Нүүрээ будаж үзсэн өрөөсөн хөмсөгт :Ь
Надтай надгүй
Гол урсдагаараа урсаж,
Гол хөлддөгөөрөө хөлдөж,
Гол гэсдэгээрээ гэсэж,
Гол үерлэдгээрээ үерлэнэ.

Надтай надгүй
Модод ургадгаараа ургаж,
Модод нахиалдагаараа нахиалж,
Модод шарладгаараа шарлаж,
Модод хатдагаараа хатна.

Надтай надгүй
Бороо дусалдагаараа дусалж,
Бороо ширүүсдэгээрээ ширүүсч,
Бороо шивэрдгээрээ шивэрч,
Бороо ордогоороо орно.

Надтай надгүй
Цас хаялдагаараа хаялж,
Цас хайлдагаараа хайлж,
Цас мөстдөгөөрөө мөстөж,
Цас шуурдагаараа шуурна.

Надтай надгүй
Хүмүүс дурладгаараа дурлаж,
Хүмүүс хайрладгаараа хайрлаж,
Хүмүүс гэрлэдгээрээ гэрлэж,
Хүмүүс үрждэгээрээ үржинэ.

Голтой голгүй,
Мододтой мододгүй,
Бороотой бороогүй,
Цастай цасгүй,
Хүмүүстэй хүмүүсгүй
Хором бүрт би
Үхдэгээрээ үхсээр.
Чамайг гэрлэснийг дуулаад
Чангаар хөхөрлөө, нулимсаа арчаад л.
Хөхрөөд л, хөхрөөд л, хөхрөөд л
Нулимсаа арчаад л.
Хөхрөөд л, хөхрөөд л
Нулимсаа арчаад л.
Хөхрөөд л
Нулимсаа арчаад л.
Нулимсаа арчаад л,
Нулимсаа арчаад л..,
Мэгшээд л.
Харсан бүхэн ховсдуулж, өөрийгөө ч мэдрэхээ байдаг
Хачин нөлөөтэй чиний инээмсэглэлд автагсад
Харцан дахь гунигийг чинь олж хардаггүйд
Хааяа би баярлах ч шиг болдог нь
Харж чадсан ганц миний өмч гэх
Харамлах сэтгэлийнх юм болов уу.
Шулуун, муруй,
Дардан, энхэл донхолтой,
Буцаж эргэсэн, урагш тэмүүлсэн,
Хэн нэгэнтэй мөргөлдсөн, хэсэгтээ саатсан,
Зогсолтгүй хурдалсан, чигээ алдан төөрсөн
Аль нь ч тохиолдсон чи бидний зам
Үргэлж зэрэгцээ оршихоос,
Огтлолцох цэг үгүй.
Энэ хотод
Хэдэн сая хүн амьдардаг ч
Тэд хоорондоо огт ярьдаггүй,
Нэг нэгэндээ хэзээ ч дурладаггүй,
Хайр гэдэг үгийг ч мэддэггүй.
Биесээ хялайн харсаар зөрөлдөж,
Боломж олдох бүрийд нэгнээ хөнөөж,
Шинээр ирэгсэдийг зүхэж,
Шороонд булагсадаа харан баярлана.
Энэ хот анх үүсэхдээ
Оршин суугчид нь огт өөр байсан тухай
Гучин хэдэн жилийн тэртээх амьдралыг
Мэдэх хүмүүс тун цөөн үлдсэн.
Тэр цөөнх
Хот нь ямар цэвэрхэн,
Ямар их хайраар дүүрэн,
Хаа сайгүй аз жаргал байсан тухай
Гунигтайхан дурссаар өөд болцгооно.
Энэ хотыг
МИНИЙ БИЕ гэдэг.

Өөрийг минь
Зовж байна гэж зүүдэлчихээд
Зүгээр эсэхийг минь шалгах гэж ирдэг
Зүүдэндээ итгэгчид би хайртай.

Өөрийг нь
Хэзээ ч бодож байгаагүй гэж
Халамцах бүртээ гомдоллодог
Хошуугаа унжуулагчид би хайртай.

Өөрөө л ганцхан
Өөрийг минь гэдэг гэж
Өрөөл бусдын сэтгэлийг үгүйсгэдэг
Өөртөө итгэлтэй жаалд би хайртай.





Залуу хүүхэд байхдаа, хүүхэд л гэх байх даа, 20 дөнгөж хүрч явахдаа ОНА-тай анх танилцаж байсан. Сайн найзууд болсон. Үргэлж хамтдаа. Удалгүй ОНА-г нэг залууд маш их хайртайг мэдсэн. Тэр залуугийнх нь тухай ярьж хамтдаа суудаг байсан. Удалгүй залууд нэг л өөр зүйл мэдрэгдээд эхэлсэн. Залуу ОНА-г хайрлаад эхэлснээ мэдсэн. Гэвч ОНА өөр залууд хайртай. Бүр хэтэрхий их хайртай. Тэр залуу нь ч ОНА-д хайртай. Гэвч тодорхой нэг шалтгаанаар тэр хоёр хамт байх боломжгүй.
Удалгүй ОНА ч залууд дасаж тэд хамтдаа амьдрах болсон. Гэхдээ ОНА өнөөх залуугаа хайрласаар байгааг, огтхон ч мартаагүй байгааг залуу мэддэг байсан. Гэсэн ч ОНА өөртэй нь хамт байгаад нь баярладаг.
5 жилийн хамтын амьдралын дараа ОНА түүнээс явчихсан. Зүгээр л явчихсан. Залууд амьдрал утгагүй санагдаж архи ууж эхэлсэн. Ямар ч хамаагүй хүүхнүүдтэй зугаацаж эхэлсэн. Удалгүй тэдгээр хүүхнүүдийн нэг нь жирэмсэн болсон. Залуу гэр бүлтэй болсон. Гэсэн ч ОНА-г санасаар, хайрласаар байсан. Хааяа нэг зориг гарган утсаар ярина. Заримдаа халамцуухан байхдаа уулзах зүрхтэй болно. ОНА түүнийг ярихад, уулзах хүсэлт тавихад хэзээ ч татгалзаж байгаагүй. Яг л анх байсан сайн найзууд шигээ л уулздаг. Яриаг нь анхааралтай сонсож, хааяа нэг зөвлөгөө өгнө. Өөрийг нь хэзээ ч орхиогүйд залуу баярладаг ч хамт байж болохгүй болсон тодорхой шалтгаандаа шанална. Залуугийн хувьд горьдлого төрүүлсэн ч гэх юмуу, найдвар нь тасрахгүй байгаа нэг зүйл нь ОНА ганц бие амьдралаар амьдарсаар байсан нь.
Бүх зүйл эхэлснээс 13 жилийн дараа. Залуу амьдралдаа гутран, ОНА-гаас өөр хэн ч тайтгаруулж чадахгүй сэтгэлийн хямралд орсон. ОНА руу залган, уулзахыг хүссэн. ОНА ч зөвшөөрсөн. Залуу гэрт нь очсон. Үнэхээр ч ОНА түүнийг тайтгаруулж чадсан. Түүнийхээ дэргэд ингээд сууж байгаадаа залуу хагартал баярласан. Гэвч явахаар босохдоо тэр, ОНА-гийн ширээн дээр байх нэг зургийг хараад өнөө их баяр хөөр нь алга болсон. Тэр нь ОНА-гийн 13 жил хайрласаар байгаа өнөөх залуугийнх нь зураг байсан. Залуу сэтгэлээр унасан ч нэг зүйлийг ойлгосон. Тэр энэ олон жил ОНА-г холоос яаж хайрлаж байгаа билээ, ОНА ч бас тэр залуугаа тэгж хайрлаж байгааг.
Тэнгэр дуугарахад
Чи чихээ таглаж,
Харин би инээмсэглэдэг.

Бороо шаагихад
Чи шүхэр дэлгэж,
Харин би хувцасаа нимгэлдэг.

Цахилгаан цахихад
Чи нүдээ аньж,
Харин би чамайг гэрэлд хардаг.
Уйдсан хүний ажил.

Чамайг явснаас хойш хүүхэд нас минь намайг хаяад явсан
Хүүхэд насны гэнэн бодлууд надад ирэхээ байсан

Надад дахиад хайртай болооч
Юу ч асуулгүй хүрээд ирээч
Чамд хайртай хэвээрээ
Охин минь

Цаг хугацаа урсан өнгөрсөөр
Чамайг би бага багаар мартсаар
Амьдрал болж л байна
Хайрт минь

Чамайг явснаас хойш хүүхэд нас минь намайг хаяад явсан
Хүүхэд насны гэнэн бодлууд надад ирэхээ байсан

Чиний тухай бодохоор
Өөрийн эрхгүй дуулмаар
Чамтай авхуулсан зургаа хараад
Би өөрөө өөртөө атаархдаг

Чиний мэддэг байсан хүүхэд байхаа би больсон
Чамайг хайрладаг сэтгэл минь зүрхэндээ үлдсэн

Надад дахиад хайртай болооч
Юу ч асуулгүй хүрээд ирээч
Чамд хайртай хэвээрээ
Охин минь

Цаг хугацаа урсан өнгөрсөөр
Чамайг би бага багаар мартсаар
Амьдрал болж л байна
Хайрт минь

Чамайг явснаас хойш хүүхэд нас минь намайг хаяад явсан
Хүүхэд насны гэнэн бодлууд надад ирэхээ байсан

Чиний мэддэг байсан хүүхэд байхаа би больсон
Чамайг хайрладаг сэтгэл зүрхэндээ үлдсэн
No edit.


Залуу: Энэ амьдралын хаана нь би буруу алхчихав даа?

Бүсгүй: Чи хаана ч буруу алхаагүй. Чи ердөө л, амьдралын алхах зай өгсөн газарт л гишгэлсэн.
2013.01.01

:)