсэн юмаа" гэнэ.
"Харц чинь шаналчихаж" гэхэд нь
"Шал мөргөчихсөн юмаа" гэнэ.
"Зовхи чинь унжчихаж" гэхэд нь
"Давхраагаа арилгачихсан юмаа" гэнэ.
Хэзээ би хэн нэгэнд
"Би уйлчихсан юмаа" гэж
Хэлэх зүрхтэй болох бол?
Санаж шанална,
Үнсүүлж тайтгарна.
Тэгээд,
Гомдож шанална,
Үнсүүлж тайтгарна.
Тэгээд,
Тунирхаж шанална,
Үнсүүлж тайтгарна.
Тэгээд,
Хардаж шанална,
Үнсүүлж тайтгарна.
Тэгээд бас,
Хууртаж шанална,
Үнсүүлж тайтгарна.
Эцэст нь
Үнсүүлж шанална.
Уучлаарай хүмүүсээ. Санамсаргүй нэг товч дараад та нарын бичсэн байсан комментуудыг устгачихлаа. Өөрөө ч харж амжаагүй байж :(
2013.02.14

Сэтгэл нэг л сайхан байгаа дээрээ нэг юм бичээд үлдээчий даа. Дараа шизотсон үед уншаад сэтгэл сэргэж  юуны магад нтр.
Хүнд, хүмүүст, нэг тийм нандин, өөрснөө л ойлгох, мэдэх юм байх гоё ч юм шиг. Өөрснөөс нь өөр хэн ч ойлгохгүй, ойшоохгүй. Тэгсэн хэрнээ өөрсдөд нь мангар чухал нэг тийм зүйл :)

HE: " ..." сонсжийна  :)
ME: Сонсгох гэж оруулсын угаасаа  :)

Дуугаа дуулж өгсиймчин :D
Бухимдал
Жижигхэн шүдээрээ
Ясыг минь
Аажимхан мэрж,
Бачуурал
Том амаараа
Махнаас минь
Тасдан зажилна.
Эднийг л тэжээх гэж
Би "байгаа" хэрэг.
Би зугтмаар байна. Хүмүүсээс, амьдралаас, элдэв харилцаанаас, мэдээж бас хараал идсэн үүрэг хариуцлагаас. Амьдарч болохым. Гэхдээ, хүмүүсгүй, харилцаагүй, амьдралгүй, тийм амьдралаар. Би харанхуй гэртээ ганцаараа бүгээд л өдөр хоногуудыг өнгөрөөмөөр байна. Хэрвээ өнгөрөөх шаардлагатай өдөр хоногууд байгаа бол шүү дээ. Би залхаж байна. Хэтэрхий их энэ олон хүнээс. Хэтэрхий өндөр шаардлагатай энэ хариуцлагуудаас. Хэтэрхий төгс байх ёстой гэсэн энэ амьдралаас. "Хэтэрхий" нь ихэдчихээд байгаа миний "жижигхэн" амьдрал. Би хэн ч биш. Би жив жирийн л нэгэн. Магадгүй бүр жирийнээс ч илүү сонирхолгүй этгээд байх. Яагаад хүмүүс тэгж бодохгүй байгааг ойлгохгүй байна. Ойлгох гэж хичээснээс төгсгөл болгосон нь илүү хялбар байх. Бухимдал ..,
Зугтах оролдлого ..,
"Би энд баймааргүй байна" гэж
Хамаг чангаар бахирахыг хүсэвч
"Би, би энд үлднээ" гэж
Хүлцэнгүйгээр амандаа шивнэх.
"Би"-гээрээ орших боломж үгүй
Битүү энэ өмхийрсөн нүхээ
"Баялаг амьдрал" гэж
Бахдан гуагална, гутмаар.
Бүсгүй: "Үүрд" гэдэг урт хугацаа гэдгийг би мэднэ. Гэсэн ч би чамайг "Үүрд" хүлээсээр байх болно.
Залуу: "Мартах" гэдэг амархан зам байхад өөрийгөө тэгж зовоох хэрэггүй.
Бүсгүй: Чамайг хүлээх хугацаа "Үүрд" байсан ч намайг зовоож чадахгүй.

"Үүрд"-ийн хугацааны дараа:

Бүсгүй: Би чамайг "Үүрд" хүлээж чадлаа.
Залуу: Уучлаарай, өөрөө хэн билээ?
Орхи
Зүгээр л орхи.
Мартахгүй чинь хамаагүй,
Хайрлах чинь хамаагүй,
Санах чинь хамаагүй
Хүлээх чинь ч хамаагүй.
Зүгээр л орхи.
Би орхигдмоор байна,
Та нарт.




