Чи хэн ч болж өөрчлөгдөж болно. Өөрчлөгдөх үгүйг чинь би мэдэхгүй. Бидний харилцаа ч бас юу ч болж өөрчлөгдөж мэднэ. Өөрчлөгдөхгүй ч байж мэднэ. Ерөөс юу ч болсон хамаагүй. Болоогүй ч хамаагүй. Чиний инээмсэглэлийг хараад би инээмсэглэдэг. Энэ байсаар л байх болно. Харахгүй байсан ч гэлээ, чамайг бодохдоо би инээмсэглэдэг. Энэ байсаар л байх болно. Учир нь, инээмсэглэл гэдэг үгийн төлөөлөл бол чи.
Гээв гэнэт солиотой бодол толгойд орох. Би шилжилтийн наснаасаа эхлээд л "шар" "хөвгүүд"-д дуртай байсан.  Тэгсэн мөртлөө миний өнөөдрийг хүртэл уулзаж байсан залуус дунд "шар" хүн "бараг" байгаагүйн байшд :Ь






Миний ертөнцөд
Нар зугаалж
Сар дуулж,
Шувууд бүжиглэж
Модод хөгжимдөж,
Инээд урсаж
Мөрөөдөл нисэж,
Дурлал төрж
Сэтгэл үхэж,
Үүлс чуулж
Бороо мэгшиж,
Нулимс царцаж
Ахуй ханхалж,
Миний ертөнцөд
Мөхөл ирж
Амьдрал л үлдэв.
Маргааш гэдэг
Миний танихгүй өдөр л байлтай.
Гэтэл яагаад
Өчигдөр мэт
Хуучин үнэртэнэ вэ?
Үдэш бүхэн тавцан дээр суун
Үүлс ширтэн тамхи сорохыг,
Шөнө бүхэн нойр хулжин
Шиврэх бороог тоолж хэвтэхийг,
Өдөр бүхэн бодлоосоо нуугдан
Өөрийн чинь нэрийг шивнэхээс зугтахыг
Амьдрах гэдэг бол
Би амьдарч л байна.

Чиний нэрийг мартах өдөр ирвэл
Урьтаж би өөрийнхөө нэрийг мартсан байна.
Чиний төрхийг мартах өдөр ирвэл
Урьтаж би өөрийнхөө төрхийг мартсан байна.
Чиний инээмсэглэлийг мартах өдөр ирвэл
Урьтаж би өөрийнхөө инээмсэглэлийг мартсан байна.
Чиний хэн болохыг мартах өдөр ирвэл
Магад тэр нь миний үхсэн өдөр байна.
Чив чимээгүй аниргүйн дунд
Чаг хийх цагны дууг үл сонсох
аниргүйн дунд
Цохилох зүрхний дууг үл сонсох
аниргүйн дунд
Чангахан амьсгалаа үл сонсох
аниргүйн дунд
Чиний тухай бодон сууна
аниргүйн дунд.
Нэг амьдралд
Хэр их шаналанг,
Хэр их өвдөлтийг,
Хэр их хүлээлтийг,
Хэр их ганцаардлыг тэсэх
Тэвчээрийг заяадаг бол?

Миний бодол, хүсэл, амьдрал
Бусдад хэзээ ч хамаатай байгаагүй шиг
Бусдын бодол, хүсэл, амьдрал
Надад хэзээ ч хамаатай байгаагүй.
Уржигдар ОН-г зүүдэлсэн. Ердөө л ширээний ард сууж байгаагаар. Би хараад "Амных нь хоёр талд яасан ч гүн үрчлээс тогтоов дээ" гэж харамсангуй бодсон. Тэгээд л дуусчихсан. :(

Диди-г 2 шөнө дарааллаж зүүдлэв. Хөөрхөн зүүднүүд байсан. Инээгээд л. :)

Өөр өчнөөн л адал явдалтай зүүднүүд зүүдэлсэн. Бичих гэхээр залхуу хүрээд байхымоо :D
Тоглож дуусаагүй л байна уу
Хувь тавилан минь
Тоглох нас минь
Хэдийн өнгөрснийг санаач.
Чамайг мартахаар зориглосон
Замын уулзварыг өнгөрөөд
Хэчнээн ч явав даа,
Мартсан нь үгүй.
Ингэхэд тэр уулзвар дээр
Би яг хаашаа эргэлээ?
Бороо орохоор л
Чамайг санах юм гэж
Санааширч явсан.
Гэтэл үнэндээ
Чамайг бодохоор л
Бороо ордгийг
Өнөөдөр мэдлээ.
Маргаашнаас эхлээд
Тэнгэр хэзээ ч цэлмэхгүй.
Залхалт. Үе үе ирдэг, мэдрэгддэг нөгөө л залхалт. Гэхдээ энэ удаагийнх арай өргөн хүрээтэй. Хариуцлагаас, хүлээлтээс, хайраас, хэн нэгэн байхаас, амьдрахаас залхав. Угтаа шал утгагүй амьдралтай. Хэзээ ч ирэхгүй зүйлийг хүлээхээ амьдралынхаа бараг л зорилго болгож амьдарна гэж хаашаа янзын амьдрал байдын бэ. "Хэзээ ч үгүй" зүйлийн төлөө амьдрах нь тэгээд амьдрал уу? "Хэзээ ч үгүй" гэдгийг нь мэдээгүй байсан бол ч бас яахав. Тэрийг нь мэдсээр байж ингэж амьдарна гэхээр, үнэхээр дебил гэхээс өөр үг алга. Чухал, нандин, үнэ цэнэтэй гэгдэх юмс алга болоод оронд нь бүх зүйлс "Юу ч биш" гэдэг хэмжигдэхүүн дээр тогтсон. Бүх л юм миний хувьд юу ч биш. Тэр тусмаа хүмүүс. Амьдрах утга учир, зорилго ч үгүй, дээрээс нь амьдралд нь үнэ цэнэтэй зүйл нэгээхэн ч үгүй "хүн" яах гэж амьдрахав? Яахав, ямарваа нэг зүйлийг өөртөө үнэ цэнэтэй болгож болох юм. Эсвэл ямар нэг зорилго бодож олж болох юм. Гэвч аль алиныг нь хийх "хүсэл" гэдэг юм нь мөхчихсөн юм чинь. "Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг" гэж худлаа. Миний "дууссан" нь хаанаа байгаан? Эсвэл би "хүн" биш болчихсон юм болуу? Юуг ч мэдэрмээргүй, хармааргүй, юунд ч, хэнд ч хамааралтай баймааргүй, ер нь угтаа "баймааргүй". Энэ тэгэхээр бас хүсэл болж таарав уу?