Би юунд дуртай гээч,
Хүйтэн шар айраг, хатуу тамхи, хүүхэлдэйн кино.
Би юунд дургүй гээч,
Хөндүүр инээмсэглэл, хямдхан сэтгэл, хуурамч хүмүүс.
Би юуг дурсахыг хүсдэг гээч,
Хоолойн өнгө, хөхрөх инээд, хөлчүү төрх.
Би юуг мартахыг хүсдэг гээч,
Хэн байсныг чинь.
Миний сэтгэлийг үү?
Та нар ойлгохгүй ээ.
Хэр өвддөгийг нь үү?
Та нар тэсэхгүй ээ.
Надад юу ч үлдсэнгүй
Чамайг гэсэн сэтгэл
Чамайг гэсэн хайр
Чамайг гэсэн итгэл
Надад юу ч үлдсэнгүй.
Өө, үгүй
Нэг л зүйл үлдэж
Чиний орхисон шаналан.
Хүн болгон үнэхээр ямар нэгэн үүрэгтэй, зориулалттай "ирдэг" бол яахав? Тэр нь юу ч байж болно. Зарим нэг нь хэн нэгний амийг аврахын төлөө ирж байхад зарим нь ганц мод суулгах ёстойгоос ирсэн байж болох. Эсвэл хэн нэгний хүүхдийг төрүүлэх үүрэгтэйгээр ч юмуу. Гэхдээ хэн нь ч тэрийгээ мэдэхгүй. Бас, тэрийгээ биелүүлээгүй л бол зуун жил өнгөрсөн ч үхэж өгөхгүй, хийх ёстой зүйлээ хийж байж л үхэх. Тэрнийгээ эрт хийчихсэн бол залуугаараа ч хамаагүй яваад өгнө. Гэхдээ гол нь, өөрийнхөө энд ирсэн үүргийг хэн ч мэдэхгүй. Тиймээс яг юуг хийх ёстойгоо ойлгохгүй. Магадгүй ойлгохоор ухаан суутлаа хөгширдөг байх. Тэгээд л хүн хөгширч үхдэг ч байж болох. Яах гэж ирснийг нь ойлгуулах ямар ч дохиог амьдрал өгдөггүй. "Утга учраа өөрөө ол" гэсэн зарчимтай. Тэгвэл хэрвээ ийм байдаг юм бол гээд бодвол, яагаад жижигхэн хүүхдүүд үхдэг вэ? Магадгүй тэд нэг тоглоом эвдэлж, эсвэл нэг мөчир хугалахын төлөө ирсэн байна гэж байх уу? Эсвэл, хэн нэгнийг сэтгэлийн шаналанд унагахын тулд ирдэг юм болов уу? Хэрвээ тийм бол, биднийг нааш нь ирүүлээд байгаа нөхөр их л өс санадаг "хүн" байж таарах нь. "Бурхан магадгүй цусанд дуртай ч юм билүү" гэж. Бүүр эсвэл, бүх юм аймар энгийн. Ийм ядаргаатай олон утга учир гэж юу ч байхгүй, зүгээр л, чи нэг өдөр санамсаргүйгээр, өөрөө ч мэдэлгүйгээр нэг шоргоолжийг гишгээд алчихдаг шиг юм болов уу? Тэрний хэр сайн, хэр ажилсаг шоргоолж байсан нь чамд ямар ч хамаагүй, бүр, чи тийм шоргоолж гишгэж байгаагаа ч мэдэхгүйгээр гишгээд алчихдаг шиг юм болов уу? Мэдэхгүй.
Дурсамжийг өөрчилж болдог болов уу,
Дуугүйхэн уйлах дүрээ
Дуутай инээмсэглэлээр солимоор.
Унтаж л байсан нь дээр. Яаж ч хар дарж зүүдэллээ гээд энэ "амьдрал"-аас илүү аймар зүйл зүүдлэхгүй нь ойлгомжтой.
Анхнаасаа л буруу амьдарчихаж. Тэгээд одоо яая гэхэв дээ. Эхнээс нь ахиад эхэлж болох биш. Энэ чигээрээ явсаар л дуусгахаас. Хэзээ нэгтээ ахиад төрдөг юм бол арай өөрөөр амьдрах байлгүй. Гэхдээ худлаа л даа, хэзээ нэгтээ ахиад төрвөл юун дээр алдсанаа ямар санах ч биш. Тэгээд ч ер нь ахин төрнө гэж байгаа ч уу. Зүгээр л буруу амьдарч явснаа хэзээ хойно ойлгосон тэнэг хүн. Гэхдээ бас тэрийгээ хэзээ хойно ч болтугай ойлгосон нь их юм даа. Эсвэл дэмий ч юмуу. Буруу амьдарснаа ойлгоогүй явж байгаад үхсэн бол магад амар ч байсан байж болох. Гэхдээ харамсалтай нь ойлгочихлоо. Ойлголоо гээд юуг ч өөрчилж чадахгүй нь новш. Гэхдээ бас, яг хаанаас эхэлж буруу явснаа мэдэхгүй байгаа юм. Тэгэхээрээ бүр ч новш. Ер нь л амьдрал угаас новш. Зөв явсан байсан ч магад новш л байх байсан байх. Ер нь "зөв" гэж юугаа ч хэлээд байгаа юм. Гэхдээ л ямар ч байсан би буруу явчихсанаа л мэдээд байна. Хохь нь!
Там гэж байдаггүй юм. Хэрвээ байдаг байсан бол гэж төсөөлбөл, хамгийн ойрын жишээ нь амьдрал юм.
Чамархайд тулгасан бууны гохон дээр
Чанга гэгч хуруугаараа дарахдаа
Чиний нэрийг хамгийн сүүлд шивнэснийг
Чи хэзээ ч олж мэдэхгүй,
Чухам тиймээс л шивнэнэм.
Ном уншаад суух ахиад жаахан цаг байсан ч болоосой. Даанч одоо дуусгаж, орондоо орохгүй бол өглөө ажлаасаа хоцорно. Ингэхэд яах гэж ажил хийдэг билээ? Ном худалдан авах мөнгөө олохын тулд. Тэгвэл яах гэж ном уншдаг билээ? "Энэ" амьдралаас түр ч болтугай хөндийрөхийн тулд. "Энэ" амьдралаас хөндийрөхийн тулд "энэ" амьдралд заавал хутгалдах. Утга нь хаанаа байнаа? Өө .., нээрээ "энэ" амьдралд чинь "утга" байдаггүй шүү дээ.
Надаас явахдаа аялсан
Эрх чөлөөний дуу чинь
Хөгжилтэй байж чадсан уу?
Чамаас хагацсандаа харууссан
Гунигийн эгшиг минь
Хөг алдуулчихаагүй байгаа л гэж.
Шувууд нисэлдээд л
Гэвч нэг ч жиргээ үгүй
Яг л хэлгүй мэт.

