Залуу хүүхэд байхдаа, хүүхэд л гэх байх даа, 20 дөнгөж хүрч явахдаа ОНА-тай анх танилцаж байсан. Сайн найзууд болсон. Үргэлж хамтдаа. Удалгүй ОНА-г нэг залууд маш их хайртайг мэдсэн. Тэр залуугийнх нь тухай ярьж хамтдаа суудаг байсан. Удалгүй залууд нэг л өөр зүйл мэдрэгдээд эхэлсэн. Залуу ОНА-г хайрлаад эхэлснээ мэдсэн. Гэвч ОНА өөр залууд хайртай. Бүр хэтэрхий их хайртай. Тэр залуу нь ч ОНА-д хайртай. Гэвч тодорхой нэг шалтгаанаар тэр хоёр хамт байх боломжгүй.
Удалгүй ОНА ч залууд дасаж тэд хамтдаа амьдрах болсон. Гэхдээ ОНА өнөөх залуугаа хайрласаар байгааг, огтхон ч мартаагүй байгааг залуу мэддэг байсан. Гэсэн ч ОНА өөртэй нь хамт байгаад нь баярладаг.
5 жилийн хамтын амьдралын дараа ОНА түүнээс явчихсан. Зүгээр л явчихсан. Залууд амьдрал утгагүй санагдаж архи ууж эхэлсэн. Ямар ч хамаагүй хүүхнүүдтэй зугаацаж эхэлсэн. Удалгүй тэдгээр хүүхнүүдийн нэг нь жирэмсэн болсон. Залуу гэр бүлтэй болсон. Гэсэн ч ОНА-г санасаар, хайрласаар байсан. Хааяа нэг зориг гарган утсаар ярина. Заримдаа халамцуухан байхдаа уулзах зүрхтэй болно. ОНА түүнийг ярихад, уулзах хүсэлт тавихад хэзээ ч татгалзаж байгаагүй. Яг л анх байсан сайн найзууд шигээ л уулздаг. Яриаг нь анхааралтай сонсож, хааяа нэг зөвлөгөө өгнө. Өөрийг нь хэзээ ч орхиогүйд залуу баярладаг ч хамт байж болохгүй болсон тодорхой шалтгаандаа шанална. Залуугийн хувьд горьдлого төрүүлсэн ч гэх юмуу, найдвар нь тасрахгүй байгаа нэг зүйл нь ОНА ганц бие амьдралаар амьдарсаар байсан нь.
Бүх зүйл эхэлснээс 13 жилийн дараа. Залуу амьдралдаа гутран, ОНА-гаас өөр хэн ч тайтгаруулж чадахгүй сэтгэлийн хямралд орсон. ОНА руу залган, уулзахыг хүссэн. ОНА ч зөвшөөрсөн. Залуу гэрт нь очсон. Үнэхээр ч ОНА түүнийг тайтгаруулж чадсан. Түүнийхээ дэргэд ингээд сууж байгаадаа залуу хагартал баярласан. Гэвч явахаар босохдоо тэр, ОНА-гийн ширээн дээр байх нэг зургийг хараад өнөө их баяр хөөр нь алга болсон. Тэр нь ОНА-гийн 13 жил хайрласаар байгаа өнөөх залуугийнх нь зураг байсан. Залуу сэтгэлээр унасан ч нэг зүйлийг ойлгосон. Тэр энэ олон жил ОНА-г холоос яаж хайрлаж байгаа билээ, ОНА ч бас тэр залуугаа тэгж хайрлаж байгааг.

0 comments: