Намайг өвтгөх
Хэн нэгэн байвал байг ээ,
Надаас болж өвдөх
Хэн нэгэн л үгүй байг.
Би тэдний
Согтуу үеэр
Төрчихсөн.
Тиймээс л
Тавилангаа өөрөө
Зохиох гэж
Зөрүүдэлнэ.

Бусдын сэтгэлд
Будаг нялж
Булингартуулахгүйн тулд
Бийрээ хугалах.

Өрөөлийн зүрхэнд
Өргөс болж
Өвтгөхгүйн тулд
Өөрийгөө хугалах.

Self portrait ..,




Яг одоо
Чи миний
Живчихэлгүй
Зуурч тогтсон
Цор ганц
Өвсний ширхэг.
Аниргүй шөнө гав ганцаар
Алгандаа зүрхний цохилт багасахыг мэдрэх
Аймшигтай биш юм билээ, харин
Аяндаа л инээмсэглэл төрөх нь гайхам.
Үхэх л гэж төрсөн
Үнэн учраа үл танигсад
Хорвоод мэндлэхээсээ л эхлэн
Хором хормоор үхсээр яваагаа
Ойлгох ч үгүй
Ойлгохыг хүсэх ч үгүй
Амьдарна гэж мөрөөссөөр
Амжихгүй үхэж л дуусна.
Би хаана ч
"Үнэн" амьдраагүй.
Бусдын нүдэнд ч
Бодолдоо ч ..,
"Ирж яваа..."
Энэ л үгийн ид шидээр
Ийм олон сарыг цонхоор ширтэж барсанаа гайхдаг .., Б.Батзаяа

Юу ч гэхэв дээ. "Ирж яваа" гэж бодож байгаагүй ч "Хаа нэгтээ байгаа" гэсэн бодол бас л адилхан байсан. "Хаа нэгтээ байгаа" гэсэн үгийн шидээр ийм олон жилийг барж чадсанаа гайхах. Зүгээр л тэрүүгээр шалтаг хийж өдөр хоногийг өнгөрөөж байсан гэж өөрийгөө хуурмаар байвч хаа нэгтээгээс "Тэгээгүй шүү дээ" гэсэн цөхрөм үнэн өшиглөөд ороод ирэх. Санаа алдалт .., Өөр юу ч үлдээгүй. Бас л худлаа ..,
Өнгөрснийг өнгөрсөнд нь л үлдээ. Өнөөдрийг хүртэл чирж явах юм бол гай л болно гэдгийг өөрийнхөө амьдрал дээр ч батлав. The Great Gatsby ч харуулав.
Чи үхэх үү?
Мэдээж би үхнэ.
Чи яаж үхэх вэ?
Тэрийг би яаж мэдэхэв дээ.
Тэгвэл чи яаж үхмээр байна?
Инээмсэглэж байгаад.
Чи хэзээ инээмсэглэдэг юм бэ?
Үхлийг мэдрэхээрээ.
Миний тухай хэн ч мэдэхгүй. Чиний тухай ч хэн ч мэдэхгүй. Бусдын тухай ер нь хэн ч мэддэггүй. Магад, хүн өөрийнхөө тухай ч тийм ихийг мэддэгүй байх. Өдөр бүр чиний дэргэдүүр өнгөрөх өндөр өсгийт жийсэн, өөдрөг харагдах бүсгүй үдэш бүхэн угаалгын өрөөндөө эвхрэн суун уйлдаг ч юм билүү. Өглөө бүр чамаас ажлын тайлан нэхдэг өндөр дуутай дарга залуу орой бүр толгойгоо тэврэн ганцаар гансардаг ч юм билүү. Юуг ч мэдэхгүй байж шүүмжлэх чи хэн ч юм. Юуг чинь ч таниагүй байж чамайг шүүмжлэх бусад ч хэн ч юм. Гэхдээ л ийм л байдаг.