Үүлс нүүгээд л
Гэвч нэг ч дусал үгүй
Яг л хатсан мэт.

Чи хайрлаад л
Гэвч нэг ч мэдрэмж үгүй
Яг л үхсэн мэт.
Хаалга тогшив.
"Чамайг авахаар
Би ирлээ" гэв.
Ингэж хэлээд ирэх
Ямар нэг зүйлийг хүлээснээс
Хэн нэгнийг хүлээгээгүй,
Уучлаарай.
Цэг төдий ертөнц дээрх
Цэг төдий хүний
Цэг төдий хүсэл
Хэнд үнэтэй?
Хүслийг минь биелүүлэх гэж ирсэн шидтэн
Хөхөрсөөр байгаад үхчихэв.
Хэзээ ч, хэнээс ч ийм
Хямдхан хүсэл сонсож байгаагүй юм байх.
Маргаашд өөрийгөө байна гэх итгэлгүй надаас
Нөгөөдрийн тухай бүү асуугаач.


Залуу согтжээ. Тэр согтохоороо нэг л утасны дугаарыг санадаг зангаараа залгасан. Бүсгүй түүнийг хэдийд ч залгасан заавал утсаа авдаг зангаараа бас л авсан. Түүнтэй уулзахыг хүссэн. Бүсгүй түүнд хэзээ ч татгалзсан хариу өгч байгаагүй, энэ удаад ч бас. Тэд танилцаад 12 юмуу 13 жил өнгөрч. 5 жилд нь хамтдаа байцгаасан. Бүсгүй өөдгүй зан гарган түүнээс явсан ч тэд найзууд хэвээр үлдсэн. 
Залуу ихэнхдээ, амьдралд гутран, сэтгэл санаа нь хямрахаараа түүнтэй уулзахыг бүр илүүтэй хүсдэг. Учир нь, тэр л тайтгаруулж чадах юм шиг санагддаг байх. Энэ удаад ч бас л тийм. Тэрээр бүсгүйнд ирээд хэн бүхэнд хэлээд байж чаддаггүй ч, хэнд ч хэлэхгүй байж бас чаддаггүй зүйлсээ ярин хэсэг суулаа. Бүсгүй бол сайн сонсогч, бас сайн найз, бас ... түүний мартаж чадаагүй хүн. Өөрийг нь ямар хэрцгийгээр орхин явсныг тэр үргэлж санадаг ч бас үзэн ядаж чаддаггүй. 


Залуу ажилдаа амжилттай яваа нэгэн. Орой бүр цэнхэр дэлгэцээр өөртөө итгэлтэйгээр ярина. Гэвч энэ нь дүр эсгэлт. Энэ итгэлтэй дүрийн цаана ямар их зовиур, шаналгаа байгааг бүсгүй л мэддэг. Магадгүй тийм ч болоод түүнтэй сэтгэлээ нээн ярилцаж суухад санаа нь амардаг байж болох. Тэд уулзахаараа голдуу л хүүхэд насаа ярилцана. Ийм яриа түүнийг тайтгаруулахыг бүсгүй мэддэг болоод ярьдаг ч байж мэдэх. Залуу энэ удаад бүсгүйд дуу сонсгохыг хүслээ. Madness хамтлагийн "Минийх" гэх дуу. Энэ дууг хэдэн ч удаа тавьсан юм мэдэхгүй, ямартай ч бүсгүй чив чимээгүй сонсон суусаар. Дараагийн дуу "Хунгийн сүүлчийн дуу" киноны дуу. Бүсгүй бүр нэг ч үг дуугарсангүй. Залуу өндийн бүсгүйг бүжиглэхээр урилаа. Тэд бүжиглэв. Зүгээр ч нэг бүжиг биш, бүсгүйг өөрийнхөө хөл дээр зогсоож байгаад бүжиглэлээ. Бүсгүй инээмсэглэнэ. Гэвч хэсэг хугацааны дараа, бүсгүй инээмсэглэн байгаа мөртлөө нүднээс нь нулимс урсаж байгааг тэр мэдэв. Үнэндээ тэр өөрөө ч бас уйлж байсан. Залуу чимээгүйхэн нулимсыг нь арчиж өгөөд "Зүгээр л би чамд хайртай" гэж шивнэлээ. Бүсгүй гэнэт хөдөлгөөнгүй болов.

"Чи согтжээ, эхнэр хүүхэддээ оч доо" гэж хэлээд бүсгүй такси дуудахаар утсаа авлаа. "Би хэсэг баймаар байна" гэж залуу хэлсэн ч бүсгүй тоосонгүй. Залуу явлаа. Бүсгүй ердөө л түүнд харуулалгүй, ганцаар уйлахыг хүссэндээ түүнийг явуулсныг тэр мэдсэнгүй. Бүсгүй түүнийг алдсандаа харуусан уйлах гэсэнгүй, харин, тэр хүнийг өдий болтол өвтгөсөөр байгаадаа харуусан шөнөжин уйлав.

Миний амраг миний хань биш болохоор
Намайг хайрласангүй
Намайг ойлгосонгүй гэж би уйлахгүй ээ ..,

Надаас битгий асуу
Би түүнд хайртай
Эргээд уулзвал
Би түүндээ хайртай болохоор
Дурлал намайг дагуулж нисээд
Түүн дээр минь хүргэж өгөөд .., Бүсгүйн гэрт 2 дуу ээлжлэн дуугарсаар.
Залуу бүсгүйд дурласан. Тэр бүсгүй далавчтай байснаас ч болсон байж болох. Бүсгүй ч түүнийг хайрласан. Гэвч удалгүй, залууд хардах, харамлах сэтгэл төрсөн. Бүсгүй болгон далавчтай байхгүй. Тиймээс бүсгүй хэзээ л бол хэзээ өөр нэгэн рүү нисээд явчих юм шиг санагдсан. Тэгээд залуу түүний далавчийг унтаж байхад нь хайчилчихсан. Харамсалтай нь тэр, бүсгүйн сэтгэл далавчиндаа оршдогийг мэдээгүй. Бүсгүй далавчгүй болсон ч, алхаад түүнээс явчихсан.
Мийхихихи :Р


Өглөө нээрээ үнэн мидрэл зүүд зүүдэлсэн. Би хэсэг найзуудтайгаа хүүхдийн 100-гийн тэнд дэлгүүрт явж байхын. Good price л бололтой. Тэгээд дэлгүүрээс гарцгаасан чинь манай нэг найз хадаасаар бууддаг буу гаргаж ирээд. Тэр нь ядаж байхад тэнэг том том хадааснуудтай. Урт нь бараг 50 см шахуу, тэгээ тэнэг өргөн. Дэлгүүрийн үүдэнд зогсож байсан нэг машин руу шүршчихдийн. Нөгөөх нь ядаж байхад бөөн бөөнөөр нь шүршихийн. Машины хаалганд бөөн хадаас зоогдчихсон. Жолооч нь машиныхаа хажууд зогсож байснаа бид нарыг хараад орилоод. Бид нар зугтаад, Хангай зочид буудлын тэр хавьд очиж байсан чинь Хангай дотроос баахан хадаасаар шүршдэг буу барьсан хүмүүс гарч ирээд бид нарыг шүршээд эхэлдийн. Би эхний хэдэд нь оногдоод, газар унаад, унаж байхдаа тэр цаана нэг найзынхаа бас унаж байгааг харсан. Тэгээ нэмж шүршүүлсээр байгаад, газартай нэвт сүлбүүлээд, босож ч чадахаа байсан. Тэгсэн нөгөө хүмүүс чинь ирснээ намайг цасаар булаад эхэлдийн. Гараа хальт сарвайлгаал амьсгалах завсар гаргачих гээл үзээд байхын. Намайг битүү булчихаад нэмээд дээрээс нь тогоо шиг хэлбэртэй мөс хөмөрчихийн. Тэгснээ дээрээс ус асгаад, сүүлдээ нөгөө ус нь далай малай болж хувирав уу яав, аймар их ус нүдэнд харагдахаар нь нүдээ аньчихсан. Хэсэг байж байгаад, одоо ус урсаад өнгөрөө байлгүй дээ гээд нүдээ нээсэн чинь жинхэнээсээ нүдээ нээгээд сэрчдийн. Гялс буцаагаад аньсан, буцаад зүүдэндээ орчихсон. 1 хоног өнгөрсийн гэнээ. Нөгөө хүмүүс чинь намайг цаснаас ухаж авч байхын. Тэгээд надаас хадааснуудыг сугалаад л. Даараад, өвдөөд байгаа юм бол байхгүй. Харин тэр том хадааснуудыг сугалахад махан дотор яаж явж байгаа нь мэдрэгдээд байгаан. Эргэн тойрноо харсан чинь манай нөгөө хэд Хангай дотор ажил хийж байгаа нь цонхоор харагдаж байнаа. "Тэд нарыг 2 цаг болгоод сулласан. Эвдэлсэн машиныхаа төлбөрт ажил хийж байгаан. Чамайг харин мартаад 1 хонуулчиж" гэж наадын. Би тэгээл Хангайн үүдний хажууд зогчихоод биенээсээ хадааснуудаа сугалаад л байхын. Тэгсэн гуяны тэр хавьд нэг хадаас сугалсан чинь мангар том нүх үлдсэнээ, цус зүгээр л крантнаас ус гоожиж байгаам шиг урсаад байхын. Хажууд нэг цагаан халадтай эгч байна. Эмч л бололтой. Тэрнээс цусаа тогтоогоод өгөхийг гуйгаад, нөгөөх нь чадахгүй л байх шиг байгаан. Тэгээл баахан хадаас сугалчихаад зогсож байсан манай дүү ирснээ "Чам руу 500 хадаасаар буудсан гэнээ. Чи 200-г нь сугалчихаад байгаам байна" гэхээр нь, ийм олныг авчихаад байхад цаана нь ахиад 300 байгаамуу, оо залхуу залхуу ярьшиг гээд сэрчихсэн :P

Ахиад л нэг өглөө эхэллээ,
Амжиж өнөөдөр үхэх болов уу?
Аль эсвэл өчигдрийнх шиг л
Архиар өөрийгөө хуурах болов уу?

"Чи үхчихсэн" гэж
"Тэр" хэлсэн.
"Би амьд л байна шүү дээ" гэж
Би хариулсан.
"Чиний сэтгэл,
Чиний зүрх,
Чиний бодол үхчихсэн" гэж
"Тэр" хэлсэн.
"Гэсэн ч би амьд" гэхэд
"Сэтгэлгүй, зүрхгүй, бодолгүй биеийг
Хэн амьд гэх вэ" гэж
"Тэр" хэлсэн.
Ажлаа зүүдэлж байгаам. Манай оффис манай 220-н байранд байдаг болчихсон. Нэг шинэ судалгааны ажил эхлүүлэх гээд, баахан шинэ хүүхнүүд авчихсан. Тэд нар нь нэг л учраа олохгүй бужигналдаад л. Хар тамхи хэрэглэгчдээс судалгаа авахын гэнээ. "Тэд нар нь судалгаа өгөхийн болуу даа" гээл би бодож байна. Өмнөхөн нь шинээр ирсэн 2 хүүхэнтэй муудалцсанаа мэдээд байгаан. Тэгсэн нэг муудалцсан хүүхэн нь хажуугаар өнгөрөх болгондоо л амандаа "Энэ нэг юм муухай аашлах нь аргагүйм байналээ. Архичин юм гэсэн ш д" гээл үглээд байхын. "За одоо уудаг нь үнэн л юм чинь юугаа ч хэлэхэв" гэж бодохын би. Тэгсэн ах /манай захирал/ нэг хүүхнийг загнаад л, юу ч хийж чадахгүй ийм юмнууд байгаад яадийн ухааны юм хэлсэн чинь "Тэгүүл байхгүй болчий" гэснээ нөгөө хүүхэн чинь гал тогооны өрөөний цонхоор шууд үсэрчихдэг байшд. Би сандраал ах руу хараад л, толгойд наян юм орж ирээл. Шууд утгаараа биш ч энэ хүүхний үхэлд бид нар буруутан болж л таараа гэж бодоол. Тэгсэн нөгөө хүүхэн чинь үхээгүй юмуу хаашаам, тэр доор ёолоод л байхым. Тэгсэн ах очсоноо шууд цонхоо хааж нтр. "Эгэм нь хугарчихаад их л өвдөж байгаа байх даа" гэж хажууд байгаа нэг хүүхэн хэлэхийн. Нээрээ одоо бодоод байхад эгэм гэдэг чинь тээр дээр биз дээ. Хажуутлын хүүхэн тэгж хэлэнгээ бүслэхий хавиараа заагаад байсын байшд :Ь За тэрийг тэгээд цаашаа хэн ч тоогоогүй. Би тэгсэн гал тогооны өрөөгөөр явах болгондоо л халтирч унаад байхын. Зүүдэндээ би ер нь бодит амьдрал дээрхээсээ ч мэдрэмж муутай болчдог. Байнга л бүдэрч унаад байдын. Надаас бусад хүмүүс тэрүүгээр зүгээр л яваад байхын. Доошоо харсан чинь би нэг сонин трико өмсчихөж. "Энэнээс л болоод халтираад байх шиг байна даа" гэж бодоол, гал тогооны өрөөний шалыг арчихаар шийдээд. Халтирч унахаасаа болгоомжлоод шалан дээр суугаагаараа хогийг нь шүүрдээд :)) Тэгсэн гэнэт хажуутлын шүүгээний доороос нэг юм хөл рүү хатгаж байна. Шүүгээн доогуур тонгойгоод харсан чинь нэг жижигхэн цонх шиг юмаар цав цагаан толгойтой болчихсон хуучин ажлын ах цухуйж байхын. Тэр хүн тийшээ, нэг намаг шиг юм руу унаад удаж байгааг би мэдэж байгаан. "Тэндээ удаад үс нь цайчихаж дээ" гэж бодоод л. Тэгсэн нөгөө ах "Дээшээ гараад НҮБ-н хүмүүсийг дуудаадахаач. Хэдүүн буруу өрөө рүү нь орчихоод хүн алга гээд байсан байналээ" гэхийн. НҮБ-д л ажилдын болуу даа. Тэгээ хамгийн аймар нь, тэр хүнийг заавал тэр ажлынхан нь л аврах ёстоймуу хаашаам. Би тэгээл, за тэднийх чинь 5 давхарт байдаг гэж бодоол лифтэнд суухаар явж байгаам. Лифт нь жижигхээн дөрвөлжин, нэг хүн өвдгөө тэврээд суух л зайтай. Дээшээ товч дараад байхад доошоо явж маваад. Баахан эргүүтэж эргүүтэж нөгөө хүмүүсийг нь дуудаж өгсөн. Тэгээд гадаа гарсан чинь нөгөө хэдэн шинэ ажилчид маань төмөр зам дээр зам тавиад байцгааж байхын. Юун нөгөө хар тамхичинаас авах судалгаа. Би тэр хэдтэй хэсэг хамт сууж байснаа "Байнга ингэж гадаа ажиллана гэвэл ч хэцүү л юм байна даа" гэж боджийтал утас дуугараад, ах залгаад "Ажилдаа ирээчээ" гэссссс :P


Амьдрахад
Амьдрах хүсэл хэрэггүй,
Амьдрах шалтгаан ч хэрэггүй.
Зүгээр л
Золгүй царайлаад
Амьд байх ЁСТОЙ.
Ингэтлээ битгий цочирд
Би бол Чи.
Ижилсэхгүй ганц ялгаа нь
Би ирээдүйн Чи.

Итгэхэд хэцүү ч гэсэн
Би бол Чи.
Ийм болгосон хүн нь
Би биш Чи.

The Butterfly Effect дээр Ashton Kutcher ээжийнхээ гэдсэнд эргэж очоод хүйгээ базчихдаг шиг .., Болдогсон бол.
Би
Би биш баймаар.
Бүр эсвэл
Би
Бий баймааргүй.
Нисэх гэсэн
Нэг л мөрөөдөл
Амьдрал чинь байсан.
Чи далавчтай хэдий ч
Хэзээ ч нисэж чадаагүй.
Чамайг үүрд дэргэдээ
Хөтөлж алхах гэсэн
Далавчгүй нэгнийг
Хайрласнаас болж
Мөнхөд газарт үлдсэн.
Харуусангуй мушийн
Ганц л зүйл асууя,
Чи жаргалтай байна уу?

Хүн жаргалтай амьдрах гэсэн бараг ганц л хүсэлтэй. Харин, хэн нэгнийг жаргалтай амьдраасай гэсэн хүслээсээ болж "амьд яваа" хэдэн хүн бий бол? Чи хэн нэгний "жаргалтай байх нөхцөл" байхын тулд өөрөө ямар ч жаргалгүйгээр амьдарсаар явж чадах уу?

Хаха, битгий өөртөө худал хэл ..,  :))
Би зүгээр л
"Төрчихсөн"
Тиймээс
Үхэх хүртлээ
"Амьд байх"
ЁСТОЙ.
Дэмийрэл.

Амьдралын утга учир гэж юу вэ? Эцэг эхээ ачлах, сайн хүү эсвэл охин байх, үр удмаа үлдээх, ажил төрөлдөө сайн байх, их мөнгө олох, баян цатгалан амьдрах, хайрлаж дурлах, сайн ханьтай учрах, гэр бүлээ авч явах, өөрийн гэсэн орон гэртэй болох, сонирхлоо хөгжүүлэх, зугаацаж цэнгэх, мөрдөөдлөө биелүүлэх (энэ гэхдээ боломжгүй байх, хэрвээ мөрөөдөл биелдэг байсан бол "мөрөөдөл" гэж нэрлэхгүй байсан болов уу гэж бодох), хэний ч дор орохгүйн төлөө зүтгэх, эд хөрөнгө хураах, өстнөөсөө өсөө авах, хэн нэгний ачийг хариулах, эсвэл зүгээр л тайвнаар тамхиа уушиглан суух. Юу ч байж болно. Эхлэл рүү буцаад очъё. Амьдралын утга учир гэж юу вэ? Гол нь, яагаад хүний толгойд ийм асуулт орж ирэх болов? Магадгүй, амьдралынхаа утга учрыг ойлгоогүйдээ, мэдээгүйдээ ийн бодсон байж болох. Эсвэл, амьдралынх нь утга учир гэж бодож явсан зүйл нь үнэндээ юу ч биш байсныг ойлгосондоо ингэж бодсон байж ч болох. Хэн мэдэхэв. "Амьд байх" хугацаанд ямар нэгэн утга учир байдаггүй, хэрэггүй байдаг ч байж болох. Энэ тэнэг асуултын тухай бодолгүй, тайвнаар суугаад тамхиа уушиглах нь утгатай ч юм билүү. Хэн мэдэхэв ..,
Ирээдүй рүү ахих нэг алхам
Өнгөрсөн рүү ухрах нэг алхам
Би голд нь хөдөлгөөнгүй зогссоор л.
Яг эндээ л хөшчихмөөр байвч
Залхсан үхэл хадуураа чирэн айсуй ..,