Нүүрээ будаж үзсэн өрөөсөн хөмсөгт :Ь
Надтай надгүй
Гол урсдагаараа урсаж,
Гол хөлддөгөөрөө хөлдөж,
Гол гэсдэгээрээ гэсэж,
Гол үерлэдгээрээ үерлэнэ.

Надтай надгүй
Модод ургадгаараа ургаж,
Модод нахиалдагаараа нахиалж,
Модод шарладгаараа шарлаж,
Модод хатдагаараа хатна.

Надтай надгүй
Бороо дусалдагаараа дусалж,
Бороо ширүүсдэгээрээ ширүүсч,
Бороо шивэрдгээрээ шивэрч,
Бороо ордогоороо орно.

Надтай надгүй
Цас хаялдагаараа хаялж,
Цас хайлдагаараа хайлж,
Цас мөстдөгөөрөө мөстөж,
Цас шуурдагаараа шуурна.

Надтай надгүй
Хүмүүс дурладгаараа дурлаж,
Хүмүүс хайрладгаараа хайрлаж,
Хүмүүс гэрлэдгээрээ гэрлэж,
Хүмүүс үрждэгээрээ үржинэ.

Голтой голгүй,
Мододтой мододгүй,
Бороотой бороогүй,
Цастай цасгүй,
Хүмүүстэй хүмүүсгүй
Хором бүрт би
Үхдэгээрээ үхсээр.
Чамайг гэрлэснийг дуулаад
Чангаар хөхөрлөө, нулимсаа арчаад л.
Хөхрөөд л, хөхрөөд л, хөхрөөд л
Нулимсаа арчаад л.
Хөхрөөд л, хөхрөөд л
Нулимсаа арчаад л.
Хөхрөөд л
Нулимсаа арчаад л.
Нулимсаа арчаад л,
Нулимсаа арчаад л..,
Мэгшээд л.
Харсан бүхэн ховсдуулж, өөрийгөө ч мэдрэхээ байдаг
Хачин нөлөөтэй чиний инээмсэглэлд автагсад
Харцан дахь гунигийг чинь олж хардаггүйд
Хааяа би баярлах ч шиг болдог нь
Харж чадсан ганц миний өмч гэх
Харамлах сэтгэлийнх юм болов уу.
Шулуун, муруй,
Дардан, энхэл донхолтой,
Буцаж эргэсэн, урагш тэмүүлсэн,
Хэн нэгэнтэй мөргөлдсөн, хэсэгтээ саатсан,
Зогсолтгүй хурдалсан, чигээ алдан төөрсөн
Аль нь ч тохиолдсон чи бидний зам
Үргэлж зэрэгцээ оршихоос,
Огтлолцох цэг үгүй.
Энэ хотод
Хэдэн сая хүн амьдардаг ч
Тэд хоорондоо огт ярьдаггүй,
Нэг нэгэндээ хэзээ ч дурладаггүй,
Хайр гэдэг үгийг ч мэддэггүй.
Биесээ хялайн харсаар зөрөлдөж,
Боломж олдох бүрийд нэгнээ хөнөөж,
Шинээр ирэгсэдийг зүхэж,
Шороонд булагсадаа харан баярлана.
Энэ хот анх үүсэхдээ
Оршин суугчид нь огт өөр байсан тухай
Гучин хэдэн жилийн тэртээх амьдралыг
Мэдэх хүмүүс тун цөөн үлдсэн.
Тэр цөөнх
Хот нь ямар цэвэрхэн,
Ямар их хайраар дүүрэн,
Хаа сайгүй аз жаргал байсан тухай
Гунигтайхан дурссаар өөд болцгооно.
Энэ хотыг
МИНИЙ БИЕ гэдэг.

Өөрийг минь
Зовж байна гэж зүүдэлчихээд
Зүгээр эсэхийг минь шалгах гэж ирдэг
Зүүдэндээ итгэгчид би хайртай.

Өөрийг нь
Хэзээ ч бодож байгаагүй гэж
Халамцах бүртээ гомдоллодог
Хошуугаа унжуулагчид би хайртай.

Өөрөө л ганцхан
Өөрийг минь гэдэг гэж
Өрөөл бусдын сэтгэлийг үгүйсгэдэг
Өөртөө итгэлтэй жаалд би хайртай.