Хэн нэгэнтэй учир зүггүй яримаар санагдаад хэд хонолоо. Учир зүггүй гэдэг нь, би нэг яриад ирэхээрээ хажуудах маань сонсож байгаа үгүйг анзаарахгүйгээр арваад минут тасралтгүй шулганаад дуусдын. Ингэхийг маань үзсэн хүн цөөхөн л дөө. Цөөхөн ч гэж, ер нь бол ганц л даа. Гол нь, ярих хүн олдсонгүй үнэндээ. Шулганааг маань сонсдог хүнтэй ярьж болох байсан хэдий ч, миний ийм байдалтай байх яриа тэр хүнийг шаналгахыг мэдэх болохоор ярьсангүй. Надад тэр хүнийг шаналгах ямар ч эрх байхгүй. Бодож бодож, нэг хүнийг олсон. Тэрэнтэй ярихад ямар ч садаа байдаггүй л дээ. Намайг сайн сонсох л байх. Гэхдээ яагаад ч юм тэр миний яриаг дуулгавартайгаар сонсож байгаа хэрнээ, хажуугаар нь бас намайг шоглоод байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм. "Ишшш, чи минь дээ, ийм ч гэнэн тэнэг юм бодож явах гэж" гэж хэлэх гээд байгаа ч юм шиг. Тэгэнгүүт над шиг өрөвдүүлэх дургүй хүн яахав, уур хүрэх нь тодорхой. Тэгээд л яриагүй. Гэхдээ бас, яг юу ярих гээд, яримаар байгаагаа сайн ойлгоогүй л. Яриаг минь сонсох аруун зуун мянган найзууд байна. Гэхдээ гол нь, тэдэнтэй биш, өөр "хэн нэгэнтэй" яримаар байгаад л гол нь байна. Амьдралынхаа гуравны нэг хэсгийг ердөө л хэн нэгнийг мартахын тулд өнгөрөөж. Хямдхан цаг хугацаа. Харин яагаад ч мартахгүйгээ мэдсэнээр, мартах гэж оролдохоо ч болихоор шийдсэн нь саяхан. Харин одоо юуны тулд амьдрах уу? Асуулт.
Инээмсэглэх тоолонд биед нь сорви тогтдог бүсгүй. Өөрийн гадаад үзэмжинд санаа тавьсандаа тэрээр хэр барагтай инээмсэглэдэггүй. Цөөхөн хэдэн сорвитой байсан тэрээр нэг л өдөр нэгэн залууд хайртай болов. Харин хайртай залуу нь "Инээмсэглэж байгаа бүсгүй л хамгийн үзэсгэлэнтэй" гэж байнга ярих. Бүсгүй шахаанд оров. Хайртай залуудаа үзэсгэлэнтэй харагдахын тулд өөртөө сорви нэмэн байж инээмсэглэх үү, аль эсвэл хэзээ ч инээмсэглэхгүй байсаар, өөрийн "үзэсгэлэнг" хайртай залуудаа харуулахгүй байсаар дуусах уу. Магадгүй, хаягдах уу. "Гэхдээ би инээмсэглээгүй байсан ч үзэсгэлэнтэй шүү дээ" гэж цөхрөн бодох. Гэсэн ч тэр инээмсэглэсэн. Хайрт залуугийнх нь таашаал өөрөөс нь илүү үнэтэй байсан тул. Эцэст нь, биеэрээ дүүрэн гүн гүнзгий сорвитой болсон тэрээр ганцаар үлдсэн. Гэхдээ, сорви бүрээ харан, өөрийн жаргалтайгаар инээмсэглэж явсан мөчүүдээ санан инээмсэглэсээр.
Нүдэн дотор минь
Чамаас өөр юу ч хэрэггүй
Нүдэн дотор минь
Чамаас бусад бүх юм ..,
Хэнд ч би
Уйлахаа,
Уйлмаар санагдсанаа,
Уйлснаа
Хэлэхгүй.
Хэн ч
Уйлдаг гэдгийг,
Уйлах шалтгаантайг,
Уйлсаар суудгийг
Мэдэхгүй.
Ирэх өдрүүдэд төрөх
Итгэл даанч байхгүй,
Ирээдүй гэж үгүй.
Маргааш гэдэг
Миний барж ядсан
Өнөөдрийн үргэлжлэл.
Над шиг жаргалтай хүн
Ингэхэд байна уу?
Навчис ургахыг хараад
Инээгээд л.
Нар мандахыг хараад
Инээгээд л.
Нар жаргахыг хараад
Инээгээд л.
Намар ирэхийг хараад
Инээгээд л.
Намайг гомдоогсодыг хараад
Инээгээд л.
Надгүй жаргагсадыг хараад
Инээгээд л.
Намайг өвтгөхийг хараад
Инээгээд л.
Намайг шаналгахыг хараад
Инээгээд л.
Инээж дуусаад
Нэг л удаа
Санаа алдана.
Цэцэгс нахиалж, ногоорч
Ургаж.
Би чамайг санасаар.
Цэцэгс дэлгэрч, үнэртэж
Унаж.
Би чамайг санасаар.
Цэцэгс үгүйрч,
Би санасаар.
Өнөөдрөөс эхлээд би
Өөрийг чинь хайрлахаа болино.
Өөр хэнийг ч, хэн бүхнийг ч
Хэнийг ч хайрласан хамаагүй.

Өнөөдрөөс эхлээд би
Өөрийнх чинь байхаа болино.
Өөр хэнийх ч, хэн бүхнийх ч
Хэнийх ч болсон хамаагүй.

Өнөөдрөөс эхлээд би
Өөрөөрөө оршихоо болино.
Өөр хэн ч, хэн бүхэн ч
Хэн ч байсан хамаагүй.

Ингээд ахиад л "төрөх" шив дээ :санаа алдах: