Залуу согтжээ. Тэр согтохоороо нэг л утасны дугаарыг санадаг зангаараа залгасан. Бүсгүй түүнийг хэдийд ч залгасан заавал утсаа авдаг зангаараа бас л авсан. Түүнтэй уулзахыг хүссэн. Бүсгүй түүнд хэзээ ч татгалзсан хариу өгч байгаагүй, энэ удаад ч бас. Тэд танилцаад 12 юмуу 13 жил өнгөрч. 5 жилд нь хамтдаа байцгаасан. Бүсгүй өөдгүй зан гарган түүнээс явсан ч тэд найзууд хэвээр үлдсэн. 
Залуу ихэнхдээ, амьдралд гутран, сэтгэл санаа нь хямрахаараа түүнтэй уулзахыг бүр илүүтэй хүсдэг. Учир нь, тэр л тайтгаруулж чадах юм шиг санагддаг байх. Энэ удаад ч бас л тийм. Тэрээр бүсгүйнд ирээд хэн бүхэнд хэлээд байж чаддаггүй ч, хэнд ч хэлэхгүй байж бас чаддаггүй зүйлсээ ярин хэсэг суулаа. Бүсгүй бол сайн сонсогч, бас сайн найз, бас ... түүний мартаж чадаагүй хүн. Өөрийг нь ямар хэрцгийгээр орхин явсныг тэр үргэлж санадаг ч бас үзэн ядаж чаддаггүй. 


Залуу ажилдаа амжилттай яваа нэгэн. Орой бүр цэнхэр дэлгэцээр өөртөө итгэлтэйгээр ярина. Гэвч энэ нь дүр эсгэлт. Энэ итгэлтэй дүрийн цаана ямар их зовиур, шаналгаа байгааг бүсгүй л мэддэг. Магадгүй тийм ч болоод түүнтэй сэтгэлээ нээн ярилцаж суухад санаа нь амардаг байж болох. Тэд уулзахаараа голдуу л хүүхэд насаа ярилцана. Ийм яриа түүнийг тайтгаруулахыг бүсгүй мэддэг болоод ярьдаг ч байж мэдэх. Залуу энэ удаад бүсгүйд дуу сонсгохыг хүслээ. Madness хамтлагийн "Минийх" гэх дуу. Энэ дууг хэдэн ч удаа тавьсан юм мэдэхгүй, ямартай ч бүсгүй чив чимээгүй сонсон суусаар. Дараагийн дуу "Хунгийн сүүлчийн дуу" киноны дуу. Бүсгүй бүр нэг ч үг дуугарсангүй. Залуу өндийн бүсгүйг бүжиглэхээр урилаа. Тэд бүжиглэв. Зүгээр ч нэг бүжиг биш, бүсгүйг өөрийнхөө хөл дээр зогсоож байгаад бүжиглэлээ. Бүсгүй инээмсэглэнэ. Гэвч хэсэг хугацааны дараа, бүсгүй инээмсэглэн байгаа мөртлөө нүднээс нь нулимс урсаж байгааг тэр мэдэв. Үнэндээ тэр өөрөө ч бас уйлж байсан. Залуу чимээгүйхэн нулимсыг нь арчиж өгөөд "Зүгээр л би чамд хайртай" гэж шивнэлээ. Бүсгүй гэнэт хөдөлгөөнгүй болов.

"Чи согтжээ, эхнэр хүүхэддээ оч доо" гэж хэлээд бүсгүй такси дуудахаар утсаа авлаа. "Би хэсэг баймаар байна" гэж залуу хэлсэн ч бүсгүй тоосонгүй. Залуу явлаа. Бүсгүй ердөө л түүнд харуулалгүй, ганцаар уйлахыг хүссэндээ түүнийг явуулсныг тэр мэдсэнгүй. Бүсгүй түүнийг алдсандаа харуусан уйлах гэсэнгүй, харин, тэр хүнийг өдий болтол өвтгөсөөр байгаадаа харуусан шөнөжин уйлав.

Миний амраг миний хань биш болохоор
Намайг хайрласангүй
Намайг ойлгосонгүй гэж би уйлахгүй ээ ..,

Надаас битгий асуу
Би түүнд хайртай
Эргээд уулзвал
Би түүндээ хайртай болохоор
Дурлал намайг дагуулж нисээд
Түүн дээр минь хүргэж өгөөд .., Бүсгүйн гэрт 2 дуу ээлжлэн дуугарсаар.

0 comments: